Ж.Ганбат: Нүүрсээ хил үнэ рүү шилжүүлчихээр дарамтууд хамаагүй багасаж байгаа

0

 “Эрдэнэс Тавантолгой” компанийн БЭТ Ж.Ганбатаас дараах асуултад хариулт авлаа.

-Нүүрсний үнэ унаад ирэхээр АМНАТ компанийн ашигт ажиллагаанд нөлөөлөөд байна, үүнийг эргэж харах хэрэгтэй гэсэн санал нүүрсний компаниуд болон танайхаас гарч байсан. АМНАТ танайд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Бид нэг их наяд төгрөгийг эхний таван сард төллөө. Үүнээс 727 тэрбум төгрөг нь АМНАТ. Эндээс харахад айхтар дарамт болоод, энийг төлөхөөр компани дампуурах гээд байна гэдэг юм бол байхгүй. Нэг асуудал байгаа нь “ЭТТ” –н мөнгөн хөрөнгийн урсгал гэдэг юмаа тооцох ёстой. Энэ нь, 11 сая тонн нүүрс зарчихлаа гэхэд орлого нь хэзээ орж ирэх вэ гэдгээ долоо хоног бүр тооцно. Үүн дээр зарах зардлаа тооцоод явна. Хуримтлуулж тооцвол 727 тэрбум төгрөгийг бид төлөхгүй байж байж байгаад нэг өдөр төлбөл мэдээж хүндэрнэ. Тэгэхээр орж ирж байгаа мөнгөн хөрөнгийнхөө урсгалтай уялдуулаад бага багаар цувуулаад төлөөд явбал асуудалгүй. Мэдээж бизнес хийж байхад хувийн хэвшил бол хөрөнгө оруулалтаа хийнэ, цалин хөлсөө тавих зэргээр бүх татваруудаа гаргаж байгаад хамгийн сүүлд нь татвараа төлдөг. Компанийн өмнөх байдлыг үзэхээр цуглуулж байгаад 300 гаруй тэрбум төгрөгийг төлнө гэхээр төлж чадахгүй, мөнгөн хөрөнгө нь дутагдаад, эсвэл зээл аваад тэр мөнгөөрөө татвар төлөхөөр хүү нэмэгдээд зардал нь өсчхөж байгаа юм. Тэгэхгүй зардлаа орж ирэх урсгалтайгаа тооцоод байвал асуудалгүй. Түүнээс гадна өмнөхөөсөө нэг зүйл өөр явж байгаа нь бид хуучин үнээ хил үнэ рүү шилжүүлчихээр дарамтууд хамаагүй багасаж байгаа.

-Зах зээлийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ. Нүүрсний үнэ ханш тогтворжих, өсөх чиг хандлага харагдаж байна уу?

-Бодитоор бид 11.5 сая тонн нүүрс эхний таван сард экспортолж борлуулсан. Үнэ буурсан ч борлуулалтаа хангалттай явуулж байна. Бирж явахгүй байна, нүүрс гарахгүй байна гэж хүмүүс яриад байгаа ч “Эрдэнэс Тавантолгой” компани бодитоор ажлаа явуулж, үр дүн нь тодорхой харагдаж байгаа. Үнэ буурах хандлага энэ зургадугаар сараас тогтворжиж, ирэх сараас эргэн өсөх хүлээлт байна. Хятад улсын худалдан авах нүүрсний хэмжээ өндөр хэвээр байвал энэ онд бид одоогийн эрчээрээ 27 сая тонн нүүрс хангалттай гаргаж чадна. Нүүрсний экспорт бодитой буюу бид хэт өөдрөг байдлаар үүнд хандаагүй. Ялангуяа, дөрөв, тавдугаар сард бид нэлээд анализ хийж, зах зээлийг судалсан.

-Нүүрсээ сорчлон олборлох байдал “Эрдэнэс Тавантолгой”-д нэлээд гүн явчихсан. Үүнд хэрхэн анхаарч байгаа вэ?

 -“ЭТТ” компани өнгөрсөн 10 гаруй жил ажиллахдаа сайн нүүрсээ сорчлоод гаргаад ирсэн. Одоо эрчим хүчний, сул коксжсон нүүрсээ зарахаар бид орлогоо ч алдана, зарахад ч хэцүү. Ялангуяа, эрчим хүчний нүүрсийг зарах зах зээл хүндрэлтэй. Мэдээж худалдан авагч нь БНХАУ. Гэхдээ биднээс сайн чанарын нүүрс худалдан аваад сурчихсан. Гэхдээ бид Хятад дотроо шинэ зах зээл олоод зарна. Биржийн арилжаагаар оролдож үзсэн нь амжилттай болсон. Гэхдээ жилдээ 5-10 сая тонн эрчим хүчний нүүрсийг зарах шаардлага байгаа учраас бид түлхүү анхаарч байна. Тиймээс Цанхийн болон Бортээгийн уурхайн нүүрс баяжуулах үйлдвэр “ЭТТ”-д үнэхээр стратегийн хувьд ач холбогдолтой юм. Энэ хоёр үйлдвэр ашиглалтад орсноор бид нүүрсээ сорчлохгүй, нүүрсний чанарын хувьд холиод баяжуулаад гаргах бүрэн боломжтой.

