НӨАТ-ын сугалаагаар хуурахаа болиод 2 хувиа нэмэгдүүлнэ үү?
НӨАТ-ын сугалааны азтаныг тодруулсны дараа хүн бүрт хууртагдсан мэдрэмж төрдөг болоод удлаа. Гэвч итгэл алдрахгүй, дараа сард азтан болчих юм болов уу гэсэн хүлээлт үүсдэг.
Тогтсон хуваарийн дагуу НӨАТ-ын азтануудыг тодруулах ээлжит зургадугаар сарын тохирол өчигдөр /2023.07.19/ болж, өндөрлөлөө. Зарим сард дараалан супер азтан тодордоггүй хяслан бий ч энэ удаад харин 5-30 сая төгрөг хожсон азтан тодров. Гэхдээ супер азтан хэчнээн тооны НӨАТ-ын баримт бүртгүүлснээс хамаарч 5 сая төгрөг хожсон уу, эсвэл 30 сая төгрөг хожсон уу гэдгийг шийдэх нь. Нэг үгээр хэлбэл, олон тооны НӨАТ-ын баримт бүртгүүлсэн бол мөнгөн дүн нь өснө, харин бага НӨАТ-ын баримт бүртгүүлсэн бол багасна л гэсэн үг. Иймээс супер азтан яг хэдэн сая төгрөг хожсон бэ гэдэг нь тодорхой бус байгаа юм. Харин 3 орон таарсан дараах азтанууд 30 мянга, 4 орон таарсан дараах азтанууд 50 мянга гэхчлэн сугалааныхаа тооноос хамаарч, хожих мөнгөн дүн нь өснө. Сугалаагаар дараах тооны азтанууд тодорсон.
- 3 орон таарсан 38489,
- 4 орон таарсан 3818,
- 5 орон таарсан 438,
- 6 орон таарсан 58,
- 7 орон таарсан 4 азтан тодорсон.
Нийтдээ 42745 азтан тодорч байгаа юм. Сар бүр НӨАТ-аас энэ тооны азтан тодордог. Гэвч бодит байдал дээрээ аз нь шовойж, 30, 60 мянган төгрөг авч буй хүн нь ч тун ховор. Энэхүү хууль долоо дахь жилдээ хэрэгжиж байгаа ч нэг ч удаа азтан болж үзээгүй хүн маш олон. Уг нь сар бүр 40, 50 мянгаараа азтан тодорч байхад ядаж нэг, хоёр удаа НӨАТ-ын баримтынхаа ид шидийг үзэж, азтан болж болно доо. Тухайн хүн азгүй, ёндоогүй юм байж гэж бодъё, хамт ажилладаг 30 гаруй хүнээс ядаж нэг нь азтан болж, болмоор юм. Найз нөхөд, ойр тойрныхон дотроо ч НӨАТ-ын азтан хайхад олдохгүй.
Уг нь энэхүү азтан тодруулдаг процесс олон нийтийн шүүмжлэлтэй тулж, шударга болгох шаардлага тавигдсанаар Засгийн газар 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн НӨАТ-ын азтаныг сар бүр тодруулдаг хонжворыг зогсоож байв. Гэвч эргээд сөрөг үр дагавар дагуулах болсон тул 2022 оны аравдугаар сарын 1-ээс эхлэн зарим нэг өөрчлөлт оруулан, НӨАТ-ын азтан тодруулах тохирлыг буцаан сэргээсэн. Ингэхдээ 51-ээс дээш тооны НӨАТ-ын баримт бүртгүүлбэл азтан болох магадлал өсч, урамшууллын дүн ч нэмэгдэнэ гэж зарим өөрчлөлт хийснээ танилцуулсан.
Тухайлбал, 3 баримт бүртгүүлсэн байгаад 3 орон таарвал 30,000 төгрөгийн урамшуулал авах бол 51+ баримт бүртгүүлсэн бол 60,000 төгрөгийн урамшуулал авна гэж мэдэгдсэн. Гэвч өмнөхөөсөө дээрдсэн зүйл алга.
Яг үнэндээ өнөөдөр “Наран туул” захаас эхлээд “Хар хорин”, “Бөмбөгөр” гээд маш олон зах, худалдааны төвүүдийн худалдагч нар үйлчлүүлэгчдээ НӨАТ-ын баримтыг олгохгүй л байна. Уг нь бүгд орлого олж л байгаа тохиолдолд төр энэ ажлыг хэвшил болгосон байх ёстой ч алагтай цоогтой. Улаанбаатар хотод энэ ажил жигдрээгүй байхад орон нутагт ямаршуу байгаа нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, төр өөрөө хийх ёстой ажлаа хийгээгүй хэрнээ хамгийн олон НӨАТ-ын баримт бүртгүүлсэн хүн нь азтан болно гэдэг дүрэм зохиох нь шударга юм уу.
Гэр хорооллынхон хоолны махаа худалдан авъя гэхэд “Хүчит шонхор”, “Хар хорин” зэрэг зах руу явж авах шаардлага үүсдэг. Гэрийнх нь ойролцооноос мах худалдан авъя гэхэд байхгүй, байлаа гэхэд санаанд нь нийцэх хоолны мах худалдах нь ховор. Дээр нь үнэтэй. Авлаа гэхэд НӨАТ-ын баримт өгдөггүй. Хүнсний захуудаар үйлчлүүллээ ч НӨАТ-ын баримт өгдөггүй. Баримт авъя гэвэл “Балай хог вэ, захаар үйлчлүүлж байж НӨАТ-ын баримт ч гэх шиг” гэж уцаарлана.
Улсын нийслэл Улаанбаатар хотод НӨАТ-ын баримт олголт алаг цоогтой байхад бусад 20 аймаг, 330 суманд нөхцөл байдал ямар байгаа нь ойлгомжтой. Иймээс баримт олгох ажил жигдрээгүй байхад азтан гэдэг таардаггүй тохирлоор тархи угаахын оронд НӨАТ-ын буцаан олголтын 2 хувиа нэмэгдүүлж, 5 хувь болгож өөрчилбөл яасан юм бэ. НӨАТ-ын хувийг нэмэгдүүлэх нь иргэдэд ч ашигтай, төрд ч хэрэгтэй. Хувь хэмжээ нь нэмэгдэхээр иргэд азанд найдах бус баримтаа тогтмол уншуулахын төлөө үйлчилгээ авсан газраасаа НӨАТ-ын баримтаа шаардана, нэхнэ. Тэр хэрээр далд эргэлдэж байгаа мөнгийг төр хянах боломж бүрдэнэ.