Иргэд 82 сая төгрөгийн үнэлгээтэй газраа 250 сая төгрөг хэмээн үнэлэх болжээ
ГССҮТ-ийг “Содон” хороололтой холбох авто замын ажил 11 нэгж талбар газраа чөлөөлөхгүйгээс болж удааширч байна.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 13 байршилд шинээр холбоос зам хийж байгаа. Үүний нэг болох Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил үргэлжилж байна. Тус бүтээн байгуулалтын газар чөлөөлөлтийн ажил 2022 оноос хойш үргэлжилж байна. Газар чөлөөлөлт бүрэн дуусвал газар шорооны ажлыг энэ жилдээ 90 хувьд хүргэх боломжтой.
Гэсэн ч айлууд газраа чөлөөлөхгүй байгаагаас үүдэн бүтээн байгуулалтын ажил удааширч эхэлжээ. Эдгээр айл өрхүүд газрын тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, 3-4 дахин их төлбөр нэхэмжилж байгаагаас болж тус замын ажил саатжээ. Тухайлбал 82 сая төгрөгийн үнэлгээтэй газраа 250 сая төгрөг хэмээн үнэлэх тохиолдол ч гарчээ.
ГССҮТ-ийг “Содон” хороололтой холбох авто зам ашиглалтад орсноор хоногт 26-35 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай үндсэн зам болох юм. Тус зам нь зургаан эгнээ бөгөөд хоёр талдаа тойрогтой, гүүрэн гарцтай байх юм. Бүтээн байгуулалтын хүрээнд эхний нүхэн гарцын ажлын суурь бэлэн болжээ.
Энэхүү замыг ашиглалтад оруулснаар Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна гэж тооцооллыг мэргэжлийн байгууллагаас гаргажээ.