Г.Төрболд: Эцэг эх маань аваагүй найман ишигний төлөө хоёр жил гаруй цагдан хорих ял авсныг эсэргүүцэж, суулт зарлана

0

Хэнтий аймгийн шүүгч, прокурор, цагдаа нарын хууль бус үйлдлийн улмаас найман ишигний гэх хэрэгт хэлмэгдсэн иргэдийн ар гэрийнхэн өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын иргэн Г.Төрболд “Манай мал хөрш айлын малтай нийлсэнтэй холбоотойгоор найман ишигний гэх хэрэг үүссэн. Энэ хэрэг хоёр жил гаруй үргэлжилж байна. 

Тухайн үеийн маргаанаар цагдаа ирж, хөрш айлын малыг манайхаас салгаж авч өгсөн байдаг. Үүнээс ямар ч илүү дутуу мал үлдээгүй. Улмаар цагдаа хохиролгүй болсон гэсэн бичиг хийгээд явсан.

Гэтэл үүний араас найман ишиг нэхэмжилсэн байдаг. Цагдаа дахин ирээд манайд найман ишиг нь байсан гэж үзэж, хэрэг үүсгэсэн. Мал нийлсэн тэр үеэр манайхаас 61 хонь алга болсон. Өөрөөр хэлбэл найман ишигний хэрэг болон манай 61 хонь алга болсон хэрэг уялдаа холбоотой.

Эдгээр хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар, хууль шүүхийн байгууллагууд шалгасан. Гэвч зөвхөн нөгөө айлын найман ишиг нэхэмжилсэн өргөдөл л цагдаагийн байгууллагад очсон байсан. Манай 61 хонь алга болсон талаарх өргөдлийг удаа дараа хуулийн байгууллагад хүргүүлсэн ч алга болчихдог байсан. 

Найман ишигний гэх хэрэгт холбогдуулж ээж маань 2.6 жил, аав маань хоёр жил цагдан хоригдох шийдвэрийг Хэнтий аймгийн хууль, шүүхийн байгууллагаас гаргасан. Ард нь манай 80 настай эмээ, олон нялх хүүхэд үлдэж байна. Одоо 12 настай эрэгтэй дүү маань мал дээрээ ганцаараа үлдсэн байгаа. Ийм байдалд хүргэсэн хууль, шүүхийнхэнд би маш их гомдолтой байна” хэмээн хэллээ. 

Тэрбээр “Эцэг эх маань айлын мал хулгайлж, үрэн таран хийгээгүй. Ээж, аавыгаа цагдан хориход орсноос хойш нялх дүү маань юу ч идсэнгүй. Ар гэрийнхэн нь бүтэн нойртой хоносонгүй. Энэ хүмүүсийн ард бүхэл бүтэн амьдрал байдгийг мэдэхгүйгээр шууд барьж, хорьчихлоо. Одоо би хаана хандахаа үнэхээр мэдэхгүй байна.

Хэнтий аймгийн шүүх, прокурор, цагдаа нарт итгэхгүй байгаа. Газар усны маргаан, хилс хэрэг, манай гэр бүлийнхнийг ялгаварлан гадуурхсан энэ асуудлын араас зөндөө явлаа. Одоог хүртэл нааштай хариу, шийдвэргүй хэвээр. Тухайн үед хоёр айлын малыг салгаж байсан цагдаа нь хэргийн протокол юу ч хөтлөөгүй, бичиг баримт байхгүй. 

Хэнтий аймагт шударга шүүх, прокурор байхгүй бол би хандах ёстой газарт нь хандана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Х.Нямбаатар сайдад хандахаар ирсэн.

Эцэг эхийг маань хилс хэрэгт холбогдуулсан асуудлын үнэн учрыг олж өгтөл би талбай дээр суулт зарлана. Бидэнд өөр хийж чадах юм үнэхээр алга. Хаа сайгүй хүнд суртал, танил тал шаардаж байна. Үнэхээр яахаа мэдэхгүй байна. 

Найман ишигний төлөө эцэг эхийг маань 2-2.6 жил цагдан хорих шийдвэр гаргасныг эсэргүүцэж, суулт зарлана. Яаж ч бодсон аваагүй найман ишигний төлөө ард нь олон хүүхэд өнчирч хоцорч болохгүй” гэлээ. 

Түүний эмээ Б.Дайриймаа “Эмээ нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын иргэн. Одоо 80 нас хүрсэн хүн. Улс, нийгэмдээ өчнөөн жил ажил төрөл хийсэн.

Миний хоёр хүүхэд хилс хэргээр цагдан хоригдоод байна. Хэнтий аймгийн прокурор, шүүх, сум дундын цагдаа нар бүгд буруу шүүсэн. Одоо миний охин, хүргэн хоёрыг шоронд хийгээд хэдэн хүүхэдтэйгээ үлдэж хоцорлоо” хэмээн хэлэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *