СӨХ-д дүрэмтэй болох, дундын өмчөө хамгаалахад иргэдийг идэвхжүүлэх санал гаргав

0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны төлөөллүүдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлуудыг нь сонсон, шийдлийн талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотод 1400 гаруй СӨХ байдаг. Өнөөдрийн уулзалтад түүврийн аргаар сонгосон 30 СӨХ-ны төлөөлөл оролцсон юм. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “СӨХ бол иргэдтэй тулж харьцдаг анхан шатны байгууллагын нэг. СӨХ-дтой холбоотой маш олон асуудал бий. Тиймээс өнөөдрийн уулзалтаар СӨХ-дын төрийн байгууллагуудтай харилцах харилцаа, уялдаа холбоог сайжруулж, асуудлуудаа нэгтгэн, шийдэл эрэх боломж бүрдэх болов уу. Мөн СӨХ-дыг хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, нарийвчлан зохицуулах, чиг үүргийг нь тодорхой болгох зорилгоор хуулийн төслийг шинэчлэн найруулж байгаа. Энэ зун болсон үерийн гамшгийн дараа СӨХ-ны чиг үүрэг ямар байх хэрэгтэйг иргэд болон холбогдох албаныхан ойлгосон байх. Тиймээс эрх зүйн шинэчлэл хийж байж олон асуудлыг цэгцлэх боломж бүрдэнэ” хэмээсэн юм.

СӨХ-дын төлөөллүүдээс нийтийн орон сууцанд амьдарч байгаа хүн бүр дагаж мөрдөх дүрэм, журмыг боловсруулж, мөрдүүлэх, дундын өмчөө хамгаалахад иргэдийг идэвхжүүлэх, оршин суугчдыг соёлжуулж, СӨХ-г хөрөнгийн менежментийн компани болгон хөгжүүлэхэд төрийн оролцоо чухал байгааг онцолж байлаа. Мөн СӨХ-ны хүний нөөцийг мэргэшүүлж, чадавхжуулахад анхаарахгүй бол ажиллах хүнгүй болж байгааг дурдаж байв. Хот төлөвлөлт, газар олголт, барилгын зураг төслийн алдаанаас үүдэн аливаа байгалийн гамшигт иргэд эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл өндөр байгаа тул Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, иргэд, СӨХ-дын төлөөллийг оруулах саналыг гаргаж байлаа. Түүнчлэн улсын сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал, хог тээвэр, камерын систем, орон сууцны хороолол хооронд байрлах нийтийн эзэмшил газрын ашиглалт, хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээнд анхаарах шаардлагатай байгааг СӨХ-дын төлөөллүүд хэлж байв.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль нь 2003 онд батлагдаж байсан бөгөөд өдгөө СӨХ, оршин суугч, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, зохицуулах шаардлагыг хангахааргүй байгаа юм. Тиймээс сууц өмчлөгч иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрх ашгийг нь хамгаалах, СӨХ-дод тавих хяналтыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх, нийслэл, дүүргийн зүгээс хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг оновчтой болгох зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг хуулийг шинэчлэн найруулах үүрэг бүхий Ажлын хэсэг ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *