Хөвсгөл нуурт 1995 онд живсэн “ЗИЛ-130” машиныг гаргаж ирлээ
Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийн байршлыг илрүүлж тогтоох, татан гаргах ажиллагаа Хөвсгөл нуурын Марааны буланд үргэлжилж байна.
Тус ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн ахалж байгаа бөгөөд ажлын хэсэгт Зэвсэгт хүчний Жанжин штабын мэргэжлийн удирдлага, Онцгой байдлын байгууллагын аврагчид, ШУТИС-ийн эрдэмтэн багш, цэргийн зөвлөх инженерийн бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хөвсгөл нуурын Марааны булангийн эргээс 2500 орчим метр зайтай, 128 метрийн гүнд 1995 онд живсэн шатахуун тээврийн 58-12 ХӨ улсын дугаартай (Ч47-13) “ЗИЛ-130” загварын 17.8 тонн жинтэй чиргүүлтэй автомашиныг тусгай зориулалтын техник хэрэгсэл ашиглан татан гаргалаа.
Татан гаргасан шатахуун тээврийн чиргүүлтэй автомашинаас нийтдээ 10 тонн шатахуун, тос, тосолгооны материал гарсан бөгөөд тус бохирдлыг аюулгүй болгож, нуурын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр орууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.