НӨЛӨӨЛСӨН ШАЛТГААН, НӨХЦӨЛИЙГ АРИЛГУУЛАХААР 10 БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД МЭДЭГДЭЛ БИЧИЖ ХҮРГҮҮЛЛЭЭ
Прокурорын байгууллага 2023 оны 6 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 350 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 4 шаардлага хүргүүллээ.
Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 10 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна. Тухайлбал:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газраас тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нь хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулалгүй үйлчилгээний хэсэгт байрлуулсан гэх зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулахаар “М”, “Ү” ХХК-д;
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас иргэн Э нь нэр бүхий ресторанд ажиллаж байхдаа үйлчлүүлэгчийн гээгдүүлсэн алтан гинжийг олж аван, бусдад худалдаж хохирол учруулсан гэх хэрэгт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ зохион байгуулах талаар тухайн аж ахуйн нэгжид;
Дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М.” шатахуун түгээх станцын түгээгч Н.О нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг биелүүлээгүй гэх зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулахаар “М” ХХК-д;
Мөн 2023 оны эхний хагас жилд хамгийн их гэмт хэрэг бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 11, 18 дугаар хороодын Засаг дарга нарт гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг ариулгуулахаар тус тус прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлжээ.
Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.