АТГ авилгын акулуудыг барьж чаддаггүй бол ядаж нийслэл дэх авлигын “тул загас”-нуудыг барьж, ажлаа хийгээсэй

0

АТГ байгуулагдаад 16 жил болж байна. Энэ хугацаанд сайн муугаараа дуудуулан үүрэгт ажлаа чадлаараа л хийсэн байх. Гэвч сүүлийн жилүүдэд энэ байгууллагын ажил авлигын “акул, тул” загаснуудыг бус “жижиг жараахайнууд”-тай хөөцөлддөг боллоо гэх яриа иргэдийн дунд гарах болсон.

Энэ ч ортой. Өнгөрсөн өвөл “Нүүрсний хулгай”-тай холбогдуулан АТГ-аас улс төр, бизнест нөлөө бүхий 17 хүнийг зарласан атлаа эргээд хэн хэнийг нүүрсний хулгайтай холбогдуулан мөрдөн байцаасан, хэнийг прокурорын хяналт, шүүх рүү шилжүүлсэн, хэн хэнийг цагаатгасан тухай мэдээллийг нийтэд хүргэлгүй бүрхэг үлдээж, тэгсгээд тэдний чимээ алдарсан.

Нүүрсний хулгайн, авлигын хэргийн учиг зангилаа явж явж улс төрд эрх мэдэл, нөлөө бүхий ”эрхэмүүд”-тэй холбогддог учраас АТГ чигч шударгаар ажиллахад хүндрэлтэй байдгийг үгүйсгэх аргагүй. Учир нь энэ байгууллагын дарга, комиссоруудыг улс төрчид томилдог гэхэд хэлсдэхгүй.

Өнгөрсөн зун нийслэлд орсон борооноос үүдсэн үеэр нийслэл хотын хэмжээнд авлигын тор хэрхэн сүлжилдсэн, газар олголт, байшин барилга барих зөвшөөрөлтэй холбоотой авлига яаж цэцэглэснийг бүрнээ харуулсан гэхэд хэлсдэхгүй. Үүнтэй хотын удирдлагаас эхлээд хууль бусаар олгосон газар, барьсан барилгатай эвлэрэхгүй хатуу тэмцэнэ гэдгээ хэлчихлээ.

Ийм цаг үед АТГ ажлаа нэн шамдуу хийж, нийслэл хотод сүлжилдсэн авлигын сүлжээг илчилж, нийслэлд шургасан авлигын “тул загас”-уудыг барих ажилдаа ханцуй шамлан орох хэрэгтэй байна.

Ард иргэд ч гэсэн АТГ-аас авлигын “акул, тул загаснуудыг барих” ийм л үр дүнг хүлээж байгаа болохоос биш цэцэг набор авсан сургууль цэцэрлэгийн багшийг, бусдын өвчнийг эмчилж, ар гэрийнхэний нь баярласан сэтгэлийн илэрхийлэл болсон пицца бэлэгэнд авсныхаа төлөө шалгуулж байгаа эмчийг АТГ шалгаж, яллахыг нэн чухал ажил нь чухал гэж харахгүй байгаа.

Тиймээс АТГ одоо л ажилласан шиг ажиллаж, нийслэл хотод үүрлэсэн авлигын сүлжээг хууль хяналтын байгулулагынхантай хамтарч илрүүлж, буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах хэрэгтэй.

Ингэж гэмээнэ АТГ-ыг ард иргэд “авлигын жараахай”-г барьдаг биш “тул загас” барьж чаддаг, товчхондоо ажлаа хийж чаддаг байгууллага гэж харах болно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *