ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛЫГ ЦУЦАЛЖ, 1000 ОРЧИМ АЛБА ХААГЧИЙГ ҮЕРИЙН АЖИЛД ДАЙЧЛАХААР БОЛЛОО
Жил бүрийн Үндэсний их баяр наадмаар Төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчид цэргийн ёслолын жагсаалыг наадамчин олонд толилуулдаг уламжлалтай.
Энэ жилийн тухайд үер усны түвшин гамшгийн зэрэгт хүрсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн өчигдөр орой гаргасан шийдвэрийн дагуу энэхүү ёслолын жагсаалыг цуцаллаа.
Ингэснээр цэргийн ёслолын жагсаалд бэлтгэж байсан 1,000 орчим алба хаагч үерийн голомтод үүрэг гүйцэтгэж ард иргэдийг авран хамгаалах, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, газар шорооны болон далангийн ажилд нэмэгдэл хүчээр ажиллах команд өгөгдсөн хэмээн Батлан хамгаалах яамнаас мэдээлэв.