“Pearson English” хөтөлбөрийг хэрэгжүүлэх 120 багшийг сургалтад хамруулав
Энэ хичээлийн жилээс төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулийн V-VI ангид “Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөр хэрэгжинэ. Үүнтэй холбогдуулан үндэсний сургагч багш бэлтгэх, багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг БШУЯ-наас зохион байгууллаа.
Сургалтад нийслэл, аймаг, сумын 120 багш хамрагдаж “Үндэсний сургагч багш” сертификат гардан авсан юм. Багш нар өөрийн сургуулийн англи хэлний бусад багш нарт энэ 7 хоногт багтан сургалт орох юм. Ингэснээр есдүгээр сарын 1 гэхэд хөтөлбөрийг V–VI ангид заах багш нар маань бэлэн болно.
“Pearson English хөтөлбөрийг өнгөрсөн зургаан сарын туршид 38 сургууль дээр туршсан байна. Энэ хичээлийн жилийн хувьд 700 орчим сургууль, 2000 орчим багш, 150 мянган сурагч энэ хөтөлбөрт хамрагдах нь. Англи хэлний сургалтын тус цогц хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг ашигладаг. Иймд ЕБС-ийн англи хэлний багш нар “Pearson English Connect” дижитал платформыг ашиглан хичээлээ заах, цахим анги үүсгэж, сурагчийн сурлагын ахицыг хянах, түүнд тохирсон даалгавар өгөх зэрэг зааварчилгаанаас гадна багшийн заах арга зүйг хөгжүүлэх, сайжруулахад чиглэсэн практик хичээлүүдийг судлав.