 -Манайхаас авч байгаа Хятадын нүүрсний хэмжээ багассан уу, Австралийн нөлөө байна уу?

-Долдугаар сард үнэ тогтворжоод ирвэл борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж харж байгаа. Мөн манайхаас авч байгаа нүүрсний хэмжээг Хятад улс багасгаагүй. Австралиас нүүрсээ түлхүү аваад манайхаас авах хэмжээгээ багасгасан гэсэн зүйл байхгүй. Хамгийн сүүлд тавдугаар сарын 26-нд болсон Сингапурын уулзалтаар яригдсан мэдээллүүд нэлээд ач холбогдолтой байгаа. Үнэ буураад тонн нь 140 орчим доллар байгаа. Гэхдээ энэ нь цар тахлын өмнөх түвшнөөс өндөр байгаа юм. Энэ бол том давуу тал. Яг “ЭТТ”-н борлуулж байгаа нүүрсийг үнэ ямар түвшинд очиход бид хасах руу орж, борлуулалтаа хэзээ зогсоох вэ гэж тооцоолж үзсэн. Тэгэхэд 69 орчим ам.доллар болоход “ЭТТ” хасах руу орох юм билээ. Тэгэхээр одоо бол ямар ч асуудалгүй. Ингээд бирж тогтворжоод ирэхээр бид тээвэр дээрээ л анхаарах юм билээ. Тээврийн хувьд бодит үнийг хэлэхэд, манайх нүүрсний зах зээлийн эцсийн бүх зүйлийн зангилаа нь ерөөсөө л төмөр зам.

-Экспортоо нэмэгдүүлэх, үнээ өсгөе гэвэл төмөр зам гэж та хэлээд байна уу?

 -Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн төмөр замууд холбогдож байж бид нүүрсээ илүү цаашаа үнэ хүргэж зарах юм билээ. Тэгэхгүй машинаар тээвэрлэхээр өдөрт 800, 1000 гаруй машин, бүр илүү л гаргаад байвал ашигтай байгаа юм. Гэтэл машинаар нэвтрэх боломж тоотой. Гаальтай яриад бид цагаа мөн уртасгаж байгаа. Аваад аваад хязгаартай. Төмөр зам бол арай өөр. Үүнээс гадна Баяннуур аймагтай бид үзээд байх уу, эсвэл бүр цаашаа үнэ хүргэж зарах уу гэдэг асуудал байгаа юм. Нэг сонин зүйл хэлэхэд Онцгой дэглэм сунгах эсэх нь яригдаж байх яг тэр үед биржийн нүүрсийг Баяннуурт, Ганцмодны боомтод буулгахгүй буцаагаад байсан. Талбай байхгүй гэхээр нь хүн явуулаад үзүүлэхээр талбай байгаад байсан. Тэгээд Онц дэглэм сунгах УИХ-ын шийдвэр гарангуут тэр өдрөө нүүрс аваад эхэлсэн. Одоо бол биржийн нүүрс гарахад тогтвортой, гацаагүй байна.

-Хятадын тээврийн компаниудыг дэмжлээ гэсэн гомдол, шүүмжлэл гараад байсан. Тийм зүйл байгаа юу?

-Бид Хятад компаниудыг дэмжсэн зүйл байхгүй. Монгол компаниудтай ойлголцоод яваад байгаа. Тээвэр бол асуудалгүй. Масс бол машинаар явж байгаа. Төмөр замаар маш бага хэмжээтэй гарч байгаа. Төмөр зам дээр ямар асуудал байна гэхээр Гашуунсухайтын төмөр замаас цааш машинаар гаргаж байгаа. Тэгэхээр тэнд зүтгүүрийн асуудал яригдаж байгаа. Хоёрт, Тавантолгойн төмөр зам, Хангиар жишээ нь төмөр замаар тээвэрлэхэд тарифын асуудал бас байна. Зүтгүүр дээр асуудал үүсэхээр тариф дээрээ уян хатан байж чадахгүй байх шиг байна. Энэ онд 182 сая тонн нүүрсийг бид төмөр замаар тээвэрлэсэн. Энэ онд Гашуунсухайтаар 2.5 сая тонныг гаргахаар төсөөлж байгаа. Гол асуудал нь вагон байгаад байдаг, зүтгүүр нь хангалттай биш. “Тавантолгой төмөр зам”-тай өрсөлдөөн үүсгэхгүй бол тарифын асуудал мөн үүсэж мэдэхээр байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *