ҮБХ-ны хурал эхэлж, журмаа шинэчлэн баталж байна
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо 13.00 цагаас хуралдахаар бэлтгэж байна.Өнөөдрийн хурлаар АН-ын шат шатны бүх удирдах албан тушаалтнуудыг томилох юм. Хуралдааны дэлгэрэнгүйг доорх байдлаар хүлээн авна уу.
Нэмэлт: 16.10 цаг
Ирц бүрдсэнээр АН-ын ҮБХ-ны ээлжит бус хуралдаан хаалттай эхэллээ. Яг одоо хорооны шинэ дүрмийг батлах асуудлыг хэлэлцэж байна. Үүний дараа гишүүдийн тоог нэмэгдүүлэх, улмаар намын дэд дарга нар болон Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох юм байна.
Хуралдааны үеэр АН-ын дарга Л.Гантөмөр “Манай нам нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 9-ний хооронд хэрэлдээгүй. Бидэнд сонгуулийн стратеги, олон жилийн түүх бий. Өнөөдөр асуудлаа шийднэ. Ирэх сонгуулиар АН нэгдмэл гэдгээ харуулна. Энэ удаагийн хуулийн шинэчлэл нь олон давуу талыг бий болгосон. Тиймээс өнөөдрийг ҮБХ-ны хуралдаанаар чухал үр дүнгүүд гарна” гэлээ.
Нэмэлт: 15.09 цагт
Л.Гантөмөр хуралдаандаа ирж, УИХ-д суудалтай АН-ын гишүүд ирц нэмжээ
Үндэсний бодлогын хорооны хуралдаан эхлээгүй хэвээр байна. Ш.Адьшаа, О.Цогтгэрэл, Б.Бейсен, Б.Пүрэвдорж, А.Адъяасүрэн, Н.Батсуурь нарын УИХ-д суудалтай АН-ын гишүүд нэмэгдэж иржээ. Мөн АН-ын байранд тусдаа хуралдаж байсан намын дарга Л.Гантөмөр ч хүрэлцэн ирсэн байна.
Өмнө нь мэдээлж байсанчлан хуралдаан хаалттай явагдах учир сэтгүүлчдийг гаргасан. Харин АН-аас өөрсдийн хэвлэлийн алба нь сошиал хуудсаараа дамжуулан шууд дамжуулалт хийнэ гэсэн мэдээлэл байна.