Ж.Ганбаатар: УБТЗ жонш, төмрийн хүдэр тээвэрлэх вагон өгөхгүй байгаагаас экспорт зогссон

0

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатараас цаг үеийн асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.

-Жонш, төмрийг ирэх сарын 1-ээс биржээр худалдаалах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Биржээр худалдаалахад бэлэн үү. Тээврийн асуудлаа шийдэж чадах уу?

-Жонш, төмрийн хүдэр дээр нэг бэрхшээл үүсээд байгаа нь тээвэрлэлт. Нүүрс шиг машинд ачаад гаргаж болдоггүй. Тэгэхээр вагоны асуудал үүсч байна. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаан дээр яг энэ асуудлыг ярьсан. Тээвэрлэлтийг нь хэрхэн шийдэх, Монголын талын төмөр замтай хэрхэн хамтран ажиллах вэ гээд. Үүн дээр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайдын хүрээнд уулзалт хийх санал гаргасан. Ер нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Монголросцветмет” ТӨҮГ хоёрын жонш, төмрийн хүдэр гаргах тал дээр Засгийн газар тээврийн хувьд ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг асуудлыг л ярьж байна.

-Яаж дэмжих юм бэ. Вагон дутагдалтай байгаа гэж байна. Улаанбаатар төмөр замаар зөөж болдоггүй юм уу?

-Вагоныг л саадгүй олж өгөх шаардлагатай байна. Төмөр замтайгаа ярьж байгаад яагаад хувийн хэвшлийн бүтээгдэхүүнийг гаргаад төрийнхийг гаргахгүй байна гэдэг гаргалгааг гаргана гэсэн үг. Түүнээс манай уурхайнууд бүтээгдэхүүнээ зарахгүй юм уу, тэнд ямар нэгэн асуудал гарсан зүйл байхгүй.

-Засгийн газар тээвэр дээр нь дэмжлэг үзүүлээд, биржээр барилжаалаад эхлэхээр борлуулалт ямар хэмжээнд нэмэгдэх вэ?

-Дарханы төмөрлөгийн үйлдвэр долдугаар сарын 1-ээс хойш борлуулалт хийгээгүй. “Монголросцветмет” ТӨҮГ ч ялгаагүй. Тэгэхээр борлуулалт тэг зогссон байна. Харин хувийн хэвшлүүдийн төмрийн хүдэр гарч байгаа. Тиймээс төрийн байгууллага гаргаж чадахгүй байгаа асуудал дээр Засгийн газар дэмжлэг үзүүлж, шийдвэрлэнэ гэсэн үг. Тэгэхээр борлуулалт 100 хувь нэмэгдэнэ гэж ойлгож болно.

-Зөвхөн тээврээс шалтгаалж төмөр хүдэр, жоншоо экспортод гаргаж чадахгүй өнөөдрийг хүрч байгаа юм уу?

-Ерөөсөө тээвэртэй л холбоотой. Та бүхэн Улаанбаатар төмөр замаас “яагаад Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Монголросцветмет” ТӨҮГ-т вагон өгөхгүй байгаа юм” гэж асуух хэрэгтэй.

-Тэгвэл Засгийн газрын хуралдаанд Улаанбаатар төмөр замын холбогдох оролцож, тайлбар өгөөгүй юм уу?

-Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд Улаанбаатар төмөр замын удирдлагууд ирээгүй. Би Биржийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа. Хурлуудад олон тайлбар хэлдэг. Харин Засгийн газрын хуралдаанд ирж тайлбар өгсөнгүй. Ерөнхий сайд ирж тайлбар өгөхийг шаардсан.

-Халзан бүрэгтэй ордын үйл ажиллагааг түр түдгэлзүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энэ шийдвэрээс харахад Засгийн газар хэтэрхий субъектив хандаад байх шиг. Эзэмшигч нь Худалдаа хөгжлийн банк учраас ийм шийдвэр гаргасан юм биш биз дээ?

-Үгүй ээ. Халзан бүрэгтэйн ордын хайгуулын лицензийг эзэмшиж байгаа компани маш тодорхой заалтуудыг зөрчсөн байгаа учраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд улсын байцаагч акт тавьсан. Акт тавиад үйл ажиллагааг нь зогсоочихоод байхад үйл ажиллагаагаа явуулаад байсан. Үйл ажиллагаагаа зогсоо гээд салбар яамны улсын байцаагч акт тавьчихаад байхад хэвийн ажиллаад байж болохгүй шүү дээ. Үүнийг л иргэд сануулж хэлсэн гэсэн үг.

Засгийн газрын хуралдаанаар С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ “Наад ажлаа сайжруул. Орон нутагт очиж иргэдтэй нь уулз” гэдэг даалгавар өгсөн. Түүнээс төр буцааж авах гэж байгаа юм уу, энэ байгууллагын үйл ажиллагааг бүр зогсоох, лицензийг нь хурааж авах гэж байгаа асуудал огт байхгүй.

-Тэгвэл актад дурдсан зөрчлүүдээ арилгачихвал үйл ажиллагаагаа явуулж болох уу?

-Болно шүү дээ. Болохгүй гэсэн зүйл байхгүй. Засгийн газар субъектив хандаад ганцхан тэрийг тусгаарлан авч үзээд байгаа зүйл байхгүй. Актад дурдсан алдаа дутагдлаа зас.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *