“S’Outlet-н газрыг Д.Энхбаяр олгож, М.Энхболд, Г.Мөнхбаяр, Н.Батаа нар томруулж, хугацааг сунгасан”

0
  • Сэлбэ голын голдирол хааж барьсан S’Outlet дэлгүүрий буулгана гэсэн мэдэгдлийн дараа газрын зөвшөөрлийг хэн олгож, хэн томруулсныг хотын дарга зарлав
  • Дүүргийн Засаг дарга анхлан олгож, үе үеийн хотын дарга нар томруулан хугацааг сунгаж байжээ 
  • S’Outlet дэлгүүрийн эзэмшигч харин бүх бичиг баримт нь асуудалгүй байсан тул худалдаж авсан, барилгыг бариулаагүй гэлээ

S’Outlet дэлгүүрийн барилгын газрыг анх Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Энхбаярын захирамжаар 2002 онд олгож байжээ. Үүнээс хойш Нийслэлийн Засаг дарга М.Энхболд 2004 онд 288м2, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр 2009 онд 1665 м2 хэмжээтэй болгож, 2015 онд Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаагийн гарын үсэгтэй захирамжаар 2409 м2 болгож талбай хэмжээг тус тус томруулж, эзэмших хугацааг сунгасан. Мөн тус барилга нь анх 2014 онд түр барилгын зориулалтаар албан даалгавраа авсан ч зориулалтын дагуу баригдаагүй байгууламж юм болохыг Хотын дарга Д.Сумъяабазар мэдээллээ. 

Хотын дарга өнөөдөр Сэлбэ голын голдирол хааж барьсан S’Outlets барилгыг буулгана хэмээн мэдэгдсэн. Тэрбээр “Тус барилга нь Сэлбэ голын хэмжээг зургаан метр хүрэх хэмжээнд шахаж барьсан байна. Үүний улмаас далан хальж үер усны аюул учирсан. Үүнээс үүдээд Сүхбаатар дүүргийн Таванбогд, цаашлаад Хүүхдийн парк, мөн наашлаад Баянгол зочид буудлыг халин орж ирэх нөхцөл байдал үүсээд байна. Иймээс хууль хяналтын байгууллагатай нийлж энэ асуудалд цэг тавих ёстой гэж бодож байна” гэсэн юм. 

Харин манай сурвалжлах баг тус дэлгүүртэй холбогдон менежер Ж.Мөнхтөрөөс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодруулахад “2015 онд баригдсан барилга. Манай компани анх энэ барилгыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаад сүүлд худалдаж авсан. Барилга барих зөвшөөрлөө албан ёсоор авсан, үл хөдлөх хөрөнгийн шаардлагатай бичиг баримт хууль ёсны дагуу бүрэн гүйцэд байсан учир бид худалдаж авсан. Энэ барилгыг бид бариулаагүй, үерийн улмаас хамгийн их хохирол амссан жирийн аж ахуйн нэгж нь манайх байгаа болов уу. Манай компанийн хувьд бусдын адил хууль ёсны дагуу зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа явуулж байна. Ардчилсан улс мөн бол хувийн өмчид шууд халдахгүй байх гэж бодож байна. Хотын захирганаас манай байгууллагад ямар нэг албан бичиг одоогоор ирээгүй” гэсэн юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *