“Сүм хийдэд хүчирхийлэлд өртсөн гэх гомдол өмнө нь ирж байгаагүй”
Гандантэгчэнлин хийдэд шавилан суудаг ламхай хүчирхийлэлд өртсөн талаарх асуудалтай холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комисс тус хийдэд хяналт шалгалт хийхээр болсон. Тэгвэл энэ талаар ХЭҮК-ийн судалгаа шинжилгээ хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Ёндонжамцаас тодрууллаа.
-Ламхай нар хүчирхийлэлд өртсөн гэх хэрэгтэй холбоотойгоор танай байгууллагаас гурав дахь удаагийн шалгалтыг хийнэ гэсэн. Тус шалгалтаа хийсэн үү?
– Болж буй үйл явдалтай холбоотойгоор манай байгууллагаас удирдамж батлан, энэ долоо хоногтоо тухайн асуудал болсон газар буюу Гандантэгчэнлин хийдэд хяналт шалгалтын үйл ажиллагаа хийгдэнэ. Сүм хийдэд хүчирхийлэлд өртсөн талаарх гомдол, мэдээлэл ирж байгаагүй.
-Гандантэгчэнлин хийд болон бусад сүмд энэ төрлийн хүчирхийлэл үйлдэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Энэ тал дээр хяналт шалгалт хийгдэж байсан уу?
-Хийгддэг. Тухайлбал, 2022 онд ХЭҮК-оос Гандантэгчэнлин хийдэд хяналт шалгалт хийж байсан. Энэ хүрээнд бид бүхэн тухайн хийдийн захиргаанд ХЭҮК-ийн зөвлөмжийг хүргүүлсэн. Мөн 112 дугаар сургууль болон МСҮТ-ийн дотуур байранд хяналт шалгалт хийсэн. Энэ жилийн тухайд “Бэтүб” хийдэд шавилан сууж байгаа хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн байгаа.
-Ламхай нар хүчирхийлэлд өртсөний дараа биш өртөхөөс өмнө, тэдний эрх зөрчигдөхөөс өмнө эрхийг нь хангах тал дээр бодлого баримталж ажиллах боломж байгаагүй юу?
-Хяналт шалгалтын ажлыг төлөвлөгөөний дагуу болон төлөвлөгөөт бусаар явуулдаг. Дээр хэлсэнчлэн Бэтүб хийдэд хяналт шалгалт хийхээр төлөвлөж, удирдамж батлагдсан байсан. Өмнө долоо хоногт хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байсан тул энэ долоо хоногт хийгдэнэ.
-Энэхүү хүчирхийллийн асуудал тогтсон шийдэлд хүрч чадахгүй намжуулахгүй байхын тулд танай байгууллагаас ямар чиглэл баримталж ажиллаж байна вэ?
– ХЭҮК-оос хүүхдийн эрхийн асуудалд байнгын анхаарч ажилладаг. Тухайлбал, ХЭҮК-оос 22 дахь удаагийн илтгэлийг УИХ-д танилцуулсан үүнээс 12 дахь удаагийн илтгэлд хүүхдийн эрхийн асуудлыг тусгайлан оруулсан. Хүүхдийн эрхийг зөрчсөн асуудлыг гомдол мэдээллийн дагуу шалгадаг.