“Наран туул”-ын босс “дахин даагаа нэхэв”
“Наран туул” захын босс Ш.Сайхансамбуу Ардын чуулган нам үүсгэн байгуулснаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр зургадугаар сарын 23-нд Улсын дээд шүүхэд өргөдөл ирүүлжээ. Тэрбээр өнгөрсөн 2022 онд тус намыг үүсгэн байгуулснаа мэдэгдэж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлт гаргасан ч 807 хүнээс 315-ынх нь мэдээлэл зөрүүтэй, 15 хүн нь Ардын чуулган намынх биш МАН, МАХН-ын гишүүнчлэлтэй зэрэг асуудал сөхөгдсөнөөр бүртгүүлэх асуудал бүтэлгүйтсэн юм. Харин энэ удаад дээрх зөрчлөө арилгасан бололтой, дахин бүртгүүлэхээр даагаа нэхжээ.
МАН-ын гишүүн байсан тэрбээр 2008 онд Завхан аймагт нэр дэвшин өрсөлдөж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Гэхдээ 2012 оны сонгуульд тус тойрогт дахин нэр дэвшин өрсөлдөөд ялагдсан. Улмаар 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөх тойрог олдоогүй тул гарсан. Дараа нь Үнэн ба зөв намыг байгуулсан ч удалгүй А.Отгонбаатар тус намын дарга болсон юм.
УИХ-аар Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 2024 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулж, 126 гишүүнийг сонгохоор баталгаажуулсантай холбоотойгоор шинээр нам байгуулах тохиолдол нэмэгдээд буй.
Хуульд зааснаар 800 хүний гарын үсэг цуглуулж, гишүүнчлэлийг нь баталгаажуулсан нөхцөлд хэн ч улс төрийн нам байгуулж болно.
Улсын дээд шүүхэд одоогоор 36 нам бүртгэлтэй байгаа. Харин УИХ-ын сонгууль дөхөх тусам намуудын тоо нэмэгдэхийн зэрэгцээ нам наймаалцах үзэгдэл ч гаарч болзошгүй болж буй.
Намын наймаа нь Улсын дээд шүүхэд дээгүүрт эрэмбэлэгддэг намуудыг үнэд оруулж, хөрөнгө мөнгөтэй нь цохин авч, УИХ-ын сонгуульд нэр дэвшин, парламентад сонгогдож болзошгүй байгаа. Тиймээс эрх баригчид нам наймаалцах асуудлыг хуулиар хориглохын тулд Улс төрийн намын тухай хуульд хатуу зохицуулалт оруулна гэдэг тайлбарыг хийгээд буй.