Б.Дэлгэр: Байгаль орчны цогц нөхөн сэргээлтийг хийж нутгийн иргэд, ирээдүй хойчид экологийн өв үлдээж байна

image (4)

Эх сурвалж: Өдрийн сонин

Монполимет компанийн гүйцэтгэх захирал Б.Дэлгэртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Бидний яриа тус компанийн Тосон үйлдвэрийн уул уурхайн үйлдвэрлэл, нөхөн сэргээлтийг зэрэгцүүлэн хийж буй талбайн хажууд өрнөсөн юм.


-Монгол Улсад уул уурхайн салбар идэвхтэй хөгжиж, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч байсаар байна. Гэхдээ хариуцлагатай болон хариуцлагагүй уул уурхайг ялгасан, зохицуулсан эрх зүйн зохицуулалт дутмаг байх шиг?

-Манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байна. Гэвч хариуцлагатай уул уурхайг хариуцлагагүйгээс нь ялгаж салгаж тодорхойлсон эрх зүйн оновчтой бодлогыг бий болгоход төр засгийн зүгээс анхаарах шаардлага үнэхээр байдаг. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцсэн Ашигт малтмалын тухай хууль дээр хариуцлагатай уул уурхай гэж юу болох, ямар бодлого баримтлах вэ гэдэг заалт бас л тусгаагүй орхигдсон. Монгол Улсад нийт 2800 орчим тусгай зөвшөөрөл байгаагаас 1300 орчим нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байдаг. Эдгээр ААн-үүд дотор хариуцлагатай уул уурхай эрхлэгчид байна. Бас хариуцлагагүй, байгаль орчинд хохирол учруулаад явж байгаа хэсэг ч бий. Үүнийг ялгаж салгахын тулд хуулийн дагуу хариуцлагатай ажиллаж байгаа ААн-үүдийнхээ үйл ажиллагаанд саад учруулсан бодлогыг засаж залруулж, эрх зүйн зохицуулалтыг маш тодорхой болгох шаардлага үүссэн. Хариуцлагатай уул уурхай эрхлэгчдэд зориулсан уян хатан бодлого байх шаардлагатай. жишээлбэл, уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгчид жил бүр маш олон бичиг баримтын бүрдэл хийдэг. Ажлаа мэддэг, олон жил салбартаа хариуцлагатай ажиллаж буй аж ахуйн нэгжийн эдгээр бичиг баримтыг цөөлөх, дараагийн хайгуулын ажилд нь энэ төрлийн ач холбогдол эрэмбээр нь хандаж үзэх гэх мэт дэмжлэг байж болно шүү дээ. ний нуугүй хэлэхэд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн хамт олны хувьд хариуцлагагүй, мэргэжлийн бус уул уурхайн улмаас байгаль орчин сүйдэж буй олон жишээг хараад сэтгэл өвддөг, туйлын шүүмжлэлтэй ханддаг. Нөхөн сэргээлтээ хийлгүй хаяад явсан, экологийн онц ноцтой хохирол учруулсан олон жишээ байгааг хараад олон нийтээс эхлээд шийдвэр гаргах түвшнийхэн, мэргэжлийн хүмүүс нь илүүтэйгээр хариуцлагатай уул уурхай байх ёстойг, мэргэжлийн хүмүүс газрын хэвлийтэй харьцах учиртайг ойлгосон болов уу гэж найдаж байгаа.

-Дэлхийн эдийн засгийн хурцадмал нөхцөл байдал, улсын төсвийн тасалдал гээд үндэсний үйлдвэрлэгчдэд ачаа улам нэмэгдэж байна уу?

-Олон улсын нөхцөл байдал тогтворгүй, дайн болон геополитикийн хурцадмал байдал дэлхийн дахинаа тодорхойгүй байдлыг бий болгож байгаа боловч нөгөө талаараа манай улсад эдийн засгийн цонх цаг үе гэж бид нар харж болно.

Тухайлбал, сүүлийн жил гаруйн хугацаанд алтны үнэ түүхэн дээд түвшинд удаа дараа хүрсэн ч манай улс энэ боломжийг эдийн засаг, тэр дундаа төсвийн орлогоо нэмэгдүүлэхэд чиглэсэн шуурхай бодлогоор бүрэн ашиглаж чадсангүй. Уг нь “Алт-3” хөтөлбөрийг 2024 онд хэрэгжүүлэхээр зарлаж, УИХ, ЗГ удаа дараагийн шийдвэрүүд гарсан ч урагштай явсангүй. Хэлэлцэж байна, судалж байна гэсээр хоёр жилийн хугацаа алдлаа. Энэ хоёр жилийн хугацаанд буюу 2024 оны сонгуулиас хойш Засгийн газар гурван удаа солигдож, үүнийг дагаад салбарын яамдын сайд нар солигдсон. Үүний дүнд салбарын бус хүмүүс ирээд ажлаа бүрэн ойлгоход хугацаа их шаардаж, асуудлаа шийдвэрлэх болоход улс төрийн акц болж дараагийн томилгоо хийгдэж, тэс өөр бодлого хэрэгжүүлж, бүгд эхлэлийн цэг рүүгээ буцдаг тойрог үүссэн.

Үүний үр дүнд хэрэгжих ёстой бодлого, хөтөлбөрүүд улс төрийн өөрчлөлтөөс хамааран удааширч, эдийн засгийн боломжит цаг хугацааг алдахад хүрч байна. Энэ мэт тогтворгүй, залгамж бодлого байхгүйн улмаас үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд асар их саад учирдаг. Ер нь шийдвэр гаргах түвшнийхэн нийгмийн сүлжээнд хэт төвлөрч, олон нийтэд таалагдах шийдвэр гаргахыг зорихоос илүү нөхцөл байдлыг бодитоор үнэлэн хэрэгцээт зөв шийдвэр гарган, хэрэгжүүлэх шаардлагатай байна.

-“Алт-3” хөтөлбөр сүүлийн үед уул уурхайн салбарынхны анхаарлын төвд байна. Танай компанид хамаарч байна уу, энэхүү хөтөлбөрийг хэрхэн харж байгаа вэ?

-Энэ хөтөлбөр зөвхөн уул уурхайн салбарт бус Монгол Улсын эдийн засаг, нийгэмд чухал ач холбогдолтой. Өнгөрсөн онд нүүрсний экспорт 93 сая тоннд хүрч түүхэн дээд үзүүлэлт тогтоосон ч экспортын орлого 33 орчим хувиар буурсан нь төсвийн алдагдалд нөлөөлсөн. 2026 оны эхний хагас жилийн байдлаар улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна. Ийм нөхцөлд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, валютын нөөцийн тогтвортой байдлыг хангахад богино хугацаанд бодит үр нөлөө үзүүлэх боломжийн нэг нь “Алт-3” хөтөлбөр юм. Ингэхдээ зөвхөн үндсэн ордод төвлөрөх бус шороон ордуудыг мөн бодлогодоо хамруулах шаардлагатай. Шороон ордын хувьд ажиллах хүч, техник технологи, олон жилийн туршлага бэлэн учраас харьцангуй богино хугацаанд олборлолт эхлүүлж, эдийн засгийн үр өгөөж бий болгох боломжтой. Харин үндсэн ордуудыг урт хугацааны тогтвортой үйлдвэрлэл, эдийн засгийн үр өгөөжийн суурь болгон зэрэгцүүлэн хөгжүүлэх нь зүйтэй. Монполимет компанийн зүгээс уул уурхайн салбарт эзэмшчихсэн, нутагшуулчихсан арга туршлагыг олон улсын шинэ арга аргачлалтай хослуулан хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Гэвч төр засгийн зүгээс энэ боломжийг олгодоггүй.

-Нөхөн сэргээлтийн олон жилийн туршлагатай компанийн хувьд уг хөтөлбөр хэрэгжсэнээр үүсэх байгаль орчны асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл зохистой гэж харж байна вэ?

-Хөтөлбөр хэрэгжсэнээр байгаль орчны асуудал хөндөгдөнө. Гэхдээ үүнийг хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байх шалтгаан бус харин хэнээр, ямар шалгуур, хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх вэ гэдэгт анхаарах нь чухал. Ер нь аливаа шинэ төсөл хөтөлбөрт аж ахуйн нэгжүүдийг хамруулах шаардлага, зарчим нь тодорхой байх ёстой. Тухайлбал, сүүлийн таван жилийн хугацаанд техникийн болон байгаль орчны нөхөн сэргээлтээ хууль, журмын дагуу хийж холбогдох газар, яаманд хүлээлгэн өгсөн эсэх, өмнө хэрэгжсэн “Алт” хөтөлбөрүүдэд ямар эерэг түүхтэй оролцож байсан тухай, байгаль орчны нөхөн сэргээлтийн мэргэшсэн, туршлагатай багтай эсэх, газрын эвдрэлийг сэргээх, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулсан бодит үр дүн гэх мэт шалгуурыг төрөөс тодорхой тогтоох боломжтой. Ингэснээр аливаа эрсдэлийг бууруулаад зогсохгүй, мэргэжлийн бөгөөд хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх чухал алхам болох юм. Энэ бол Монгол Улсын өмнө нь хийж байгаагүй шинэ ажил биш. Өмнөх хөтөлбөрүүдийн туршлага, сургамж бидэнд бий. Тиймээс эмээх бус илүү өндөр стандарт, тодорхой хариуцлагатайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнийг манай байгаль орчны салбарынхан ойлгох ёстой. Орчин цагт уул уурхайн салбар зөвхөн байгаль орчныг сүйтгэдэг гэдэг ойлголт хоцрогдож, илүү шинжлэх ухаанчаар хариуцлагатайгаар нөхөн сэргээлтийг хийх нь бүс нутгийн хэмжээнд экосистемийг хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад онцгой чухал ач холбогдолтой болсон. Тиймээс тодорхой шалгууруудыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Уул уурхайн яам зэрэг холбогдох яамд, эрх бүхий байгууллагууд хамтран тогтоож, шалгуурыг хангаж байгаа, хийж чадаж буй үндэсний үйлдвэрлэлүүддээ итгэл хүлээлгэж, улс орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахад хамтран ажиллах шаардлагатай байна шүү дээ.

-Ер нь хариуцлагатай уул уурхайн шалгуур нь юу байдаг юм бэ?

-Хариуцлагатай уул уурхайн үндсэн шалгуур бол нөхөн сэргээлт гэдэг зарчмыг манай компани үүсгэн байгуулагдсан цагаасаа баримталж ирсэн. Манай Монполимет компани уул уурхайн салбарт 30 гаруй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан туршлага дээрээ үндэслэн өнгөрсөн жил Монгол Улсад анх удаагаа голдирлын урсцын тохируулгыг амжилттай хийж гүйцэтгэн холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн анхны сайн жишээ болсон. Уул уурхайн салбарт, ялангуяа уул уурхай өндөр хөгжсөн улс орнуудад голын урсцын тохируулга хийх маш олон шинэ технологи, арга туршлага байдаг. Манай компани хариуцлагатай үйл ажиллагаа эрхэлснээрээ зөвхөн уулын ажлыг амжилттай явуулахаас гадна илүү далайцтай, өргөн хүрээнд, олон чиглэлд хийж хэрэгжүүлэн байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд хувь нэмэр оруулж байна. Үндэсний үйлдвэрлэгчид, компаниуд ийм бодит үр нөлөө, ач холбогдлыг бий болгож байгаа. Тухайлбал, Монполимет компани үйл ажиллагаа явуулж буй бүс нутагтаа байгаль орчны нөхөн сэргээлтийг олон жилийн турш амжилттай хийснээр экосистемийг сэргээж, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлж, хагас сая орчим мод тарьж, ургуулан, 16 га талбайд хиймэл нуур хийж усны эх үүсвэрийг нэмж, таван га талбайд дөрвөн төрлийн жимс, жимсгэнийн мод, бут тариалж, 300 га гаруй бэлчээрийг нөхөн сэргээж бэлчээрийн олон наст ургамал тарьж, ургуулан малын бэлчээр болгоод байна. Олон жилийн туршилт судалгааны үндсэн дээр хүний гараар бүтээсэн энэхүү цогц ногоон бүтээн байгуулалт нь өдгөө нутгийн иргэдээс эхлээд нийгэм, олон нийтэд экологийн болон эдийн засгийн ашиг тусаа өгч, нутгийн иргэд, ирээдүй хойчид байгалийн өв болон үлдэж байгаа юм. Үнэндээ, бид эдийн засгийн ч юм уу, ямар нэгэн татварын хөнгөлөлт дэмжлэг ерөөсөө хүсээгүй. Мэдлэг, чадвар, хуримтлуулсан туршлагатай, үлгэр жишээ хийж чаддаг ажлыг маань чөлөөтэй эрхлэх боломжоор хангаж өгөхийг л хүсэж байгаа юм.

-Танай уул уурхайн үйлдвэрлэлийн талбай дээр олборлолт, нөхөн сэргээлт зэрэгцэн явагдаж байна. Бас байгаль орчны нөхөн сэргээлт хийсэн хэсэгт нь мал бэлчээрлэж байх юм. Энэ гурвыг хэрхэн амжилттай зэрэгцүүлэн авч явдаг юм бэ?

-Олон жилийн туршилт, судалгаа, хөдөлмөрийн үр дүнд манай талбайд уул уурхай, нөхөн сэргээлт, мал аж ахуй зэрэгцэн орших нөхцөл аль хэдийн бүрдэж, 6000 гаруй мал бэлчээрлэж байна. Өнгөрсөн хугацаанд малд идүүлж, тасдуулсан мод хэдэн мянгаар тоологдож, нөхөн сэргээсэн талбайд мал орж бэлчээрлэх тохиолдол ч цөөнгүй байсан. Гэсэн ч бид малчдын малыг талбайгаас хөөхөөс илүүтэй нөхөн сэргээлт ямар их хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө шаарддагийг орон нутгийн иргэдэд ойлгуулах үзүүлэх сургалтууд хийж ирсэн. Мөн малчдын хүүхдүүд, оюутан залуусыг зуны амралтаар ажлын байраар ханган нөхөн сэргээлтэд оролцуулж, байгаль хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэхийг зорьдог. Нөхөн сэргээсэн талбайн ургамал, мод бие даан ургаж, мал бэлчээрлэх боломжтой болтол нь хашиж хамгаалдаг бөгөөд энэ бүхэн хүний нөөц, хөрөнгө санхүү шаардсан ажил. Энэ туршлагаас хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхийн ач холбогдол тодорхой харагдана. Уул уурхайн компани олборлолтын дараа байгаль орчноо нөхөн сэргээдэг байх зарчмыг хуулиар хүлээлгэж, бодитоор хэрэгжүүлдэг байх ёстой. Манай компани 30 гаруй жилийн өмнө

Монгол Улсад олборлолтын дараах нөхөн сэргээлтийн ойлголт, бодлого төдийлөн төлөвшөөгүй үеэс судалж, туршиж, хэрэгжүүлсээр салбартаа хариуцлагатай уул уурхайн жишиг тогтоож, ямарч үед орхигдуулалгүй үйл ажиллагааны үндсэн чиглэл болгон ажилласаар ирсэн. Тиймдээ ч Монгол Улсын тэргүүний нөхөн сэргээгч байгууллагаар 24 удаа шалгарсан.

-НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хурал /СОР17/-д танилцуулах шилдэг 15 төсөлд танай компанийн төсөл шалгарсан байна лээ. Төслийнхөө тухай танилцуулбал?

-НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлыг Монгол Улс хүлээн авч зохион байгуулж байгаа нь маш чухал үйл явдал. Манай компани үндэсний үйлдвэрлэгчийн хувьд төдийгүй 30 гаруй жилийн турш байгаль орчны нөхөн сэргээлт хийж ирсэн туршлагадаа тулгуурлан энэ хуралд өндөр ач холбогдол өгч байна. COP17-той холбоотой “Үндэсний ногоон лаб” платформын сонгон шалгаруулалтаар манай “Build Green Land” төсөл гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулах 15 төслийн нэгээр шалгарсан. Энэ удаа бид доройтсон газрыг экосистемийн түвшинд сэргээж, Монгол орны бусад бүс нутагт загвар болгон хэрэгжүүлэх боломжтой “Build Green Land” төсөл, мөн төрөлжсөн нөхөн сэргээлтийн үйлчилгээ үзүүлэх “MPM GreenLand” компаниа танилцуулна. Манай компани өнөөдрийн байдлаар 654 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж, 300 га гаруй бэлчээр сэргээн, 460 мянга гаруй мод тарьж ургуулсан. Мөн таван га жимс, жимсгэнийн талбай, 16 га-д цэнгэг уст Тосон нуур байгуулж, таван зүйлийн загас нутагшуулсан. Энэ нь уурхайн дараах газрыг зөвхөн нөхөн сэргээх бус экосистем, бэлчээр, ус, биологийн олон янз байдлын хувьд дахин үнэ цэнтэй газар болгон хувиргаж болдгийг харуулж байна.

Цаашид энэ туршлагаа “MPM GreenLand” компаниараа дамжуулан бусад уул уурхайн компаниудын нөхөн сэргээлт болон олон жил орхигдсон эвдэрсэн газрыг сэргээхэд ашиглаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, ногоон санхүүжилтийг энэ салбарт татахыг зорьж байна.

Цөлжилт, газрын доройтлыг төр дангаараа шийдвэрлэх боломжгүй. Төр бодлого, эдийн засгийн хөшүүргээ бий болгож, хувийн хэвшил хөрөнгө, технологи, туршлагаа оруулах хамтын ажиллагаа шаардлагатай. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9.1-д байгалийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилтийг сааруулах чиглэлд оруулсан хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан. Цаашид цөлжилт, газрын доройтлыг бууруулахад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бодитоор нэмэгдүүлэхийн тулд энэхүү хөнгөлөлтийн одоогийн нэг хувийн хязгаарыг таван хувь хүртэл нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн хөшүүргийг судлах боломжтой. Бидний зорилго бол 30 гаруй жилийн нөхөн сэргээлтийн туршлагаа Монгол Улсын газрын доройтол, цөлжилтийг бууруулах, хөрөнгө оруулалт татах боломжтой, өргөжүүлэн хэрэгжүүлэх ногоон бизнесийн загвар болгох юм.

Ярилцсанд баярлалаа.

About Author