АН-ын залуусыг ахын тавиул, МАН-ын сүүдэр залгих вий?
Эх сурвалж: Өдрийн сонин
Ардчилсан нам шинэчлэгдэнэ, шинэ үеэ гаргаж ирнэ, залуустаа боломж олгоно гэж гоё ярьдаг. Гэвч шинэчлэлийн нэрээр хуучин улс төрийн хүрээллийн хүмүүсийн тавиулыг орой дээрээ залвал энэ үг улам ч үнэ цэнээ алдана.
Өнөөдөр АЗХ-ны удирдлагад Э.Галбадралын нэр яригдаж байгаа нь үүнийг сануулах дохио юм.
Тэр “Мон-Атом”-ын гүйцэтгэх захирал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал, Сан-Францискогийн Ерөнхий консул, улмаар АН-ын удирдлагын түвшинд хүртэл ажилласан. Бас АН-аар овоглосон ч МАН-ын үед мандаад байдаг нь сонин.
“Мон-Атом”-оос “Эрдэнэт”, тэндээс дипломат алба, дараа нь намын удирдлагын ажил руу шилжсэн энэ замнал нь түүнийг ах нарын тусламжтай албан тушаал ахидаг дээрээ дэгээтэй хүн гэдгийг нь илтгэнэ.
Түүнийг Ц.Элбэгдоржийн улс төрийн хүрээлэлтэй холбон бичдэг мэдээлэл ч бий. Хэрэв үнэн бол тэр өөрийнхөө хүнээр намын залуусаа атгуулж байгаад “эргэн ирэлт” хийхээр санаархаж байж мэднэ.
АЗХ шинэ үеийн өөрсдийн лидерийг төрүүлэх байгууллага байх уу, эсвэл хуучин лидерүүдийн улс төрийн нөлөөг хадгалж, үүрээ дахин засах оромж болох уу?
Э.Галбадралын нэртэй холбоотой 700 гаруй сая төгрөгийн залилангийн хэрэгт шалгагдаж байгаа гэх мэдээлэл хэвлэлд гарч байсан. Гэхдээ гэнэт нам дарагдсан. Нэгэнт шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй тул түүнийг “залилангийн хэрэгтэн” гэж нэрлэх хууль зүйн хувьд боломжгүй. Харин ийм хэмжээний ноцтой мэдээлэл байгаа нөхцөлд улс төрийн байгууллагыг удирдах гэж нэр дэвшиж буй хүнээс тайлбар шаардах нь зүйн хэрэг.
Мөн түүний дүү Э.Цогбадрал Богдхан уулын хамгаалалтын захиргаанд удирдах албан тушаал хашиж байсан. Богдхан уулын газар ашиглалт, зөвшөөрөл, барилга байгууламжтай холбоотой олон маргаанд бас л нэр холбогдож байсан түүхтэй.
Төрийн олон өндөр албан тушаалаар дамжсан хүн АЗХ-ны шинэ үеийн төлөөлөл мөн үү, эсвэл хуучин улс төрийн тогтолцооны залгамжлагч уу?
АЗХ бол хэн нэгэн ахынхаа араас дагаж албан тушаалд хүрдэг байгууллага биш. Хуучин лидерүүдийн нөлөөг хадгалдаг улс төрийн “нөөцийн сан” ч биш.
АН үнэхээр шинэчлэгдэх гэж байгаа бол залуусдаа сонголт хийх эрхийг нь өгөх ёстой.
Залуус өөрсдийн лидерээ өөрсдөө төрүүлэх ёстой.
Хэрэв шинэчлэлийн нэрээр дахиад л хуучин улс төрийн хүрээллийн хүмүүс гарч ирвэл сонгогчид үүнийг шинэчлэл гэж харахгүй.
Нэр нь шинэ байж болно. Нас нь залуу байж болно. Албан тушаал нь өөр байж болно.
Харин ард нь хуучин улс төр хэвээрээ байвал тэр шинэчлэл биш.
АН 2028 онд ялна гэж байгаа бол эхлээд өөрийнхөө доторх хуучин арга барилыг халах, ялах хэрэгтэй. Тэр шинэчлэлийн хамгийн эхний шалгалт нь АЗХ-ны даргын сонгууль байх болно. АН өөрийн үнэт зүйлээ нэгмөсөн алдаж, ахин өндийх итгэл найдвараа мөнгөөр далласан хайрцаглалд авсалж орхино. АН-ын тулганд сүүмэлзэж буй сүүлчийн галын дөл бадрах биш бөхнө.
Э.МӨНХТҮВШИН