Монгол Улсын Ойн газарт Тайваний мод усалгааны эко хувин хандивлав
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар, Тайваний “Ци Шинь сан”, Монгол Улсын “Хязгааргүй байгаль сан” ТББ хамтран Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт 2023 оны 8-р сарын 18-ны өдөр 300 ширхэг Тайваний мод усалгааны эко хувин хандивлаж, мод тарих ёслолын арга хэмжээ зохион байгуулав. Энэхүү арга хэмжээгээр дамжуулан Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар нь 4 дэхь удаагаа Тайваний мод усалгааны эко хувинг Монгол Улсад хандивлаж байгаа бөгөөд одоогоор нийт 1000 ширхэг Тайваний мод усалгааны эко хувин хандивлаад байна. Энэ удаад Төв аймагт анх удаагаа энэхүү технологийг хэрэглээнд нэвтрүүлж буйгаараа ихээхэн ач холбогдолтой юм.
Тайваний “Ци Шинь сан” нь Тайваний “Рэнжоу” аж ахуйн нэгжтэй хамтран Тайваний мод усалгааны эко хувинг хөгжүүлж, дахин боловсруулсан цаасны целлюлозыг ашиглан эко хувин үйлдвэрлэдэг бөгөөд энэхүү эко хувингийн тусламжтайгаар модны суулгацыг 1 сарын турш ус чийгээр бүрэн хангах боломжтой юм. Харин үүний дараа борооны ус болон усны машинаар зөөвөрлөн авчирсан усны тусламжтайгаар усны нөөцийг дахин нэмэгдүүлнэ. Ингэснээр хуурай хөрстэй бүс нутагт модны ургалт, ойжуулалтыг нэмэгдүүлэх боломжтой төдийгүй Тайваний мод усалгааны эко хувингийн тусламжтайгаар Тайваний хуурай, хөрсний доройтолд орсон бүс нутагт мод суулган, модны суулгацын амьдрах чадварыг 10%-иас 95% хүртэл амжилттай нэмэгдүүлж чадсан. МУ-ын албан байгууллагууд, оюутан залуус энэхүү технологийг Монгол Улсад ашиглахад нэн тохиромжтой гэж үзсэн.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын Хяналт шинжилгээ үнэлгээ мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Мөнхболор хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөртэй холбогдуулан мод тарих, мод суулгах үйл хэргийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын засгийн газраас тус агентлагийг байгуулсан. Бид энэ удаад Төв аймаг болон Дундговь аймгийг сонгон Тайваний мод усалгааны эко хувингийн тусламжтайгаар мод суулгаж, янз бүрийн цаг уурын нөхцөлд энэхүү технологийн үр дүнг ажиглах болно. Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар болон Тайваний “Ци Шинь сан” ТББ-ын зүгээс Монгол Улсад дэмжлэг үзүүлэх зорилгоор Тайваний шилдэг ногоон технологийг идэвхтэй нэвтрүүлж байгаад талархал илэрхийлье.” гэв
Тайваний Ци Шинь сангийн захирал Чэн Ли И хэлсэн үгэндээ “Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр энэ удаад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай мод тарих чиглэлээр хамтран ажиллаж буйдаа гүнээ талархаж байна. Бид Тайваний далайн эрэг дагуу зуны улиралд 80 градус хүртэл халдаг, өвөлдөө хүчтэй салхи салхилдаг элсэрхэг хөрсөнд одоогоор 1.1 сая гаруй мод тариад байна. Энэ удаагийн хамтын ажиллагаагаар дамжуулан бидний үйл хэрэг цаашид улам бүр өргөжин тэлэх боломж нээгдэж, Монгол орны хөрсөн дээр илүү олон мод амжилттай тарьж суулгах болно гэдэгт итгэлтэй байна. Ой модтой бол устай, зөөлөн уур амьсгалтай болж, байгалийн үзэсгэлэнт өнгө үзэмжийг хадгалж хамгаална. Ингэснээр бид уур амьсгалын сорилттой тулгарах үед илүү тэсвэртэй, уян хатан байж чадах билээ.” гэв.
Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын тэргүүн Грэйс Лүө хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөртэй холбогдуулан манай төлөөлөгчийн газар нь Тайваний Ци Шинь сантай хамтран өнгөрсөн онд Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Нийслэлийн Бизнес инновацийн газрын Бизнес инкубатор төвд нийт 3 удаа эко хувингийн тусламжтайгаар мод суулгасан бөгөөд эдгээр модны суулгац нь 100% амжилттай ургаж чадсан. Энэхүү тасралтгүй хамтын ажиллагааны үр дүнд энэ удаад бид эко хувин ашиглан мод суулгасан 4 дэхь туршилтын талбайг байгуулж, энэ нь Тайваний мод усалгааны эко хувинг Монгол оронд сурталчлах үндэс болно гэж найдаж байна.” гэв.