Алт олборлож байсан 100 гаруй хүн нурангид дарагдан нас баржээ

202214084_1280-810x500

Төв Африкийн бүгд найрамдах улсын баруун хэсгийн нэгэн жижиг тосгонд байрлах гар аргаар олборлолт явуулдаг алтны уурхай хөрсний гулгалтын улмаас нурж, 100 гаруй хүн амиа алджээ. Энэ хэрэг наймдугаар сарын 18-ны үдээс хойш Камеруны хилийн ойролцоо Замбойе тосгонд болсон байна.

Цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгээс харвал их хэмжээний элс хөрс нурж, уурхайчдыг бараг бүхэлд нь даржээ. Нурангид дарагдсан хүмүүсийн тоог албан ёсоор зарлаагүй байсан ч аврах ажиллагаанд оролцож буй Улаан загалмайн сайн дурын ажилтан Жерве Ганагоро нурангиас 100 гаруй цогцос гаргаж авсан гэж мэдэгдсэн байна. Нас барагсдын олонх нь Төв Африкийн бүгд найрамдах улсын иргэн байсан бол цөөн тооны камерун иргэн байжээ. Аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа тул нас барагсдын тоо цаашид өснө гэж таамаглаж байна.

Аврах ажиллагаанд трактор зэрэг хүнд машин механизм ашиглаж байгаа нь нуранги дор амьд байгаа хүмүүст эрсдэл учруулж магадгүй байгаа аж.

Замбойе тосгоны залуучуудын зөвлөлийн гишүүн Бертран Бе Янге “Тэднийг эсэн мэнд аварч чадвал гайхамшиг. Гэр бүлээ тэжээхийн тулд уурхайг зориод ирсэн залуу хүмүүс ингэж амиа алдаж байгааг харахад үнэхээр сэтгэл эмтэрч байна” гэжээ.

Африкийн орнуудад гар аргаар олборлолт явуулдаг жижиг уурхай түгээмэл. Ийм олборлолт хууль бус ч гэлээ ажилгүйдлийн улмаас олон хүн уурхайгаар амьжиргаагаа залгуулдаг. Гэтэл тэдгээр уурхай хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартыг мөрдөх нь ховор учир осол эндэгдэл байнга гардаг. Энэ онд л гэхэд Төв Африкийн бүгд найрамдах улсад уурхайн ослын улмаас дор хаяж 40 хүн амиа алдаад байна.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

About Author