“Өндрөөс унасан золгүй явдал гээд хэргийг хаалгуулахгүй. Үнэнийг нь олчхоод цаашдаа амьдармаар байна”
Монгол Улсын зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Ганжаргалыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Хасу Шивэрт” рашаан сувиллын гаднаас өнгөрсөн оны долоодугаар сарын 8-9-ний шилжих шөнө нас барсан байдалтай олдсон байна.
Тус хэргийн явцын талаар талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж мэдээлэл өглөө.
“ХЭРГИЙН МАТЕРИАЛЫГ ДУТУУ ЦУГЛУУЛСАН ТАВАН МӨРДӨГЧ, ШИНЖЭЭЧИЙГ АТГ-Т ШАЛГУУЛЖ БАЙГАА”
Г.Ганжаргалын үеэл дүү О.Гал-Очир хавтаст хэргийн материалын талаар “Манай ахын хавтаст хэрэгт ажилласан нэр бүхий таван мөрдөгч шинжээч хэргийн газрын мөрдлөгийг хангалттай хийгээгүй. Тухайн өрөөний хурууны хээний бэхжүүлэлтийг хангалттай хийгээгүй. Талийгаач ахын гарын хээг аваагүй.
Тэр өрөөнд байсан гарын хээ хамт явсан хүмүүсийнх, манай ахынх байна уу гэдгийг тогтоогоогүй гэсэн үг. Хэвлэлээр хийсэн нэвтрүүлгийн дараа Архангай аймгийн мөрдөгч н.Гунгаа гэх хүн талийгаач ахын чинь хурууны хээг авсан ч хэрэгт хавсаргаж чадаагүй юм байна гэсэн.
Амьсгал боогдсон ул мөр хүзүүн дээр байгаа. Амьсгал боогдоход бусад эд эрхтэнд илэрдэг шинж тэмдгийн шинжилгээ дутуу хийгдсэн. Шарил нь удсаны дараа яасанд шинжилгээ хийнэ. Тиймээс дээрх шинжилгээг авах боломжгүй юм.
Талийгаачийн өмсөж явсан хувцсыг торонд боогоод бидэнд өгсөн. Тухайн үед өмсөж явсан хувцас дээр ямар хурууны хээ, цус байсан талаар шинжлэх ёстой. Манай ах доошоо хэвтээ байдалтай, дээр нэг тагт онгорхой байгааг хараад өндрөөс унасан гэх үндэслэлээр энэ хэргийг шалгаад явчихсан. Мэргэжлийн үүднээс харвал маш дутуу ажилласан. Өөр хүнтэй маргасан эсэх, хамт явсан хүмүүсийн биед шарх сорви байсан үгүйг шалгаагүй.
Хэргийн газарт очиход том төмөр эдлэл байсан. Бид зургийг нь дарж авсан болохоос хэргийн материалд нотлох баримт болгож аваагүй. Тэр төмөр эдлэлээр цохиод алах магадлалтай. Иймэрхүү байдлаар хэргийн материалыг дутуу цуглуулсан таван мөрдөгч, шинжээчийг АТГ-т шалгуулж байгаа.
Өндрөөс унах үеийн туршилт хийж үзэхийг удаа дараа цагдаагийн газарт тавьсны эцэст зөвшөөрсөн. Хэргийн газарт очсоноос нэг өдрийн дараа туршилтыг хийхдээ биднийг огт оруулаагүй. Хэрүүл маргаан болсны эцэст эхнэрийг нь оруулсан. Үхсэний хохь, амьдын зол гэдэг. Өндрөөс унасан золгүй явдал гээд хэргийг хаалгуулахгүй. Үнэнийг нь олчхоод цаашдаа амьдармаар байна” гэв.
“ҮГҮЙ ЭЭ ХҮЗҮҮГЭЭ НИДРЭЭД УНАЧИХСАН ЮМ АА” ГЭЖ ӨНДРӨӨС УНАХЫГ НЬ ХАРЖ БАЙСАН ЮМ ШИГ Л ХЭЛСЭН
Харин амиа алдсан Г.Ганжаргалын эхнэр н.Отгонцэцэг тус хэргийн явцын талаар “Би энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Нөхөрт маань хоёр удаагийн задлан шинжилгээ хийсэн. Одоо гурав дахь задлан шинжилгээ хийх тогтоол нь гарчихлаа. Эхний хоёр задлан шинжилгээ нь хоорондоо эрс зөрүүтэй, шинжлэх ухааны үндэслэлгүй байна гээд прокурорын газраас буцаасан. Энэ удаагийн задлан шинжилгээнд мэргэжлийн хүмүүсийг оролцуулахыг хүсэж байна.
Дөрвөн давхрын 11 метрээс зөөлөн хөрстэй газар унасан хүн яаж гавал тархины хүнд гэмтэл үүсэх вэ. Гэтэл дотор эрхтэн бүтэн байгаа нь өндрөөс унасан гэх үндэслэл батлахгүй байна. Хүзүүнд нь боолт үүссэн юм биш үү гээд шинжээчээс асуухад “үгүй ээ хүзүүгээ нидрээд уначихсан юм аа” гэсэн. Өндрөөс унахыг нь харж байсан юм шиг л хэлсэн.
Цээжинд том зулгаралт үүсэж, хувцас нь урагдсан байсан. Хэн нэгэн хүнтэй тэмцэлдсэн гэж харахгүй байгаа юм. Ар нуруунд нь үүссэн зулгаралтыг нас барсны дараах шарх гэсэн. Нас барсны дараа хэн тэр хүнийг очиж цохих юм бэ.
Энэ хэргийг яаралтай шийдэж өгөөч ээ. Хэргийн газраар явмаар байна гэхэд мөрдөгчид нь наадмаар амармаар байна гэсэн. Наадам өнгөрүүлээд хэргийг хаалаа гээд замхруулах гэж байна” хэмээн ярилаа.