Н.Батсуурьт холбогдох хэргийг Зөрчлийн хуулиар шалгаж, хэрэгсэхгүй болгожээ

0

Улсын даян аварга Н. Батсуурийг үндэсний их баяр наадмын наймын даваанд учраа бөх Ц.Бямба-Отгонд уначихаад салаавч гаргасан гэх гомдлоор цагдаагийн байгууллагаас дуудсан талаар тэрбээр цахим хуудастаа бичсэн. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Нийт таван бөхийг Зөрчлийн хуулиар шалгаж байгаа нь үнэн. Хоёр бөх гомдол гаргасан бол гурав нь цахим бичлэг, зургаар баталгаажсан. Эдгээр таван бөхийн гурав нь нийслэлд, нэг нь Төв аймагт, нэг нь Өвөрхангай аймагт Зөрчлийн хуулиар шалгуулж байгаа” гэдэг мэдээллийг өгч байв.

Тэгвэл энэ долоо хоногт даян аварга Н.Батсуурьт холбогдох хэргийг прокуророос харьяалал тогтоож, тус асуудлаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч нар шалгаж, “Даян аварга Н.Батсуурийг сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн, салаавч гаргаагүй нь гэрэл зургаар баталгаажсан гэх дүгнэлт гаргаж хэргийг хаасан байна.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлд заасан Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчих гэх заалтаар шалгаж байсан юм. 

Даян аварга Н. Батсуурийн хувьд “Салаавч гаргасан агшныг дарсан фото зураг байвал зурагчдаас худалдаж авна. Зүгээр харамссан үйлдэл байсан” тухай сошиал хуудастаа бичсэн. Үндэсний бөхийн барилдааны наймын даваанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, Монгол Улсын харцага Ц.Бямба-Отгон нар барилдаж, Н.Батсуурь өвдөг шороодсон. Тэрбээр өвдөг шороодон унасныхаа дараа салаавч гаргасан байж болзошгүй үйлдлээр ХУД-ийн цагдаагийн хэлтэст дуудагдаад байсан. Мөн дөрвийн даваанд улсын арслан Ц.Содномдорж нь цэргийн арслан Г.Жамбалдоржийн хүзүүг тохиолдож, биед нь халдсан гэх асуудлаар, гурвын даваанд аймгийн арслан П.Эрхэмжаргал нь улсын харцага Л.Лха-Очирт унасан. Улмаар тахимаа өгөх үеэрээ харцага Л.Лха-Очирийг түлхэж, биед нь халдсан асуудлаар шалгагдаж байгаа аж.

Үүнээс гадна Төв аймгийн 100 жилийн наадмын бөхийн барилдаанаар улсын заан Б.Батмөнх нь өвдөг шороодсоныхоо дараа газар цохин боссон нь олон нийтийг үл хүндэтгэсэн гэх асуудлаар шалгуулж байгаа бол Өвөрхангай аймгийн начин М.Балжиннямыг 100 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэжээ. Учир нь Үндэсний бөхийн барилдааны зургаагийн даваанд аймгийн начин М.Балжинням нь сумын заан Г.Мөнх-Ёндонтой барилдсан. Барилдааны дараа тэрбээр сумын заан Г.Мөнх-Ёндонг өшиглөж, тахимаа авахдаа гараараа нидэрч биед нь халдсан байдаг. Тиймээс МҮБХ-ноос түүний барилдах эрхийг гурван жилээр хасах шийдвэрийг гаргаж, Зөрлийн хуулиар мөн торгоод байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *