С.Энхцэцэг: Хэрэглээний сонирхлоор англи хэлийг хуульчлах нь бэртэгчин сэтгэхүй

0

Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуульд “…Үндсэн гадаад хэл нь англи хэл байна” хэмээн хуульчлахыг иргэд хийгээд нэр бүхий улстөрчид дэмжсэн. Ингэж хуульчилснаар ирээдүйн иргэдээ бэлтгэнэ хэмээж буй. Нөгөө талаас үүнийг төрийн “хар хайрцагны бодлого”-д халтай хэмээх хэсэг ч байсан. ҮАБЗ-өөс энэ заалтыг эсэргүүцжээ.

Хэлний асуудлаар болон геополитикийн шинэ нөхцөл байдлын талаар МУИС-ийн ОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхмийн эрхлэгч, дэд профессор С.Энхцэцэгтэй ярилцлаа.

Англи хэл бол хэрэгсэл, богино хугацааны бодлого

-Олон улсын харилцааны үүднээс харвал аливаа улс үндэстэн эх хэлээ хэрхэн чухалчилдаг вэ?

-Хэнтингтоны онолоор аливаа улсын гол цөм нь оршин тогтнохын төлөөх тэмцэл шүү дээ. Харин тэр оршин тогтнох баталгаа нь орон зай, хэл соёл, шашнаар хүчирхэгжиж байдаг. Энэ асуудал ерөөс 21-р зууны гол сэдэв болоод байна.

Монгол хэлийг 13-р зуунд дэлхийн хэл байсан гэхэд хилсдэхгүй. Тэр үеийн гол сурвалж бичгүүдийг бид өнөө хэр гүйцэд тайлж чадаагүй л байна. Энэ түүх л бидний өнөөдрийн оршин тогтнолыг баталгаажуулж байгаа.

Нөгөө талаар хэлний гарал үүслийг хөөж түүхийг судалдаг. Үгийн гарал үүслээр тухайн үндэстний соёлыг мөшгөдөг. Тэр ч утгаар монгол хэлээ улам бүр хамгаалах нь бидний иргэншил оршин тогтнох амин чухал баталгаа болж байна. Иймд төрийн “хар хайрцагны бодлого”-ын хамгийн чухал зүйл бол монгол хэл соёл, түүгээр илэрхийлэгдсэн түүхийн баримт материалыг хадгалах, хамгаалах, судлах юм.

Олон улсын харилцааны онолоор хэл нь аль хэлний аймагт багтаж буйгаас хамаарч, нэгдмэл үнэт зүйл үүсэж байдаг. Хэлний аймаг ойролцоо байх тусмаа улс орнуудын бие биеэ бодлогоор дэмжих, хөшүүрэгдэх бололцоо бүрддэг.

-Хуульд алив гадаад хэлийг заасан нэр томъёо оруулахгүй байх нь “хар хайрцагны бодлого” мөн үү?

-Дэлхий даяар нийт 15 сая монгол хүн бий. Тэдний ойлголцох гол хэл бол мэдээж монгол. Гал голомт нь болж буйн хувьд бид энэ хэлээ хадгалах, орчин цагийн сэтгэлгээний үнэт зүйлээр баяжуулж, хөгжүүлэх үндсэн үүрэгтэй.

Тийм учраас гадаад бодлогын язгуур эрх ашигт хэл, соёл багтаж явдаг. Угтаа язгуур эрх ашгийг хамгаалахын тулд л өнөөдрийн парламент, төрийн бүх институцүүд бий болсон гэдгийг бодууштай. Тиймээс хэлний бодлого баримтлах, хэлний бодлогыг практикт хэрэгжүүлэх бүгд нь “хар хайрцагны бодлого”-д бүрэн багтана.

Бид ямар ч  үед тэнцвэр хадгалах ёстой.

Швейцарь, Сингапур, Израиль зэрэг цөөн хүн амтай, хүчтэй орнуудын нөлөөлөл бүхий улс тэсэж үлдэхийн тулд иргэнээ хөгжүүлсэн. Үүний тулд 2-3 хэл иргэддээ сургадаг. Гэхдээ үндэстний этник группдээ суурилдаг онцлогтой. Швейцарьт гэхэд дөрвөн өөр үндэстэн амьдардаг. Тэр утгаар дөрвөн хэл ашигладаг.

Энэ үүднээс нь харвал Монголд бол монгол ба казах үндэстэн амьдарч байна.  Харин дэлхийд өрсөлдөх чадварыг англи хэл баталгаажуулна. Тэгэхээр энэ нь хоёрдогч буюу үүсмэл шаардлага. Англи хэл ба компьютерын мэдлэг нь бидний оршин тогтнох чадварыг сайжруулах хэрэгсэл буюу tool. Иймд бага боловсролоос эхлэн системтэй сайн заах нь богино хугацааны бодлогын асуудал.

Харин ахуйн хүрээнд хүүхдээ ажил амьдралтай байлгах түвшинд харж, сэтгэж болохгүй. Ялангуяа УИХ-ын гишүүд, ирээдүйн Монгол Улсын хувь заяаг шийдэх хүмүүс ухаалаг хандах ёстой. Урт хугацааны бодлогод хүрэх богино хугацааны бодлого шүү дээ, энэ бол. Үүндээ оновчтой хандах учиртай.

Өмнөх үеийн “Орос хэлтэй л бол боловсролтой” гэдэг хандлага өнгөө сольчихлоо

-Гадаад хэлийг хуульд заах нь ямар үр дагавартай вэ?

-Бид уг нь монгол бичигтээ шилжих гээд байгаа. Монгол бичгээ сэргээж, хэрэглээнд оруулахгүй бол устах магадлал өндөр. Урт хугацааны геополитикийн бодлого талаасаа харвал монгол бичгээ сэргээх явдал л даа. Энэ хэрээр бид тэсэж үлдэх боломжтой. Уламжлал, шинэчлэл хоёр тавь, тавин хувь явах ёстой. Англи хэлийг хэт хөөргөдвөл нуухаа авах гээд нүдээ сохолно. Эргээд эрэл сурал болоод язгуур эрх ашгаа, үнэт зүйлээ олж авч чадахгүй. Ийм учраас аливаа үндэстэн ер хэлэндээ их болгоомжтой ханддаг. Бичгийн хэлээ алдчихаад бэдэрч яваа улсын хувьд бид энэ асуудалд өндөр анхаарал хандуулах ёстой.

-Олон нийт англи хэлийг хуульчлахыг ихээхэн дэмжсэн?

-Сошиалд таалагдах гэж бодлого тодорхойлж болохгүй. Төрийн бодлого массаа дагах биш чиглүүлэх ёстой. Хэлний ард сэтгэлгээ явж байдаг. Хүн хэлгүй бол сэтгэхгүй. Хэлээрээ дамжуулж олж авсан үндэстний сэтгэлгээтэй монгол хүн өөртөө тохирсон материаллаг баялгийг үйлдвэрлэнэ. Бусдын бодлогын нөлөөнд автдаггүй, өөрөө өөртөө эзэн суусан шинэ цагийн монгол хүн бэлдэхийн үндэс англи биш монгол хэл л дээ.

Харин англи хэлийг өрсөлдөх өөр хэлний сонголтгүйгээр их багаасаа сурвал учир дутагдалтай. Сэтгэлгээний хувьд. Зүй нь, гадаад хэлийг тэнцвэртэй сурах ёстой юм. Нэгэнтээ л хэрэгсэл учир, бидний хувьд англи хэлээс гадна хятад, орос хэл ижил түвшинд тавигдах ёстой. Дэлхийг ийм гурван цонхоор тэнцвэртэй харна, монгол хүн юуг яаж хийхээ мэднэ. Үүнийг би жинхэнэ тусгаар тогтнолын баталгаа гэж хардаг. Дан англи хэлтэй хүн өнөөдөр Орос, Украины асуудалд л гэхэд хэтэрхий нэг талын мэдээллийг хүлээн авч байгаа.

Нэгээс дээш гадаад хэлний хэрэглээтэй болбол эсрэгээрээ үндсэн хэлний дархлаа нэмэгдэж, хөгжиж байдаг. Монгол хэл ч улам хөгжинө, тэр хэрээр эх хэлээ дагаж ирсэн соёл, сэтгэлгээний боломжийг илүү сайн ашиглаж чадна. Өөрөөр хэлбэл монгол хэл бол бидний хувьд дарагдмал байгаа нөөц.

Бид өнөөг хүртэл гуравдагч хөршийг чухалчилсаар өөрийн орны язгуур эрх ашгаа эрсдэлд оруулах хэмжээнд хүрчихжээ. Сүүлийн 30 жил барууны орнуудад очиж сурах боломж нээлттэй болсноор зах зээлийн эрэлт нь нэмэгдсэн. Англи хэлтэй л бол аль ч улсад сурах боломж бий болчихсон. Тиймээс энэ эрэлтийг ашигласан популист бодлого л сонгуулийн өмнөх жил явчих шиг боллоо.

Олон улсын нөхцөл байдал ийм тодорхойгүй байхад өөрийн үндэстний асуудалд ингэж хандаж буй сэхээтний бүлэг их хариуцлагагүй байна. Ер нь сэхээтэнгүй болсон л доо. Үгүй, ядаж их, дээд сургуулийн эрдэмтдийнхээ үгийг сонсохгүй байна.

-Хуульчлангуут англи хэл сайн сурна гэж байх уу?

-Гадаад хэлийг хуульчлах ямар ч шаардлагагүй. Харин “Монгол хүний өрсөлдөх ур чадвар бол ийм, ийм байна” гээд зааж өгч болно. Түүндээ гадаад хэлийг бодлогоор уяж өгөх боломжтой. Манайхан ер нь бодмоор байх юм. Гадаадад магистрын зэрэг хамгаалж буй хүмүүст тэд хэл соёлоо л заагаад явуулчихдаг. Хэл соёлоо түгээх нь л тэтгэлгийн гол зорилго юм чинь.

Манай улсад харамсалтай нь боловсролын тогтолцоо тааруухан явж ирлээ. Үүний хар гайгаар шинэ цагийн монгол хүнээ бэлдэж чадаагүй. Бусдын нөлөөнд автамтгай монголчууд бий болсон. Тийм учир монголчуудыг сошиалаар л хөшүүрэгдэж байна. Энэ бидний бие даасан бодлогыг ч сулруулж байна.

ЗХУ-ын үед орос хэлтэй л бол амьдралын баталгаа болж, боловсролтой, сэхээтэн гэж хүлээн зөвшөөрөгддөг байсан. Тэр уламжлалт сэтгэлгээ өнөөдрийн “Англи хэлтэй л бол амьдарна” гэсэн ахуйгаас үүдэлтэй хандлагад бас нөлөөлж байна. Уламжлалгүй шинэчлэл гэж байхгүй. Өмнөх нийгмийн уламжлалт хандлага өнгөө солиод, “Англи хэлтэй л бол амьдралын баталгаа” гэж ярьдаг болчихлоо. Энэ өөрөө хэрэглээ төвтэй л байгаа биз дээ. Амьдрах аргаа л бодоод байгаа хэрэг. Харин төрийн урт хугацааны бодлого биш, халтай.

Орос, Хятад хоёрын нөлөөнд бид олон жил амьдарч яваа. Үнэндээ хэлээр нь дамжуулж тухайн улс үндэстнийг устгадаг. Төв Азийн орнууд дандаа орос хэлтэй байгаа биз. Өдгөө үндсэн хэлээ сэргээх гээд сэргээж чадахгүй байна. Тийм учраас үзэл суртлын хувьд оросоос салах гээд салж чаддаггүй. Учир нь оросоор сэтгээд байна шүү дээ.

Бид бол кирилл үсгийг нь аваад, хэлбэржүүлчихсэн. Сэтгэлгээ оросжоогүй. Энэ бол өвгөдийн гайхалтай ухаан юм даа. Олон улсын харилцааны реалист онолоор хүчтэй нь хүчгүйдээ бодлогоо тулгадаг. Ийм хүчтэй гүрнүүдийн дунд тэсэж үлдэхийн тулд хэл соёлоо л авч үлдэх ёстой. Бидний аж ахуйн хэв маяг өөр учир бас өнгөрсөн хугацаад хэтийдтэл Монголоо алдчихаагүй, уусаагүй юм шүү.

Нэг үгээр, мал аж ахуй, монгол хэл хоёр байсан учраас бидний оршин тогтнол баталгаажсан хэрэг.

Харин хэрэглээний ашиг сонирхлоор англи хэлийг монгол хэлний эсрэг сөргүүлээд тавьчихна гэдэг ахуйн бэртэгчин сэтгэхүй. Гэтэл үүнийг нь өөгшүүлсэн төрийн бодлого явбал, энэ улс 100 жилийн дараа ямар болж үлдэх вэ. Бид 500 жилээс дээш хугацаанд оршин тогтнох асуудлаа харж, бодлого баримтлах ёстой. Энэ тусгаар тогтнолыг 500 ба түүнээс дээш жил хадгалах нь үе үеийн төрийн зүтгэлтнүүдийн үүрэг байхгүй юу. Ийм төр ахуйн асуудалд автагдаад байж болохгүй. Төр гэж байгаа юм бол олон нийтэд автаж ер болохгүй.

Англи хэлний асуудлыг бол олны хүчээр түрж, улс төрийн ашиг хонжоо хайх попрол л гэж харсан. Хонжоо хайх сэдэл бүх түвшинд байна. Бид үнэт зүйлээ хонжоо хайгчдын олз болгож болохгүй.

Том гүрнүүдийн дунд олж хайх гэж зүтгэл тэнхээтэй ард түмэн мөн бил үү

-Үүнийг англи хэл сурч, дэлхийн боловсрол эзэмших боломжийг хаалаа гэж харцгаасан?

-Сурагчдын боловсролыг Оросын нөлөөнд байлгахын тулд англи хэлийг хориглоод байна гэдэг бол ёстой жинхэнэ мэдлэггүй хүмүүсийн мэдэмхийрэл.

Газар зүй хувь заяаг тодорхойлно, энэ бол онол. Манай хоёр хөрш ч ядах нь аа хүчинд дулдуйдсан бодлого явуулдаг онцлогтой. Бидэнд өөрийн гэсэн юм өвлөгдөж ирсэн учир тэд хүчээр устгаж, дайрч довтолж чадахгүй байгаа юм. Тэд бас дэлхийд ёс зүйгээр үлгэрлэж байж өрөөл бусдыг нөлөөндөө оруулна. Тийм учраас бусдын үнэт зүйлийг хүндэтгэх нь улс хоорондын харилцааны зарчим болоод нэгэнт тогтсон. Англи хэлийг хуульчлах нь бол хоёр хөршийн эгдүүг хүргэхээс өөрцгүй юм. Үнэхээр хэрэглээ талаас нь харна, чухалчилна гэвэл дээр дурдсанчлан орос, хятад, англи хэлийг зэрэг сургах хэрэгтэй. Танин мэдэхүйн түвшинд хэлийг тэгж зэрэгцэж хэрэглэж чадвал харин үүн шиг чанартай дархлаа гэж байхгүй.  

-Хэрэв бид англи хэлийг хуульдаа тусгавал ямар үр дагавар гарч болох вэ?

-Буриад, халимгууд монгол үндэстэн мөртлөө ОХУ-ын бүрэлдэхүүнд бий. Монгол хэлгүй байна. Яагаад гэвэл сэтгэлгээг нь атган барихын тулд, монгол хэл заадаггүй. Өвөрмонголд монгол хэлээр боловсрол олгохыг хааж байна. Өвөрмонголчууд маань ахуйн хэрэглээнд л монгол хэлээ хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, хэрэглээний хүрээг хумих тусмаа хэлний насжилт буурна.

Тийм ч учир хоёр хөрш энэ зөөлөн хүчний бодлогодоо тэргүүлэх хэмжээнд ач холбогдол өгч байгаа. Үүн дээр суурилж бас худалдаа, арилжаа явж байгаа.

Монгол Улсыг тойроод монгол үндэстнүүд маань бусад улсын бүрэлдэхүүн дор хэл, соёлоо гээсээр буй. Харин Монгол Улс өөрөө монгол хэл, соёлын цөм нь болж гэмээ нь энэ этник группээ үргэлж дотогш татна. Тийм учраас иргэншлийн хувьд монголчууд монгол үндэстнээ өөртөө татах хэл ба шашны хүчтэй нөлөөтэй. Х богд ч тодорчихлоо. Тэгээд дараа нь Чингис хаан буюу түүх орж ирнэ. Энэ гурвыг монголчууд нүдний цөцгий мэт хайрлах ёстой. Ялангуяа гал голомт нь болсон, тусгаар тогтносон улсын хувьд энэ бидний үүрэг юм.

Гэтэл ингэж дотоод хүчээ нэмэгдүүлэхэд анхаарахгүй, бэлэнчилж, амар аргыг сонгож, бусдаас бадар гуйж явдаг нь монголчуудыг хүчгүйдүүлдэг. Энэ имижээс салах ёстой. Эх хэлээ ийм доогуур түвшинд тавьж байгаа нь монгол хүн ямар хэмжээнд явааг л харуулж байгаа хэрэг.

-Эгдүүцэл хүргэхээс өөрцгүй гэснээ тодруулахгүй юү?

-Манай гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөршийн асуудлыг тэргүүлэх чиглэл болгосон байдаг. Гуравдагч хөрш бол хоёрдугаар эрэмбийн асуудал. Энэ бол бодлогын үзэл баримтлал, онол. Зүгээр ч нэг үзэл сурталд автаад баталчихсан зүйл огт биш.

Тийм учраас бид хэл соёлын түвшинд ч, эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудалд ч үргэлж гадаад бодлогын тэнцвэрийг хангах ёстой. Нийгмээрээ зөвшилцөх, зохицох гол ойлголцол хэлээр л дамжина. Тэр чухал агуулгадаа гадаадын өөр нэг хэлийг аваачиж тавина гэвэл хоёр хөрш зүгээр өнгөрөөхгүй. Дам байдлаар ямар нэг шахалт, хавчилтад өртөх эрсдэлтэй.

Өнөөгийн том гүрнүүдийн зөрчил дунд олз хайх гэж зүтгэх тийм тэнхээтэй ард түмэн үү, бид. Өөрийн бэртэгчин үзлээс болж түмэн олноо золионд гаргаж болох уу. Тэнцвэрийг чухалчлахгүй байна.

Том гүрний хараа хурц, гар урт байдаг. Хоёр хөршийг дутуу үнэлж ёстой болохгүй. Одоо Евразийн зуун эхлэх гэж байгааг эрдэмтэд ярьж, бичиж байна. Дэлхийн түүхэн тэнхлэг энд л, Евразид байсан. Түүх бичлэг өөрөөр эргэж эхэлж байна. Өмнөх зургаан соёл иргэншлийн хамгийн хүчтэй нь хуурай газрын цөм хэсэг, Еврази шүү дээ. Гэтэл үүнийг эхлүүлсэн ард түмэн нь монголчууд өөрсдөө байдаг. Үүнийгээ ч ойлгохгүй болчхоод байна.

Зөв бодлого явуулахад маш тохиромжтой байршил, цаг хугацаа

-Та ингэж яриад Оросыг дэмжлээ гээд л шүүмжлүүлэх байх даа?

-Энэ бол өрнийн орнуудын хүний эрх, ардчилал, хээл хахуулиар дамжуулж дотоод хэрэгт нөлөөлөх гэж оролддог уламжлалт технологи л доо. Тэд авлигалын индекс гэж их ярьдаг. Хүний эрх гэж ярьдаг. Уг нь монгол хүнд уламжилж ирсэн соёлын контекстоор хүний эрх гэдэг критер бас өөр л дөө. Өрнийнхөн нийгмийн бодлогоо бидэнд тулгах гэдэг тал бий. Хэт их жендер ярих жишээтэй. Гэтэл манай улсад жендерт ялгамжтай хандаж ирсэн соёл байхгүй. Иймд гадаадын бодлогыг хэр өөриймшүүлж авах вэ гэдэг л их нарийн асуудал.

Гадаадад сурч ирээд, сонссон юмаа шууд хуулж, дамжуулж ярьдгаа боловсон, боловсролтой зан гэж харахаа болих хэрэгтэй. Ардчиллын мөн чанарыг ойлгоогүй явснаа өнөөдөр л бид эргэж харж байна. Зүгээр л даган дуурайсан. Нэг юмаа л зурагдсан пянз шиг давтаж яриад байдаг.

Харин дэлхийд цаг хугацааны шалгарлаар даяаршил нурж, дангаарших бодлого хүчээ авч байна. Дэлхийн түүх хөгжлийн динамикаараа өсөн мандаад л, бууран доротойж, дараагийнх нь гарч ирдэг. Энэ бол жам ёс мэт зүйл. Тэр дагуу өнөөдөр өрнийн орнууд суларч байна. Нэг нь суларч байхад нөгөө нь хүчирхэгжиж байдаг. Энэ хуулиар Евразийн бүс нутаг, Энэтхэг, Араб асар их хөгжиж байна. Мэдээж Хятад, Орос.

Тийм учраас хэт хоцрогдсон хандлагаар нийгмийн асуудлаа шүүж буй нь манай ард түмэн уншихгүй байгаагийнх. Хоёрдугаарт, нөгөө англи хэлээрээ ч уншиж байгаа юм алга. Англи хэлээр уншвал дэлхийн тэнхлэг өөрчлөгдөж байгааг бэлхэн олж харна. Монгол хэл дээр ч унших ном бий, уншихгүй байна. Уншдаг болчхоод дараа нь шүүмжилбэл өөр. Ерөөсөө дамжуулагч төдий хүмүүс л өөр хоорондоо цуурч байна. Түүнийг сошиал медиа бүр гааруулж байна. Энэ байдлыг бас хоёр хөрш судалж байгаа. Энэ оюуны дархлаагүй байдалд нь тааруулж бас бодлогоо явуулж байгаа шүү дээ. Бид мэдлэгт суурилж нийгмийн асуудлаа шүүн хэлэлцдэг болбол манай хоёр хөрш орны бидэнд хандах хандлага эрс өөрчлөгдөнө.

-“Оросыг дэмжлээ” гэж харах хандлагыг та эсрэгээрээ хоцрогдсон гэж байна уу?

-Энэ бол хоцрогдсон хандлага. Маш хоцрогдсон хандлага. Боловсроогүй, уншдаггүй хүмүүсийн ажил. Оросыг юм уу аль нэг улсыг даган дуурайж, дагалдан бялдуучилж буй хэрэг огт биш. Агуулга нь өөр. Энэ онол, геополитикийн нөхцөл байдал, цаг үетэй уялдан бий болж буй шинэ асуудал. Шинэ нөхцөл байдал. Гэтэл бидний ардчилалд шилжсэн 1990 оноос хойш дэлхий шал өөр болчихлоо шүү дээ. 2015 онд Крымд ОХУ довтолсноос хойш хоёр хөршийн бодлого эрс өөрчлөгдчихсөн. Бид дунд нь байгаа мөртлөө мэддэггүй. Бид хаана амьдарч байгаа вэ, монголчууд аа. Уг нь зөв бодлого явуулахад хамгийн тохиромжтой байршилд бөгөөд цаг хугацаанд байгаад байдаг.

-Барууны орнууд суларч, хүчний тэнцвэр өөрчлөгдөж буй талаар та дахин тодруулахгүй юү?

-АНУ-ын их дээд сургуулийн эрдэмтдийн лекцүүд интернэтэд байж л байна. Манай оюутнууд яагаад олж үздэггүй юм бол. Жеффри Сакс, Жон Миаршеймер нарын эрдэмтэд идэвхийлэн ярьж байна. Тэд ерөөсөө л “Энэ бол барууны алдаа байлаа” гэж ярьж байна. Экспертүүд, глобал нөлөөтэй судлаачид нь стратегийн алдаа гаргажээ гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Үүнийг манай сэхээтнүүд олж үзсэн гэж найдаж байна.

Өнөөдөр дэлхийн худалдааны төв АСЕАН+3 орнууд байна. Тэгээд Зүүн Өмнөд Ази, Энэтхэг орж ирж байна. Хүчний харьцаа ийн өөрчлөгдөхөд материал баялгийн үйлдвэрлэлийн гол төв бөгөөд хэрэглээ нь БНХАУ руу чиглэж байна. Тэнд хэрэглээ их. Тэгэхээр Хятад улсын эдийн засаг ирээдүйн өнгийг тодорхойлох гээд байна. Орос бол технологижиж чадаагүй. Харин стратегийн гол түүхий эдүүдийн нөөц хэвээрээ. ОХУ-ын байршил бас давуу талтай. Европ, Ази аль алинд нь гарцтай. Геостратегийн хувьд өөр ямар ч улсаас илүү давуу талтай. Усан хил, агаарын хил, хуурай газраар зэрэг довтлох онцгой боломжтой. Европ, Ази гэсэн хоёр тивд хүчтэй тоглолт хийдэг.

Ийм учир Монгол, Казахстан зэрэг орнууд ОХУ-ын бодлогын хувьд анхаарал татсаар байх болно. Нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Бид харин мэдэрч, хурдан маневр хийж байх ёстой. Үнэмлэхгүй инерцээрээ орж ирж буй энэ хүчин зүйлийг бид эвтэйхэн газардуулах ёстой. Арцалдах биш зөвшилцөх, зохицох замаар өөрийн үндсэн эрх ашгаа дэмжүүлэх ёстой.

Бид тийм замаар л Октябрын хувьсгалыг маневр хийж Монгол Улсаа тунхагласан шүү дээ. Биднээс үл шалтгаалан бий болж байгаа хүчин зүйлийг зөв ашиглах нь чухал. Тийм ухааныг яг одоо шаардаж байна. 1990 онд юу ярьж байлаа, яг түүнийгээ яриад байвал ирээдүйгээ, улс орноо эрсдэлд оруулахын нэр.

Энэ хоёр хөрш чинь хэдэн хилийн боомтыг хаачихад л бид яаж тэвдэх билээ. Саяхан цар тахлын үед харсан биз дээ. Яагаад сургамж авахгүй байна. Нэг өдөр л технологийн дэд бүтцүүд хуваагдах эрсдэл үүсвэл яах вэ. ОХУ, БНХАУ ба түүнийг дагасан бусад тивүүдийн нөлөөлөл хүчирхэгжиж байна. Арабын хунтайж залуу хүн гэхэд маш сайн маневр хийж байна. Саудын Араб дан ганц өрнийг дагадаг байсан, одоо үгүй. Бусад улсуудын реакцыг ингэж харж, ажиглах хэрэгтэй л дээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *