Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн боловсролын салбарын удирдлагуудтай уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.08.22) Баянхонгор аймгийн боловсролын салбарын удирдлагуудтай уулзаж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн баталсан Боловсролын ерөнхий хуулийн онцлох зохицуулалтуудыг танилцуулахын зэрэгцээ хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.
Уулзалтад тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ж.Алтанцэцэг тэргүүтэй, Нийгмийн бодлогын хэлтэс, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлагууд зэрэг 50 гаруй хүн оролцсон юм. УИХ-ын дарга Занданшатар шинээр батлагдсан Боловролын ерөнхий хуулиар багш бэлтгэх тогтолцоо, багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих улмаар боловсролын чанар, хүртээмж сайжрах эрх зүйн үндсийг бүрдүүлснийг онцлов. Мөн багшийн нийгмийн баталгааг сайжруулж сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтанд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг эхний 5 жил тутамд, үргэлжлүүлэн олгохдоо дараагийн 3 жилээс тооцох зохицуулалт тусгагдан талаар танилцууллаа.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга технологийн IV хувьсгал, тектоник шилжилт буюу дэлхий нийтийн өөрчлөлтийн энэ эрин үед багш нараас ч өөрчлөлтийг шаардаж байна. Бид уламжлалт сурган хүмүүжүүлэх арга барилаа ч өөрчлөх шаардлагатай. Боловсролын ерөнхий хуулийг үүнд нийцүүлэхийг зорьсон гэдгийг онцолсон. Үүнээс гадна Баянхонгор аймгийн хэмжээнд боловсролын салбарт тулгамдсан асуудал, төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар ярилцлаа