Н.Ганзориг: Нийслэлийн Засаг даргын орлогчийг биднээс уучлалт гуйж, амласан ажлаа хийж өгөхийг хүсэж байна

0

Нийслэлийн удирдлагууд хараагүй иргэнийг бэрхшээлийнх нь байдлаар доромжилсонтой холбоотой асуудлаар “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ноос “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

“Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны ерөнхийлөгч Н.Ганзориг “Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө бидэнтэй ёс бус харьцсан талаар мэдээлэл өгье. Хараагүйчүүдийн үндэсний холбооны үйл ажиллагааны байр маш муу, дусаал дусдаг, эрүүл аюулгүй хөдөлмөрлөх орчин нөхцөл маш муу. Үер ус бага жилүүдэд ч байнга ус шавар тогтдог тул хараагүй хүмүүс алхаж зорчиход хүндрэлтэй. Энэ асуулыг бид Нийслэлийн захиргаанд удаа дараа мэдэгдэж, шийдэж өгөхийг хүссэн.

Энэ оны тавдугаар сарын сүүлээр З.Төмөртөмөө дарга, бусад дарга нартай манай холбооны үйл ажиллагаатай танилцахаар ирсэн. Бид “Манай гадна орчныг хараагүй хүн зорчиж болохуйц засаж өгөөч” гэж хүссэн. Тэр үед З.Төмөртөмөө “Энэ асуудлыг шийдэх боломжтой. “Цэвэр агаар” төслийн санхүүжилтээр энэ асуудлыг шийдэж өгье” гэж амласан.

Ингээд гадаад орчныг засахад инженерийн зураг хэрэгтэй тул бид зургаадугаар сард шинээр зураг төсөл хийлгэсэн. Хот байгуулалт хөгжлийн газарт зургаа өгч гарын үсэг зуруулсан. Мөн Барилгын хөгжлийн төв дээр магадлан хийлгэж батлуулсан. Гэтэл “Цэвэр агаар” төслөөс санхүүжилтийн бичиг өгөөгүй. Тэд “Танай ажлын санхүүжилт өнгөрчихсөн. Санхүүжилт өгөх боломжгүй” гэсэн.

Эргээд З.Төмөртөмөө даргад хандтал “Та нарын зураг удсанаас болж энэ ажил бүтэхгүй болсон.” гээд уулзахгүй байсан. Твиттер дээр “З.Төмөртөмөө дарга хараагүй иргэдийг хуурлаа” гэж бичсэн нь олон нийтэд хүрсэн. Ингээд өмнө долоо хоногт над руу яриад “Чи аятайхан байгаарай” гэж заналхийлсэн. Ингэхэд нь би “Бидэнд цаг өгчих, нүүр нүүрээ харж байгаад асуудлаа ярья” гэтэл З.Төмөртөмөө дарга “Чи хүний нүүр харах уу?” гэж доромжилсон. Энэ бол төрийн өндөр албан тушаалтнаас гарч болохгүй хандлага.

Бид Ерөнхий сайд болон Нийслэлийн Засаг даргад хандаж “З.Төмөртөмөөд зохих арга хэмжээг авч, хэлсэн үгэндээ уучлалт гуй. Мөн бидэнд амласан гадна тохижилтын ажлаа хийж өгөөч” гэж шаардлага хүргүүлж байна.” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *