Угаартаж нас барсан 27 настай залуугийн ар гэр: Налайх дүүргийн IV хорооныхон угаар мэдрэгч харамласнаас болж хүргэн минь угаартаж, хоёр хүүхэд нь өнчирсөн

0

  •    Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Бид утааг бүрэн алга болгоно гэсэн гоё зүйл ярихгүй. Харин үүнийг багасгана гэж байгаа юм. Ингэхдээ БНХАУ-аас коксжих нүүрс оруулж ирж, туршилт хийнэ. Туршилтаас айхгүй байгаа.Тодруулбал, ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс нэгдүгээр сарын 1 хүртэл туршилт хийнэ. 177 тэрбум төгрөгийн 30 орчим төгрөгөөр нь асаагч байна. Түүхий эдээ үйлдвэрлэнэ. Нэгэнт энэ жил үйлдвэр байхгүй учраас нэг тонн шахмал түлшний үнэ 1.5 сая төгрөгөөр импортлоно. 150-200 мянган төгрөгөөр бид нэг тонныг нь боловсруулна. Сайжруулсан түлшинд хэрэглэж байгаа мидлингийг хагас коксоор сольж үйлдвэрлэнэ. Харин хагас коксыг БНХАУ-аас импортлох юм. Хагас коксжсон түлшийг хэрэглэснээр агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс хоёр дахин бууруулна” гэж мэдэгдсэн. Иргэдээ туршилтад оруулахаас айхгүй байгаа энэ өдрүүдэд сайжруулсан шахмал түлшинд угаартаж, хордож нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн гомдолтой байна.

            Бид сэрэмжлүүлэг болгох болон сануулах үүднээс сайжруулсан шахмал түлшинд хордож, угаартаж нас барсан 27-хон настай залуугийн ар гэрийнхэнтэй ярилцлаа.

-Энэ хэрэг хэзээ болсон бэ. Тухайн үед юу болсон талаар яриад өгөхгүй юу?

            -Талийгаач залуу манай хүргэн байгаа юм. Орон нутгийн харьяалалтай, 27 настай, Ж.Ч гэж хүн байсан. Охин маань 22 настай, тэд гэр бүл болоод том хүүхдээ төрөхөд нь Налайх дүүрэг рүү 2020 онд нүүсэн. Талийгаач хүргэний ахынх нь тэнд байдаг учраас хажуу хашаанд нь нүүж очоод, сайхан амьдарцгааж байсан. Бага хүүхэд нь төрөөгүй, охин минь хэзээ мөдгүй төрөх гэж байгаа тулгар биетэй нөхрөө алдсан. Тэр өдөр охин эмнэлэгт хэвтэж, хүргэн маань хүүхдээ хараад гэртээ үлдсэн. Эмнэлэг рүү хоол цай хүргэж өгөөд, орой гэртээ харьсан гэсэн. Орой эхнэртэйгээ яриад “Маргааш өглөө ямар хоол авах вэ. Ажилдаа явахаасаа өмнө хоол аваад ирнэ. 06:00 цагт залгаж сэрээгээрэй” гэж хэлээд утсаа салгасан байна лээ. Тэгээд охин 06:00 цагт 150, 160 удаа залгаад утсаа авахгүй болохоор нь хажуу талынхаа эгчид хэлж байж, угаартсан гэдгийг нь мэдсэн. Тэгээд л холбогдох албаныхан, онцгой, эмнэлэг ирээд аваад явсан гэсэн.

            -Гэртээ ганцаараа хоносон юм уу?

-Үгүй ээ, гурван настай хүүхэд нь, хөдөөнөөс ирсэн ах нь хамт хоносон. Онцгой, эмнэлгийнхнийг дуудлагаар очиход хүргэн маань амьсгал хураачихсан, нөгөө хоёр нь ухаан алдаад уначихсан байсан гэсэн. Тэгээд эмнэлэг рүү аваад явахад талийгаачийн бие хөшчихсөн, ах, хүү хоёр нь хүнд байсан гэсэн. Хүү нь тав хоног эмчилгээ хийлгэж, ах нь хоёр хоногийн дараа ухаан орсон.

            -Хамт хоносон ах, хүү хоёрынх нь биеийн байдал одоо ямар байгаа вэ?

-Одоо дээрдэж, сайжирсан. Ах нь хөдөө гэр рүүгээ явж, зээ хүү минь ээж, дүүтэйгээ бидэнтэй хамт амьдарч байгаа. Хордлого тайлах бүхий л эмчилгээг хийлгэж, одоо л дээрдэж байна. Гэсэн ч аавыгаа санаад, үгүйлээд нялх хүүхдүүд хэцүү байна даа. Амьд гарсан нь аз ч аавыгаа, дүүгээ алдчихаар ямар хэцүү байх нь ойлгомжтой шүү дээ.

-Тухайн үед юу болсон талаар ах нь ярьсан уу?

        -Манай том зээ хүү бие нь жаахан өвддөг, байнга ширэглэж, аргадуулж унтдаг байсан. Тэр шөнө 04:30 цагийн үед хүү уйлж, талийгаач босоод ширэглэсэн байгаа юм. Тэгээд хүүгээ унтуулчихаад, эргээд унтсан байна лээ. Уг нь хамт байсан ах нь хөдөөнөөс ирсэн хүн учраа эрт босдог гэсэн. Тэгээд талийгаачид “Өглөө болж байгаа юм чинь босох уу. Чи хоол, цай хүргэж өгнө биз дээ” гэж хэлэхэд “Арай эрт байна. 08:00 цаг гээд эмнэлэг рүү явахад болно. Над руу залгаж сэрээнэ” гэсэн гээд унтаад өгсөн гэсэн. Тэр үед гэрт сэрүүн орчихсон, ямар ч утаа униар үнэртээгүй гэж ах нь хэлж байна лээ. Тэгээд эргэж унтаад удаагүй байхад ах нь татаж, хамаг бие нь хачин болсон гэсэн. Талийгаач руу харахад яг адилхан байсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна гэж ах нь хэлсэн. Гэнэт л татаад, хачин болцгоогоод, ухаан алдчихсан юм шиг байна лээ.

-Гэрт нь утаа мэдрэгч байсан уу. Өрхөө бүтээсэн байсан юм уу?

        -Хүргэнийх огтоосоо яндангаа авч, өрхөө бүтээж үзээгүй. Тэр өдөр ч ялгаагүй галаа түлээд, өрхөө бүтээгээгүй унтсан. Тооноор нь агаар хангалттай орж, чөлөөтэй амьсгалж байсан. Бусад өдрүүдтэй адилхан л байсан гэж байгаа юм. Яагаад угаартах болсныг бид үнэхээр ойлгохгүй байгаа. Түлшинд л өөр найруулга, бодис орсон болов уу гэж хардаж байгаа. Хамгийн харамсалтай нь, Налайх дүүргийн дөрөвдүгээр хорооноос талийгаачийнх бүртгэлгүй гээд угаар мэдрэгч өгөөгүй юм билээ. Хүргэн маань хоёр ч удаа сайжруулсан түлш авах карт, утаа мэдрэгчээ авах гэж очсон. Харамсалтай нь, хорооныхон нь бүртгэлгүй гээд халгаагүй. Арга ядаад бид Чингэлтэй дүүргээс нүүрс авах карт авч өгсөн. Бид үүнд гомдолтой байгаа. Хэрэв утаа мэдрэгчээ өгчихсөн байсан бол хүргэн минь амиа алдахгүй байсан байх. Ядаж тэр чанга утаа мэдрэгчийн дууг сонссон хажуу айлынх нь хүн сонсоод орж ирэх байсан шүү дээ. Орон нутгийн харьяа гээд утаа мэдрэгч өгөөгүй л гэсэн дээ.

-Түр оршин суугчийн бүртгэлгүй байсан гэсэн үг үү?

     -Хорооных нь дарга, хэсгийн ахлагч гэх хүмүүс нь бүртгэлгүй байсан гээд дайраад байгаа юм. Уг нь миний хүүхдүүд тэнд амьдраад гурван жил болсон. Өрхийн эмнэлгээсээ байнга үйлчилгээ авдаг, бүртгэлтэй л байсан. Хамгийн сүүлийн батлах жишээ гэхэд сүүлд төрсөн хүүхдийг нь Налайх дүүргийн дөрөвдүгээр хороогоор бүртгэсэн байна лээ. Бүртгэлгүй байсан ч ганц угаарын хийн мэдрэгч өгчихөж чадахгүй байна. Хашаанд хоёр айл байхад нэгийг нь бүртгэдэггүй хэсгийн ахлагч байна. Хороонд нь хүний амь эрсдчихээд байхад биеэ өмөөрөөд байж байдаг хорооны дарга байна.

-Шүүх шинжилгээний дүгнэлт юу гэж гарсан бэ?

       -Угаартаж, хордож нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Бусад бүх эрхтэн нь эрүүл байна гэсэн. Толгой нь ч өвдөж үзээгүй, цэл залуухан хүүхэд угаартаад л нас барчихаж байгаад гомдолтой байна. Нэг айлын амьдрал хэцүүдэж, хоёр нялх хүүхэд өнчин өсөж байна шүү дээ.

-Танд өөр нэмж хэлэх зүйл бий юү?

         -Хүнээ алдчихсан хүмүүс гомдолтой байлгүй дээ. Тэглээ гээд хэнд хандахаа мэдэхгүй, талийгаачийнхаа ясыг өндөлзүүлээд яах вэ л гэж бодох юм. Хэрэв сайжруулсан шахмал түлш нь хоргүй, ядахнаа өгөх ёстой угаар мэдрэгчийг нь өгчихсөн байсан бол хүргэн маань амьд байх байсан. Хоёр хүүхдийг нь харж үзээсэй л гэж хүсэх юм. Үхсэний хохь болоод л өнгөрч байна даа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *