ДАРХАН-ШАРЫН ГОЛ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХУЧИЛТЫН АЖИЛ БҮРЭН ДУУСЛАА
Энэ оны улсын төсвийн хүрээнд Дархан-Уул аймагт хийгдэж буй авто замын бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж буй. Түүнчлэн Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай 8.6 км авто замын цементээр бэхжүүлсэн суурь, бетон хучилтын ажил бүрэн дуусжээ. Ингэснээр нийт ажлын гүйцэтгэл 85% -д хүрч, Дархан-Уул аймгийн бүх томоохон сум, суурингууд хатуу хучилттай замаар холбогдлоо. Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 2 ба 3-р багцад асфальт болон цементээр бэхжүүлсэн буталмал чулуун суурийн ажил явагдаж байна.
Энэ талаар ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар “Энэ эрчээрээ цаг агаарын саатал бага байвал намрын дунд сар орчимд хучилтын ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Халуун наранд хүнд ажлыг нугалж байгаа замчид , тээвэрчид, энэ ажилд оролцож байгаа бүх хүмүүст талархал илэрхийлж амжилт хүсье.” гэж цахим хуудаснаа бичжээ.