БШУЯ: 22 их дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг энэ сард цуцална
Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд сургалт эрхлэх зөвшөөрөл нь хүчингүй болсон, нэгдэж нийлсэн их, дээд сургуулиуд бие даан элсэлт зохион байгуулж байна гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар БШУЯ-ны Дээд боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамираас мэдээлэхдээ “Их сургууль болгон үр дүнд суурилсан хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Тэгэхээр тухайн ажлын байранд мэргэжил эзэмшээд очиход ямар мэдлэг, чадвартай хүн бэлтгэх вэ гэдэг загвараа эргэн харах шаардлагатай болж байна. Энэ ажлаас хөтөлбөрийн шинэчлэл эхлэх ёстой. Хоёрт, хөтөлбөрийг боловсруулахаас гадна хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шинжилгээ хийх хэрэгтэй. Сургалтын танхимын болон танхимын бус цахим сургалт хосолсон хэлбэрийг зохион байгуулж, технологи, арга зүйд шинэчлэл хийх нь чухал.
Цахим сургалтыг хэрэгжүүлж байгаа үед оюутны суралцах үйл ажиллагаа тэрнээс хамаарч сургалтын төлбөр, багшийн цагийг зохицуулах боломжтой. Ер нь дээд сургуулийн статусыг 2025 оны зургадугаар сарын 15-наас хойш хэрэглэхгүй.
Өнөөдрийн байдлаар 30 дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна.
Эдгээрийн эрэмбэ чансааг тогтоож, чанарын хяналтыг хийж байгаа. Энэ тоо хэд болж буурахыг мэдэхгүй. Яамнаас эдгээр сургуулиудад их сургуулийн ангиллын шатлалаар шалгаж, техникийн зохицуулалтыг Засгийн газар батална. Тэгээд их сургууль болж чадах нь их сургууль болж, чадахгүй нь МСҮТ болно. Их сургууль гэсэн статустай мөртлөө ангилалаа шинэчлэн тогтоох шаардлагатай сургуулийг чанарын хяналтын үйл ажиллагааны явцад гарч ирэх байх.
Монгол Улсад хоёр жилийн өмнө 100 орчим их сургуультай байсан. Өнөөдөр энэ тоо 65 болсон. Цаашид 30 их сургуультай байх бодлогыг барьж ажиллана.
Их дээд сургуулийн эрэмбэ чансааг есдүгээр сардаа багтан нээлттэй ил тод зарлана. Тодорхой шалгуур хангаагүй их дээд сургуулиудыг салбарын хяналтаа тавьж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно. Өнгөрсөн жил их дээд сургуулиудад шалгалт хийж, зөрчил илэрсэн 22 их дээд сургуулиуд байгаа. Тэр сургуулиудын шалгалтыг өнгөрсөн хавар багц хууль баталж байгаатай холбоотойгоор намар хүртэл хойшлуулсан. Одоо 22 их дээд сургуульд есдүгээр сарын 15-наас салбарын яамнаас хяналт тавьж, үйл ажиллагааг нь зогсооно. Албан шаардлагыг хангаж чадаагүй бол сургалтын үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцална. Харин тухайн хуулийн этгээд сургалтын төв болох юм уу, өөр компани болох уу гэдэг нь байгууллагын эрхийн асуудал” гэсэн юм.