Б.Батбаатар: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахгүй бол намууд бэлэн бус байна
Улс төрийн намуудын дарга, төлөөлөл Улс төрийн намын тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ.
ИЗНН-ын дарга Б.Батбаатар:
-Улс төрийн намын бүртгэлийн асуудлыг хойшлуулах зайлшгүй шаардлага тулгараад байна. 2024 он сонгуулийн бүтэн циклтэй он болсон. УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль дөнгөж дуусангуут улс төрийн намуудын бүртгэлийн асуудал сөхөгдөж гарч ирж байна. УИХ-аас 2023 оны долоодугаар сарын 7-нд Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын журмын тухай хуулийг батлахдаа тухайн үед парламентад байсан гурван нам өөрсдийн эрх ашигт нийцүүлж бусад улс төрийн намын үйл ажиллагаа явуулах боломж нөхцөлийг хяссан, эвсэж нэгдэх улс орны төлөө зүтгэх боломжийг хаасан зангуутай хууль баталсан. Энэ хуулиар бий болж байгаа сөрөг үзэгдлийг хойшлуулахын тулд улс төрийн намууд мэдэгдэл хийж байна.
2024 оны турш сонгууль гэж явсаар өнөөдөр дөнгөж амсхийлт хийж байна. Ул суурьтай, баталгаатай найдвартай хийхийн тулд тодорхой цаг хугацаа хэрэгтэй байна. Хамгийн багадаа нэг жилээр хойшлуулах хүсэлт тавьсан гэв.
Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат:
-Улс төрийн намын тухай хуульд зааснаар нэг жил байтугай нэжгээд жил тавиад ч дааж давахааргүй их ажил хийх заалт орсон. Улс төрийн намууд намын удирдах хурлаа хийгээд бүтцийн 40 хувьд жендер оруулаад дахин бүртгүүлэх. Намын дэргэдэх төрийн бус байгууллагуудаа дахин бүртгүүлэх асуудал яригдаж байна. Намын дэргэд судалгааны байгууллагатай байх ёстой. Үлдэж буй энэ нэг сарын сарын хугацаанд амжихгүй.
Үндсэн хуульд тусгасан олон намын тогтолцоонд ноцтой хохирол учруулна гэж Эх орончдын нэгдсэн нам үзэж байна. Хэрвээ Улс төрийн намын тухай хуульд заасан хүнд болзлыг гүйцгээхгүй бол улс төрийн намыг татан буулгах, үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх асуудал яригдаж байна. 2028 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа улс төрийн намын гишүүнчлэлийн асуудлыг сонгогчдын нэг хувь байхаар зааж, түүнийгээ 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр хугацаа заасан. Тийм учраас Эх орончдын нэгдсэн намын хувьд улс төрийн намын бүртгэлийн асуудлыг нэг жилээр хойшлуулах асуудал биш хэдхэн намд зориулагдсан хуулийн хэрэгжих хугацааг 2028 он хүртэл хойшлуулах ёстой. Тэгэхгүй бол Монголд улс төрийн нам үлдэхгүй гэв.