Э.Эрхэс Хүүхдийн спортын VII наадмаас 13 алтан медаль хүртлээ
Монголын Хүүхдийн спортын VII наадам Баян-Хонгор аймагт болж өндөрлөлөө. Тус наадмын усанд сэлэлтийн тэмцээн зургадугаар сарын 27-28-ны өдрүүдэд болсон ба Хан-Уул дүүргээс оролцсон 15 настай тамирчин Э.Эрхэс усанд сэлэлтийн 13 алтан медаль хүртэж, Хүүхдийн спортын наадмын гол баатраар тодорлоо.
Энхтөрийн Эрхэс Улаанбаатар хотын Орчлон сургуулийн сурагч бөгөөд Усанд сэлэлтийн олон улсын хэмжээний мастер юм. Тэрбээр Монголын Хүүхдийн спортын зуны VII наадмын усанд сэлэлтийн 12 төрөлд тэргүүлж, багийн төрөлд аваргалснаар 13 алтан медалийн эзэн болсон байна.
Усан сэлэлтийн төрөлд Хан-Уул дүүргийн тамирчид 18 алт, 12 мөнгө, 6 хүрэл медаль нийт 36 медальтайгаар тэргүүлж, Орхон аймаг 4 алт, 3 мөнгө, 5 хүрэл, Сүхбаатар дүүрэг 3 алт, 5 мөнгөн медальтай удаалав.