Ерөнхий сайд асан С.Баярын Монголын ардчиллын талаар хэлсэн онцлох 10 ЭШЛЭЛ
XБНГУ-ын Конрад Аденауэр Сан Монгол Улсад суурин төлөөлөгчийн газраа байгуулж, үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан “Монголын ардчилал: өчигдөр, өнөөдөр” ардчиллын VII чуулган боллоо.
Уг хуралд Ерөнхий сайд асан С.Баяр оролцож, дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр “Өнөөгийн Монгол Улсын ардчилал балчир залуу боловч ардчиллын талаарх сэдэв олон салаа мөчиртэй мод шиг том сэдэв гэж бодож байна. Нэг илтгэгч, тэр тусмаа мэргэжлийн судлаач би 10 минутад багтааж энэ том сэдвийн талаар ярьж чадахгүй л дээ. Энд байгаа хүмүүс нийлээд 10 цаг, магадгүй 10 өдөр яриад ч барахааргүй том сэдэв юм болов уу. Гэхдээ би Конрад Аденауэр Сангаас надад тавьсан үг хэлэх саналыг зориглон хүлээж авсан юм. Хоёр учир шалтгаан надад байгаа.
Нэгдүгээрт, би 66 настай. Амьдралынхаа 33 жилийг хуучин нийгэмд өнгөрөөсөн. Дараагийн 30 жилийг ардчилсан тогтолцоо руу шилжих шилжилтийн үед амьдарч байгаа. Хуучин амьдрал минь ямар байж байгаад өнөөдөр яаж өөрчлөгдсөн гэдгийг өөрийн нүдээр харж, өөрийн биеэр туулж байгаа. Ийм учраас ардчиллын талаар ярих бололцоо надад байна гэж үзэж байна.
Хоёрдугаарт, миний бие зөвхөн ардчилсан өөрчлөлт, шилжилтийн үеийн амьд гэрч төдийгүй зарим үед идэвхтэй оролцогч, зарим үед улс төрийн тайзнаа гарч тоглодог нэг гол тоглогч нарын нэг байж ирсэн учраас надад хэлэх хэдэн үг байна.
Надтай адил Монголын улс төрийн тайзнаа гол дүр бүтээж байсан, одоо ч бүтээж байгаа олон эрхмүүд өнөөдрийн энэхүү танхимд байна. Тэдэндээ энэ сайхан өдрийн баярын мэндийг тусгайлан хүргэе гэж бодож байна” хэмээв.
Монголын ардчиллын талаар Ерөнхий сайд асан С.Баярын хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Том гүрнүүдтэй хил залгаа байдаг, байршлаасаа болоод дунд нь хавчигдаж ирсэн монголчуудын хувьд эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан байдал гэдэг нь юунаас ч илүү чухал.
Олон мянган жилийн турш нүүдэлчид байгалийн хуулиас өөр ямар нэгэн дүрэм журам, дээрээс эсвэл гаднаас тунхагласан удирдлага захиргааг хүлээн зөвшөөрөх дургүй ард түмэн байсаар ирсэн.
Чингис хааныг ардчилсан үзэлтэй зүтгэлтэн байсан эсвэл тухайн үеийн Монголын нийгэм сүрхий ардчилсан нийгэм байсан гэж би нотлох гэж оролдохгүй. Гэхдээ төлөөллийн ардчилал, сонгуулийн суурь зарчим Чингис хааны үед хэрэгжиж эхэлсэн.
1,000 жилийн өмнө талын нүүдэлчид төрийн хэрэгт өнөө цагийн ардчиллын арга хэлбэрийг ашиглаж байсан.
Тогтвортой, зохион байгуулалт сайтай төр засгийг хүчээр биш эвээр, дарангуйллаар биш зөвшилцлөөр, тулгалтаар биш сонгуулиар байгуулах ёстой гэдгийг талын нүүдэлчид эрт дээр үеэс мах, цусандаа шингэтэл ойлгосон.
Ардчилсан механизм ашиглахаас гадна нийгэм, эдийн засаг, гадаад харилцаанд хүртэл өнөөдөр дэлхий нийт чухалчлан үзэж байгаа зарчим, арга хандлагыг Чингис хаан нэвтрүүлж байсан нь сонин.
Төрөө байгуулах ардчилсан механизм нь араасаа чөлөөт худалдаа, эрх зүйт харилцаа, шашны үзэл зэргийг дагуулдаг нь нэг ёсны зүй тогтол байж мэдэх юм гэж боддог.
Асуудлыг олноороо хэлэлцэн шийддэг нүүдэлчдийн арга, зарчим нь өнөөгийн Монголд ардчиллыг тогтоон, хэвшүүлэхэд түүхэн чухал суурь болсон.
Шинэ Монголын ардчилсан үйл явцад авлига, ажилгүйдэл, хавтгайрсан халамж, архидалт, шударга бус шүүх гээд олон бэрхшээл тулгарсаар ирсэн. Одоо ч тулгарч байгаа.
Монгол Улс ардчилсан реформоо богино хугацаанд тун эрчимтэй эхлүүлсэн байдаг. 20 дугаар зууны Монгол Улс нь Ази номхон далайн бүс нутгийнхаа улсуудаас харилцаа хамаарлын хувьд харьцангуй хол явж ирсэн. Харин Зөвлөлт Холбоот Улс, Зүүн европт өрнөж байсан улс төр, нийгмийн үйл явцад илүү ойр, сайн, муу нөлөөнд нь өртөмтгий улс байсан.