Туул, Сэлбэ, Орхон, Хараа гол үерийн аюултай түвшнийг давсан хэвээр байна
Орхон, Сэлэнгийн адгаар, Сайхан-Овоо сум орчмоор Онги голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см-ээр нэмэгджээ. Хэнтий нуруунаас усжих Ерөө сумын Ерөө, Багануур, Мөнгөнморьтын Хэрлэн гол, Улаанбаатар, Алтанбулаг орчмын Туул гол, Дархан хот орчмын Хараа гол үерийн түвшнийг 5-60 см-ээр давсан аж. Тэгвэл Санзай орчмын Сэлбэ гол, Хангайн нурууны арын Онги гол Сайхан-Овоо, Хархорин орчимд үерийн түвшнийг 10-15 см-ээр давсан хэвээр байна. Харин Хангай нуруунаас усжих Орхон гол, Хэнтий нуруунаас эхтэй Лүн орчмын Туул гол, Их Хянганы нуруунаас эхтэй Ялалт баг орчмын Халх гол үерийн аюултай түвшнийг 10-15 см-ээр давжээ.
Мөн энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар аадар бороо орно.
Иймд дээр дурдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй, баталгаатай гүүр гармаар зорчихыг Цаг уур орчин шинжилгээний газраас анхаарууллаа.