Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Парламентын Доод танхим Лок Сабха-гийн даргыг хүлээн авч уулзав

0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-г хүлээн авч уулзав.

Монгол Улс “оюун санааны хөрш”, “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь чухал түнш Энэтхэг Улстай хөгжүүлж буй “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдгийг Ерөнхийлөгч тэмдэглэв.

Харилцаа, хамтын ажиллагаа аюулгүй байдал, батлан хамгаалах, боловсрол, соёлын салбарт түлхүү хөгжиж буйг тэмдэглээд, цаашид уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбарт идэвхтэй ажиллахын төлөө буйгаа онцлов. Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжин, хамтран ажиллаж ирснийг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

БНЭУ нь ШХАБ болон Их-20-ийг амжилттай даргалж буйд баяр хүргэж, Монгол Улсад 2026 онд зохион байгуулах НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д энэтхэгийн талыг оролцохыг урив.

Лок Сабха-гийн дарга Ом Бирла Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-ын Ерөнхийлөгч Дроупади Мүрмү-гийн мэндчилгээг уламжилж, Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүх түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа онцлов.

Талууд Монгол, Энэтхэгийн хамтарсан “Нүүдэлчин заан” тусгай хүчний хээрийн сургууль болон “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулийг хамтран  зохион байгуулж буйг сайшаав. Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө байгаагаа нотлов.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *