Төрийн байгууллагуудад хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг хянан үзэв
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 8 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдлийг багасгах, нийтийн албан тушаалтныг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг тэгш шударга болгох, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох зөвлөмжийг хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Богд хан уулын дархан цаазат газарт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтэд дүн шинжилгээ хийж, хэрэгжилт хангалтгүй байгаа тул цаашид ажлаа эрчимжүүлэх талаар тодорхой чиглэлийг өгч ажиллалаа.
Иргэд, олон нийтээс 110 утсаар ирүүлсэн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Баян-Өлгий аймгийн Бугат сум, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг төрийн байгууллага, албан тушаалтны ёс зүй, хүнд суртал, чирэгдлийн талаарх гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажиллагааг явууллаа.