Б.Энхцэцэг: ХХААХҮЯ-ны холбогдох албан тушаалтнуудыг шалгаж, хариуцлага тооцтол суулт зарлана
Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХААХҮЯ)-ны хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас хохирсон талаараа иргэн Б.Энхцэцэг мэдээлэл өгөв.
Тэрбээр ХХААХҮЯ, МХЕГ зэрэг төрийн байгууллага, тэдгээрийн холбогдох албан тушаалтнууд хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн махны экспорттой холбоотой “Double standart” бүхий шийдвэр гаргаж ирсний улмаас таван жилийн хугацаанд хөрөнгө мөнгө болон сэтгэл санааны хохирол амсаж байгаа талаараа мэдээллээ.
Иргэн Б.Энхцэцэг “Би төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагааны улмаас хохироод таван жил болж байна. Засгийн газрын тогтоолыг ХХААХҮЯ хэрэгжүүлж, минийхтэй ижил нөхцөлд бэлтгэсэн маханд квот олгодог. Төрийн алба тэгш, шударга ажиллах зарчмаа мөрдөөд ээлж нь болохоор надад боломж ирнэ гэж тэвчээртэй хүлээж байсан.
ХХААХҮЯ-ны удирдах албан тушаалтнууд удаан хугацаанд хүлээлт үүсгэсэн асуудлаас болж хохирсон. Тухайн үед 15 чингэлэг махыг нэг дор ачсан байдаг. Энэ бүгдийг гурван жил хадгалж хамгаалахад их хэмжээний мөнгө надаас гарсан.
15 чингэлгийг гурван жилийн дараа ачаад гарахад л Замын-Үүдийн урт дараалалд очоод махнууд урагшаа гарсан. Хагас нь чанарын шаардлага хангахгүй болоод наашаа буцаад ирсэн.
Үүний дараа ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан болон бусад эрх мэдэлтэн “Бид нар онлайнаар хуралдаад байна” , “Хил нээгдсэн даруйд таны хохирлыг барагдуулах арга хэмжээ авна. Битгий хэл ам татлаарай” гэж надад хүлээлт үүсгэдэг байсан.
Намайг хүлээлгээд байж байх хоорондоо ХХААХҮЯ-ны мэргэжилтэн болон бусад эрх мэдэлтэн өөрсдийн буруутай үйлдлийг нуун дарж, хаацайлах зорилго тээж явсан. Улмаар миний олон жилийн орлогыг хүртэл хаагаад гацаачихлаа.
Тэр үед хил хаагдсан болохоор тэвчээд хүлээж байсан. Гэвч хил нээгдэхтэй зэрэгцээд З.Мэндсайхан сайд ажлаа өгөөд явсан. Амлалт өгсөн сайд маань ч яваад өглөө.
Ингээд шинэ сайд намайг авч уулзсан. Хүлээж авч уулзахдаа болж өнгөрсөн бүх асуудлыг сонссон. Үүнийхээ дараа “Махыг нь очиж үзээд шаардлага хангаж байвал гарга” гэдэг үүргийг мэргэжилтнүүддээ өгсөн байдаг. Гэвч одоог хүртэл тодорхой шийдэлд хүрэхгүй байна” гэлээ.
Үргэлжлүүлэн “Намайг хүлээлгэсээр 890 хоногийн дараа очиж үзсэн. Үүнийхээ дараа махнаас дээж авна гэж 60 хоносон. Мөн хойшлуулсаар махнаас дээж авч, лабораторийн хариу 160 хоногийн дараа дууссан.
Би шийдвэрлүүлэх асуудлуудаа тусгаад ХХААХҮЯ-нд хүсэлт бичиж өгсөн. Хүсэлт өгснөөс хойш 291 хонож байна. Гэтэл өнөөдрийг хүртэл надад хариу байхгүй.
ХХААХҮЯ-ны холбогдох албан тушаалтнуудыг шалгаж, хариуцлага тооцтол суулт зарлана. Намайг хүлээлгэсэн 4.5 жил гэдэг асар их хугацаа.
Засгийн газрын тогтоолд үнийн эрсдэлээс хамгаал гэж заасан байдаг. Өмнө нь бэлтгэсэн нэг чингэлэг махнаас 200 сая төгрөг ашиг авдаг байсан. Энэ бүхнийг нэхэмжилнэ. ХХААХҮЯ-нд бугшсан идээ бээрийг шахаж цэвэрлэх болоогүй юу. Тэд миний бизнесийг тартагт нь тулгаад амьдралыг минь сүйрүүллээ” хэмээн хэлэв.
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав