Ногоон гадаад бодлого дээр нэмэх нь феминист гадаад бодлого
“Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт” түүх болж бичигдэнэ
Стандарт бус зүйл дэлхийгээр дүүрэн боллоо. Хэдхэн жилийн өмнө “Ногоон” тийм юм гэсэн нэр томъёо гаргаж ирэхэд дасаагүй чихэнд сондгой бууж байв. Одоо бол ногоонгүй юм байхгүй болсон. Хашилтад хийгээд ч хэрэггүй, шууд ойлгогдоно. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр жил дараалаад Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт буюу “COP”-д (Глазго, Шарм Эль-Шейх) оролцсон нь аялал зугаалга биш шүү дээ. Дэлхий нийтийн өмнө тулгарсан нийтлэг ноцтой асуудал шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн, энэ төрлийн уулзалтад өндөр ач холбогдол өгч байгаагаа л нотолсон хэрэг. Тэр утгаар гадаад бодлогын энэ хоёр сэтгүүлийн хавтасны өнгийг ногооноор сонгосон нь санаангүй юм огтоос биш.
Гадаад харилцааны шинэ сэргэлт гэсэн нь ч өмнөхөө үгүйсгэсэн, өөрсдийгөө мандуулсан үг хэллэг огтоос биш. Залгамж чанараа хадгалдаг гадаад бодлого маань явж байна, ном журмаараа, Монгол Төрд гадаад бодлогын туйлшрал савлагаа байхгүй, гэвч…
Гэвч дэлхий ертөнц өөрөө өөрчлөгдөж байна, нэн их хөдөлгөөнд байна, гадаад орчны шинэ шинэ сорилт эрсдлүүд, бас шинэ шинэ боломжууд өдий төдий байна, бий болж байна, тэр бүхэнд бэлэн байх хэрэгтэй, болдогсон бол хэрэгтэйг нь дор дор нь шүүрээд авдаг цаг. Монгол Улсынхаа хөгжил дэвшил, тэр дундаа олон улсын нэр хүндэд ашиглах хэрэгтэй, тийм боломж ба монголчууд бидний овсгоо самбааг нэгэн зэрэг хослуулбаас хожно. Үүнийгээ л гарчигт өгүүлсэн хоёр “этгээд үг”-ээр илэрхийллээ.
Монгол Төрийн гадаад бодлогын шинэлэг хандлага гэх үү, бас л шинэ үзэгдэл. Эмэгтэйчүүд гэдэг рүү сүүлийн жил хагас ихээхэн ач холбогдол өглөө. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттеришийн Монголд оноосон “Энх тайвны бэлгэ тэмдэг Монгол Улс” гэдэг бол цаанаа гүн утга агуулгатай, тэр хэрээрээ үнэ цэнэтэй, онцлогтой, тэр онцлогууд дотор хүйс заасан энэхүү гадаад бодлого давхар хэлэгдсэн хэмээн үзэж болно.
2006 онд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд анхны эмэгтэй энхийг сахиулагчийг манай улс илгээж байснаас хойш эдүгээ цэрэг хандивлагч дэлхийн 120 гаруй улсаас эмэгтэй энхийг сахиулагчийн тоогоороо манай улс тэргүүлэгч эхний 20 улсын нэг болсон. Монгол Улсын санаачилгаар, Ерөнхийлөгчийн ивээл ба НҮБ-ын мандат дор “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” сэдэвт олон улсын бага хурлыг 2022 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан, цаашид НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцдог эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын бага хурлыг 5 жил тутамд эх орондоо зохион байгуулах санаачилга НҮБ-ын индрээс дэвшүүлсэн, энэхүү санаачилга НҮБ болон НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч улс орнуудын талархлыг хүлээж байгаа гэдэг утгаар би энд бичиж байна. Монголын Төр “Эмэгтэйчүүд” гэдэг рүү сүүлийн жил хагас ач холбогдол өгч байгаагийн сонгодог ганц жишээг дурдлаа.
Яг энэ өнцгөөс тун удахгүй, хэдхэн хоногийн дараа эх орны маань нийслэлд чуулах нэгэн том арга хэмжээг тайлбарлая. Дэлхий ертөнц нэн амаргүй цаг үед яваа энэ өдрүүдэд улс орнууд “Феминист гадаад бодлого” хэрэгжүүлж байна. Яагаад гэнэт ийм этгээд гадаад нэр томъёог гадаад бодлоготойгоо холбочихов?
Их томоор ярья. “Зөөлөн хүч” гэж түгээмэлжсэн гадаад бодлого хэрэгжиж байна. Түүнийг чинь эмэгтэй хүний, эх хүний торгон мэдрэмж илүү оновчтой хэрэгжүүлж чадах юм. Өрнөд ертөнцөд бүсгүйчүүл олуулаа Төр, засгийн удирдлагад, олон улсын байгууллагад дэвшин ажиллаж байгаа чинь үүний илэрхийлэл юм.
Цаашлаад олон шалтаг шалтгаан жагсана даа. Жишээ нь,
- Дэлхийн хүн амын тал хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн феминист болон феминист чиг баримжаа бүхий гадаад бодлого хэрэгжүүлдэг улс орнуудын тоо нэмэгдэж буй. Энэ эргүүлгээс манай улс хаашаа ч зайлж үл чадна;
- НҮБ бүр зориуд хөхиүлэн дэмжиж байна. Жишээ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” 1325 тоот тогтоол, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газраас гаргасан “Үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчийн тоог 2027 он хүртэл 15 хувьд хүргэх тухай” зөвлөмжийг дурдахад л хангалттай.
- Энхийн үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоог хангаснаар энх тайвны гэрээ хэлэлцээр, олон талт баримт бичгүүд илүү урт настай, хэрэгжих магадлал илүү өндөртэй байна;
- Эмэгтэйчүүдийн статус нь улс орны хөгжил цэцэглэлт, аюулгүй байдалтай нягт холбоотой болж ирж байна;
- Ажлын байранд жендерийн тэгш бус байдлыг арилгаж чадваас дэлхийн эдийн засагт том хувиралт гарна,дэлхийн ДНБ-ийг 28 их наяд ам.доллараар нэмэгдүүлнэ гэсэн тооцоо буй;
- Хөдөө аж ахуйд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангаж, хүртэх боломжийг нь тэгшитгэвэл дэлхий дээр 150 орчим сая хүн өлсгөлөнгөөс аврагдана;
- Улс оруудын эрх барих парламентад илүү олон эмэгтэй байх тусам хүний эрхийн зөрчил, хямрал мөргөлдөөнийг багасгах магадлал өндөр;
- Аюулгүй байдлаа бэхжүүлэхийг зорьж буй улс үндэстнүүд гадаадын тусламжийг илүү үр дүнтэй ашиглахыг хүсвэл эмэгтэйчүүдийн оролцоо нэн их гэх мэт.
Эмэгтэйчүүдийн оролцоо бүхий, тэгэх тусмаа эмэгтэйчүүд шийдвэр гаргадаг феминист гадаад бодлогын тухайд дээрхи жагсаалт нэгийг хэлээд өгнө.
Хэзээ хэрхэн үүсээд өнөөдөр Улаанбаатарт албажиж олон улсын чухал институц болох дээрээ тулав? Феминист гадаад бодлогын үзэл баримтлал Швед улсад анх үүсчээ. Тус улсын Гадаад хэргийн сайд хатагтай Марго Валлстром дэлхийн анхны феминист гадаад бодлогыг 2014 онд албан ёсоор танилцуулсан. Феминист гадаад бодлогын талаархи бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн нэгдсэн тодорхойлолт одоогоор байхгүй. Гэвч дараахи байдлаар тодорхойлж болох юм. Гадаадын судлаачдаас эшлэе.
“Зөөлөн хүчний бодлого буюу эдийн засаг, цэрэг армийн хүч бус, шинжлэх ухаан, спорт, урлаг гэх мэт олны анхаарал татсан, олныг хамарч хэрэгждэг бодлогын нэг нь энэхүү феминист гадаад бодлого болно. XX зууны сүүл үеэс идэвхтэй хөгжиж буй энэ онол жендерийн тэгш байдлыг хангах, дипломат харилцаагаар дамжуулан эмэгтэйчүүдийн эрх, бүхэлдээ хүний эрхийг дэмжих үзэл баримтлалд тулгуурладаг юм” хэмээн энэхүү номд өгүүлжээ.
Нийгмийн хүрээлэлд оролцоогүй, эрхээ эдэлж чадахгүй байгаа, тэгш эрх нь хангагдаагүй тийм хүмүүс, олон нийт, нийгмийн сайн сайхан руу чиглэсэн олон улсын харилцааны нэгэн бодлого бол Феминист гадаад бодлого юм. Зөвхөн эмэгтэй хүйсэд чиглэсэн бус, бүх хүний эрх тэгш байдлыг хангах нэг ёсны онол юм. Феминист гадаад бодлого явуулснаар улс орнуудын эрх баригчид хөгжиж буй улсын байр сууринаас бодлогоо дахин харж хэрэгжүүлэх, илүү аюулгүй, илүү эрүүл, энх тайван ертөнцийг бий болгоход туслах болно. Гадаад бодлогыг “феминист” болгоход тухайн Засгийн газар гадаад бодлогоо тэр чигт нь өөрчлөх бус, харинбаримталж ирсэн бодлогодоо эмэгтэйчүүд болон жендерийн тэгш эрхийг ханган ажиллахаа онолын болон бодит байдал, туршлагад үндэслэн явуулахад хүрэх болно хэмээн “Thompson, L., Ahmed, S., & Khokhar, T. Defining Feminist Foreign Policy. International Center for Research on Woman. ICRW. 2021” гэх хамтын бүтээлд өгүүлжээ.
Монгол Улс яаж яваад “Феминист гадаад бодлого” хэрэгжүүлэгч, дэмжигч болчихов гэдэгт хэдэн тайлбар хэлье. Гадаад харилцааны сайд маань бүсгүй хүн байгаа, нэн идэвхтэй ажиллаж байгаа гэдгээс цааш монголчуудад ерөнхий төсөөлөл суугаагүй. Тэгвэл Монгол Улсын гадаад харилцаанд томхон хувь нэмэр, бодит алхам болох, хамгийн чухал нь, бүр онцлох нь дэлхий дахины Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг Монголын Төр санаачилсан, түүнийг нь Ерөнхийлөгч бүр ивээлдээ авч тун удахгүй хэрэгжүүлэх гэж байгаад юм. Даян дэлхийн улс орнуудын Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын клуб НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган, Мюнхений бага хурлын үед албан бусаар хуралдаж ирсэн байдаг бол түүнийг нь албажуулж албан ёсны форум–институц болгож тогтмолжуулсан анхдугаар чуулга уулзалтаа хийх гэж байна.
Энэхүү чуулга уулзалт бол манай гуравдагч хөршийн бодлогын томхон биелэл, үр дүн болно. Учир нь Европын Холбоо, улмаар Өрнөдийн өндөр хөгжилтэй улс гүрнүүдэд эрх барьж буй эмэгтэй сайд нар шууд дэмжинэ. Европын бодлогыг тодорхойлж байгаа ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд хатагтай Анналена Шарлотта Бербокийг дэлхий дахинаараа андахгүй болсон, тэр бүсгүй морилон ирнэ. “Феминист гадаад бодлого” Европт хүчтэй нэвтэрсэн, нэг санаачлагч нь Франц байна. Тус улсын Засгийн газарт ГХЯ нь “Европын ба Гадаад хэргийн яам” гэсэн нэртэй, 2022 оны 5 дугаар сараас хатагтай Катрин Колонна энэ албыг толгойлж байна. Тэрээр бас морилон ирнэ. Европын Холбооны хоёр том локомотив гүрний Гадаад хэргийнсайд нар энэхүү уулзалтад өндөр ач холбогдол өгөөд Улаанбаатар руу зүглэж байгаа чинь өөрөө манай гадаад бодлогын нэг ёсны ялалт юм.
Уулзалтын хүрээнд дэлхий дахинаа тулгамдсан олон асуудал хэлэлцэж таарна. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд эмэгтэйчүүдийн оролцоо, уур амьсгалын өөрчлөлт болон хүнсний аюулгүй байдал сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө.Төгсгөлийн баримт бичиг батлан гаргана. Одоогоор 20 орчим улс, мөн НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч хатагтай Рабаб Фатима, Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч хатагтаай Одил Рено-Бассо, Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал хатагтай Памела Кок-Хамилтон уулзалтад оролцохоо нотлоод байна. Мөн Индонез улсын Гадаад хэргийн сайд хатагтай Ретно Л.П.Марсуди уулзалтад оролцохын зэрэгцээ анхны айлчлалаа хийх гэж байна.
Дүгнэж үзвээс, энэхүү уулзалтад Гадаад хэргийн эмэгтэй сайд нар, НҮБ болон олон улсын бусад байгууллагын өндөр албан тушаалтай бүсгүчүүл, түүнчлэн феминист болон феминист чиг баримжаатай гадаад бодлого баримталдаг улс, бүс нутгийн зарим орны Гадаад хэргийн сайд нар оролцох нь Монгол Төрийн гадаад бодлогын нэг том түүхэн гавьяа болж үлдэнэ. “Феминист гадаад бодлого” ийнхүү Монголд, Азид анх удаагаа албажих гэж байна. Манай улс “Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт”-ын даргалагч улс боллоо. Дараагийн уулзалтаар халаагаа өгөх хүртэл!