Ус соруулах, хатаах, цэвэрлэх, халдваргүйжүүлэх ажил үргэлжилж байна

0

Улаанбаатарт үргэлжлэн орсон борооны улмаас үерийн усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн байршлууд дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар ажиллаж байна. Тодруулбал, Сэлбэ голын далан сэтэрсний улмаас усанд автсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд газар дээр нь ажиллаж, цэвэрлэгээ, ариутгалын нөхцөл байдалтай танилцлаа.

Хотын дарга Д.Сумъяабазар:

-Үерийн улмаас 144 барилга байгууламжийн зоорийн давхар усанд автсан. Одоогоор орон сууцны барилгын усыг соруулж, хатаах, цэвэрлэх, ариутгаж халдваргүйжүүлэх ажил үргэлжилж байна. Зарим барилгын дороос хөрсний ус нэвчиж байгаа тул ус соруулах ажил удааширч, хүндрэл гарлаа. Хоёр барилгын дороос булаг байж болох ус оргилж гарч эхэлсэн. Энэ талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүлээж байна. Ус соруулахад шаардлагатай шахуурга, цахилгаан үүсгүүрийн хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд хувийн хэвшлийн байгууллагуудаас ч түрээслэн ашиглаж буй. Эхний ээлжинд ус, цахилгааныг холбох асуудал оршин суугчдад тулгарч байна хэмээлээ.

Бусад байршилд цэвэрлэгээ, ариутгалын ажил үргэлжилж байна. Нийслэлийн Хот тохижилтын газар болон  болон хувийн хэвшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 16 байгууллагын 870 ажилчин, дотоодын цэргийн алба хаагч, СӨХ-ны ажилтан, сайн дурын иргэн 324 техниктэй ажиллан зургаан дүүргийн 25 байршлын лаг, шаврыг шуудайлан 13.2 сая ам метр нийтийн гудамж, зам талбайг цэвэрлэж, 5,236 тонн лаг, шаврыг зөөвөрлөөд байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *