БНСУ-ЫН “DAEDONG” НЭГДСЭН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Гэмтэл согог судлалын үндэсний төвд энэ сарын 05-наас 07-ны өдрүүдэд БНСУ-ын Бусан хот болон тус улсын орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл хамтын ажиллагааны чиглэлээр уулзалт хийж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
БНСУ-ын Бусан хотын “DAEDONG” нэгдсэн эмнэлэг, Пусан их сургуулийн эмнэлэг болон “ВS The Body” гоо сайхны эмнэлэг, Line up шүдний эмнэлэг, “Proverbs Korea”, Hoby company”, “Proverbs Korea”, “Human Total Care Service” компани, Бусан хотын эдийн засгийг дэмжих төвийн зочид төлөөлөгчидтэй ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах тэргүүтэй удирдлагууд уулзаж, төвийн үйл ажиллагааны талаарх танилцуулга мэдээллийг өгсөн юм.
Мөн энэ үеэр Гэмтэл согог судлалын үндэсний төв, БНСУ-ын Бусан хотын “DAEDONG” нэгдсэн эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх, анагаах ухааны судалгаа хийх, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн салбарт стратегийн түншлэл тогтоох хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд анагаахын шинжлэх ухаан, эрүүл мэндийн байгууллагуудын хооронд хамтын ажиллагааг тогтоох, үйл ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тусламж үйлчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, туршлага солилцох чиглэлээр цаашид хамтран ажиллахаар болсон байна.