Мөнгөнморьтод 1 хүн боом өвчний халдвар авчээ
Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс боом хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгсэн талаар мэдээллээ. Тодруулбал, 2023 оны наймдугаар сарын 21-нд Төв аймгийн Мөнгөнморьт суманд малын боомын өвчлөл бүргэгдсэн голомтоос нэг хүн боомын халдвар авч өвчилсөн болох нь өчигдөр /2023.08.23/ ЗӨСҮТ-д хийсэн лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ:
• Уг тохиолдлыг Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлаж, эмчилгээ хийж байна.
• Голомтын тандалт судалгааг өргөжүүлэн, халдварын эх уурхай, халдвар дамжих хүчин зүйлсийг тогтоон, голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийж байна.
• Тус суманд 2023 оны наймдугаар сарын 21-нд сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.
Боомоор өвчилсөн, үхсэн мал амьтан, тэдгээрийн сэг зэм, боомын үүсгэгч агуулсан хөрс өвчний эх уурхай болдог. Тиймээс шалтгаан нь тодорхойгүй болон боомоор үхсэн малыг өвчихгүй, махыг ашиглахгүй, өвчтэй малын хашаа, хороо, өтөг бууцтай харьцахгүй байхыг зөвлөж байна.