С.Бямбацогт: Зам тээврийн салбарт гарч буй үр дүн л миний өмнөөс ярина байх даа
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ерөнхий сайд Дарханы замын нөхцөл байдалтай танилцаад он гарахаас өмнө бүрэн дуусгах чиглэл өгсөн. Хариуцсан сайдын хувьд энэ замыг дуусгах боломжтой гэж харж байгаа юу?
-Тэгэлгүй яахав. Олон жил иргэдийг бухимдуулж бөөн чирэгдэл болсон энэ замыг энэ намар бүрэн дуусгана. Одоогоор хоёр урсгал дөрвөн эгнээ авто зам барилгын ажлын нийт гүйцэтгэл 80 гаруй хувьтай байна.
Ямар ч байсан ирэх 10 дугаар сарын 30 гэхэд хоёр урсгал дөрвөн эгнээ замын хөдөлгөөнийг бүрэн нээхээр ажлаа шахаж чанартай, хурдтай ажиллахыг гүйцэтгэгч компаниудад чиглэл болгосон. Тиймээс ч зам барилгын талбайд хүн хүчээ нэмэгдүүлж ажиллах үүрэг өгсөн. Өнөөдрийн байдлаар нийт 398 машин тоног төхөөрөмж, 871 инженер техникийн ажилтан тэнд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл зогсоо зайгүй ажиллаж байна. Мөн өнгөрсөн намар хөдөлгөөн нээсэн нэг урсгал хоёр эгнээ зам дээрээ нэмж өнгө асфальт бетон хучилт хийнэ. Төлөвлөсөн хугацаанд нь ажлаа чанартай хийхэд гол анхаарлаа хандуулж байна.
-Өнгөрсөн хугацаанд Зам тээврийн салбарт чамгүй олон ажил хийгдлээ гэж олон нийт ойлгож байгаа. Сайдын хувьд голлож ямар ажлууд хийсэн гэж хэлэх вэ?
-Энэ тал дээр би өөрөө нэг их яриад байх нь зохимжтой биш болов уу. Өмнөөс чинь хийсэн ажил чинь ярина гэж нэг үг байдаг даа. Гэхдээ ганц нэг ажлынхаа үр дүнг тодотгох нь зүйтэй байх. Олон улсын нислэгийн тоо давтамж эрс нэмэгдэж үнэ нь буурлаа. Дэлхийн 42 улсын 105 цэгт нислэг үйлдэх боломжтой боллоо. Өдөрт Солонгос, Япон, Турк, Хятад, Герман гээд олон орноос хэдэн арван нислэг хүлээн авч байна. Орон нутгийн есөн чиглэлд нислэг сэргээж онгоцны тийзний үнийг хоёр дахин буурууллаа. Авто тээврийн салбарт гэхэд өнөөдрийн байдлаар 40 гаруй сая тн ачаа тээвэрлэж тавьсан зорилтоо 160 гаруй хувиар давуулан биелүүлээд байна. Тээврийн өртөг зардал цар тахлын үеийнхээс 10-аас 20 дахин буурлаа. Улс орон нутгийн төсвөөр 540 гаруй км хатуу хучилттай авто зам шинээр барьж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй технологийн замуудыг нэмбэл шинэ баригдаж буй замын урт 1000 гаруй км болно. Монгол Улс төмөр замын экспортын ганцхан гарцтай байсан бол энэ оны сүүлээр Шивээхүрэн-Сэхээгийн хил холболтын төмөр зам ашиглалтад орно. Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төмөр замын ТЭЗҮ боловсруулах ажил ид хийгдэж байна. Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч гээд урд хөрштэй холбогдох төмөр замын нийт таван гарцтай болох ажил эрчимтэй өрнөж байна. Шинэ сэргэлтийн таван тойрог хөтөлбөрөөр ирэх жилээс бүх аймгийн төвийг хооронд нь авто замаар холбох ажил эхэлнэ. Сайншандыг-Мандалговьтой, Мандалговийг-Арвайхээртэй, Дорнодыг- Сүхбаатартай, Алтайг-Улиастайтай, Ховдыг-Улаангомтой, Улиастайг- Мөрөнтэй, Мөрөнг-Цэцэрлэгтэй, Улиастайг-Ховдтой, Булганыг Арвайхээртэй гэх мэтээр аймгийн төвүүдийг хооронд нь холбосон хатуу хучилттай авто замууд барина. Мөн урд хойд хөрш, Ази Европыг холбосон авто замын таван босоо коридортой болно. Тухайлбал одоогоор Алтанбулаг-Зам-Үүд АН-3, баруун босоо чиглэлд Булган-Цагааннуур АН-4 чиглэлийн авто замын хоёр коридортой байна. Тэгвэл ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ТОЙРОГ хөтөлбөрийн хүрээнд Бага илэнх-Шивээ хүрэн, Бургастай-Арц суурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын гурван шинэ коридорыг нэмж байгуулна. Мөн хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр, Цагааннуур-Ульхан боомтыг хөндлөн холбосон хэвтээ чиглэлийн хоёр коридортой болох төлөвлөгөөтэй байна. Бид ирэх 2024 онд хамгийн их эвдрэлтэй болчихоод байгаа Дундговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Төв, Өвөрхангай,, Баянхонгор зэрэг аймгийн нийт 660 гаруй км авто замд их засвар хийхээр болж байна. Урьд нь төсөв мөнгө дутмаг, дээр нь сутгал хандлага дутсан байдлаас болж энэ хэмжээний ээлжит болон их засварын ажил хийгдэж чаддаггүй байлаа.
-Агаарын тээвэрт хийгдсэн хамгийн том ажил бол АНУ руу шууд нислэгтэй болгож чадсан явдал. Удахгүй анхны шууд нислэг үйлдэх гэж байна. Үнэ ханш нь ямар байх вэ, цаашид энэхүү нислэгийн тогтмол хуваарь яаж гарахаар байгаа юм бэ?
-Энэ талаар иргэд маань чамгүй сайн мэдээлэлтэй байгаа байх. Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр “Open sky” хэлэлцээрт гарын үсэг зурсан. Түрүүчийн долоо хоногт Засгийн хуралдаанаар энэ хэлэлцээрийг эцэслэн баталлаа. Ингэснээр Монгол Улс АНУ-ын хооронд шууд нислэгтэй болох асуудал бүрэн албажиж байна гэсэн үг. АНУ руу жилд дунджаар 60 орчим мянган иргэн зорчиж, 2000-4000 долларын үнээр тийз авдаг. Тэгвэл шууд нислэгтэй болсноор тийзийн үнэ 1000-1500 доллар болж, нислэгт зарцуулах хугацаа 10-12 цаг болж богиносох юм. Эхний ээлжинд ирэх оны эхний хагаст багтан эхлээд АНУ-ын Сан Франциско хот руу, цаашдаа боломжит бүх хот руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Ер нь нэг зүйлийг онцлоход АНУ-тай байгуулсан “Open sky” хэлэлцээрийн эхний үр дүнгүүд аль хэдийнэ гараад эхэлчихлээ. Ганцхан жишээ хэлэхэд саяхан үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК аяллын код хуваах нислэгээр АНУ-ын Вашингтон, Чикаго хотууд руу нислэг үйлдэх боломжтой болсон. Үр дүнд нь МИАТ ТӨХК Вашингтон, Чикаго хот руу Туркиш Эйрлайнстай хамтарсан нислэг үйлдэхээр болж тийз борлуулалтаа эхлүүлээд байгаа. Тухайлбал Улаанбаатараас эхлэлтэй Вашингтон, Чикаго чиглэлийн нислэгүүд нь МИАТ компанийн ОМ аяллын дугаартай байх бөгөөд зорчигчид МИАТ компанийн нислэгээр Истанбул хот хүрч цааш ОМ аяллын дугаар бүхий нислэгээр Туркиш Эйрлайнс компаниар дамжин Вашингтон, Чикаго хот руу аялах таатай боломж бүрдээд байна. Ингэснээр зорчигчдод нислэгийн сонголт нэмэгдэж, дамжин нисэх буудал дээр дахин бүртгэл хийлгэлгүй тав тухтай үйлчлүүлэх, ачаа тээшээ эцсийн цэгтээ хүлээн авах боломж олдож байгаа юм.
-Олон улс руу шууд нислэг хийгдсэнээрээ эдийн засгийн хувьд ямар үр өгөөж үзүүлэх бол?
-Түрүүн бий хэлсэн. АНУ руу гэхэд 2000-аас 4000 долларын үнэтэй нисч байгаа бол шууд нисдэг болсноор 1000-аас 1500 доллар болж нислэгийн үнэ хоёр дахин буурна. Иргэд цаг хугацаагаа хэмнэнэ. Үржүүлэгч нөлөө нь эдийн засаг, худалдаа, аялал жуулчлалын салбарын хөгжилд шууд өгөөжөө өгнө. Бид шууд нислэг үйлдэх том онгоцтой болсон учраас одоо монголчууд олноор амьдрах болсон Австрали зэрэг улс руу ч бас шууд нислэг хийх хэлэлцээрийг ойрын үед байгуулахыг зорьж байна.
-Сайны хажуугаар саар гэгчээр хийж байгаа олон ажлын хажуугаар хэл аманд орох зүйл бас гарч ирсэн. Тодруулбал Драгон автотээврийн товчоог та яагаад нүүлгэж байгаа юм бэ. Үүнийг зарим хүмүүс яагаад эсэргүүцээд байна вэ?
-С.Бямбацогт нүүлгэлээ гээд л хэсэг бүлэг нөхөд эгдүүцээд байгаа бололтой юм билээ. Тэнд чинь барилгын ажил явагдаж байгаа. Автобус зогсох байтугай жижиг тэрэг зогсоход ч бэрх болсон. Би Драгон холдинг компанийн захирал С.Баярт гэж хүнийг сүүлд хүлээж авч уулзсан. Учир байдлыг танилцуулсан. Өөрийнх нь үг саналыг ч сонссон. Би энэ долоо хоногт Драгон болон Зорчигч үйлчилгээний төв шилжин байрласан Номингийн талбай дээр очиж бодит нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар төлөвлөөд байна. Нэг зүйлийг хэлэхэд Драгонаас Номин руу нүү гэсэн миний ямар ч тушаал, шийдвэр, чиглэл байхгүй. АТҮТ өөрийн эрхлэх асуудал, чиг үүргийнхээ хүрээнд ажлын хэсэг байгуулж, сонгон шалгаруулалт хийж сонгосон асуудал юм билээ. Миний хувьд нэгдүгээрт нийтийн эрх ашиг, иргэдийн аюулгүй байдал, үйлчилгээний соёл, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж хамгаас чухал гэдэг өнцөгөөр асуудалд хандаарай гэсэн шаардлага л тавьсан. Оносон уу үгүй юу, нүүлгэх нь зөв байж уу үгүй юу гэдгийг иргэд, түүгээр дамжин хот хөдөөд зорчдог 800 мянган иргэн л дүгнэнэ. Хэвлэлээр, сошиалаар онилоод балбаад байвал иргэдийн талд гаргасан шийдвэрийг айж хулчийгаад цуцалчих байх, больчих байх гэж зарим нөхөд бодож байгаа бол эндүүрэл шүү. Монгол Улс чинь төртэй, хуультай, дүрэмтэй, журамтай, стандарттай улс. Иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гээд Үндсэн хуульдаа хуульчилчихсан. Тэгээд тэр заалт, тэр нийтийн эрх ашгийн төлөө нэг ч гэсэн зүйл дээр хатуу зогсож чадахгүй бол төрийн нэрийн өмнөөс алба хашаад яах юм. Үнэхээр тэр Драгон нь орчин нөхцөлөө сайжруулаад, барилга байшингаа барьж дуусчихаад, стандартаа хангачихаад юм ярьж байгаа бол өөр хэрэг. Тэгсэн цагт нь асуудал ярихаас барилгын ажлын талбай болчихсон газар дээр хөдөө гадааны олон мянган хүний амь насаар дэнчин тавьсан харалган үйл ажиллагааг бол дэмжихгүй.
-Төрийн албан хаагчдын автомашины дугаарыг цэнхэр өнгөөр ялгах болсон. Энэ нь зарим хүмүүст бас таалагдаагүй. Ер нь ялгах гол шалтгаан юу байв. Нөгөөтэйгүүр энэ ажилд ямар хэмжээний төсөв зарцуулсан бэ?
-Сая би хэллээ. Монгол улс хуультай улс аа гэж. Хэрэгжүүлэх гэж хууль байдаг болохоос нэгэнт батлагдсан хуулийг үүнийг нь хэрэгжүүлнэ, харин үүнийг нь хэрэгжүүлэхгүй гэдэг байж болохгүй асуудал. Төрийн хэмнэлтийн тухай хуульд тодорхой заасан байгаа. Юу гэхээр “Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн хэрэгсэлд бусад автотээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэнэ” гэж заасан. Өнөөдрийн байдлаар Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын хэмжээнд суудлын 5300, ачааны 2100 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Хууүь хэрэгжүүлэх үүднээс, Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс төрийн байгууллагын машины улсын дугаарыг тод хөх өнгийн дэвсгэртэй болгох ажлыг би зам тээврийн салбараасаа эхлүүлсэн. Өмнө нь баахан л хэл ам гарч байсан биз дээ. Дарга нар төрийн машинаар сургууль цэцэрлэгт хүүхдээ зөөлөө, дэлгүүр хоршоо хэслээ, хөдөө гадаа амарч зугааллаа, хувийн ажилдаа зайдаллаа гээд. Тэгээд энэ асуудлыг олон нийтийн хараа хяналтад оруулж, төрийн машиныг тэмээнээс тэмдэгтэй болгож, байгаа зөрчлийг таслан зогсооё гэхээр шүүмжлээд унадаг. Эртээд нэг цэнхэр дугаартай нөхөр машиных нь дугаар явахгүй өдөр явж байгаад олон нийтийн хараанд өртсөн. Хэрэв тэр нөхөр иргэдийн адил энгийн дугаартай байсан бол төрийн машин зайдагнаж байгаад баригдахгүй. Чухам ингэж л хяналтад оруулж, амин хувьдаа албаны машин ашигладаг, дүрэм журам зөрчдөг дабль стандарт гээчийг нь арилгах гээд зүтгээд байгаа юм. Хууль хэрэгжүүлэх гэж зориод байгаа юм. Цэнхэр дугаарыг шүүмжлээд, өөлөөд байгаа нөхдийн ард унадаг төрийн машин нь олон нийтийн хараанд өртдөг болсонд унтууцсан хэдхэн нөхөр л байгаа. Одоо бүр цэнхэр дугаартай машиныг цагдаа зогсоохгүй давуу эрх үүсэх нь гэж хүртэл мушгиж байна лээ. Замын хөдөлгөөний дүрмээс авахуулаад дүрэм журам зөрчиж л байгаа бол зогсоо, торго, арга хэмжээгээ ав. Энэ нь Тээврийн Цагдаагийн албаны ажил. Цэнхэр дугаар бол давуу эрх биш, харин олон нийтэд хянах эрхийг нь олгож байгаа шийдэл. Батлагдсан хууль бодитой хэрэгжүүлж байгаагийн илрэл. Төрийн машины шатахуун тос хувийн холхионд үрэгддэг байдлыг арилгаж, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэж байгаа хэрэг.Төрийн машин унаж буй төрийн албан хаагчид иргэдээсээ илүү эрх дарх эдэлдэг байж таарахгүй. Тэгүүлэхгүйн тулд цэнхэр дугаарыг бий болгосон. Одоо харин иргэд олон нийт цэнхэр дугаартай машин дүрэм зөрчиж байвал, дэлгүүр хоршоо, сургууль цэцэрлэгийн гадна сойлттой байвал дор бүр нь мэдээлээд байх хэрэгтэй. Төрийн машины цэнхэр дугаарын ард чухам ямар байгууллага албан тушаалтан буйг бид ил тод болгох, мэдээлэл нь тодорхой байх асуудалд анхаарч байна.
-Чингэлгийн бөөгнөрлийг арилгах чиглэлд ямар ажил хийгдэж байна вэ?
-Ноднин яг өдийд намайг сайдын ажлаа авахад хамгийн тулгамдсан асуудал наадах чинь байлаа. УБТЗ-д чиглэл өгч, Хятадын Элчин сайд болон Тээврийн сайдтай удаа дараа биечлэн болон цахимаар уулзаж байж тухайн үед нэг сарын дотор энэ асуудлыг цэгцэлсэн. Гэхдээ энэ асуудалд нэг удаагийн гал унтраах төдий бус урт хугацааны даацтай шийдэл хэрэгтэй юм билээ. Саяхан би БНХАУ-ын Жинжөү боомтод очиж ажилласан. Энэ боомт Ази, Европыг холбосон ложистикийн нэг том зангилаа нь. Хятадын Ляонин мужийн баруун хэсэгт, Бөхай тэнгисийн баруун хойд хэсэгт оршдог. Жилдээ 100 сая тн ачаа боловсруулах хүчин чадалтай Хятадын хамгийн хойд талын боомт гэсэн үг л дээ. Ганцхан жилд нэг сая 100 мянган чингэлэг боловсруулах хүчин чадалтай. Манай улсын хувьд жилд 90 мянган ширхэг чингэлэг ачаа импортоор авч 80 мянган чингэлэг буцаагддаг. Тэгэхээр энэ боомтыг ашиглах нь стратегийн хувьд онцгой ач холбогдолтой. Манай импортын ачааны ихэнх дамждаг Тяньжин боомт жилд 500 сая тн ачаа боловсруулдаг. Гэхдээ тэнд, Тяньжинд манай импортын чингэлгүүд байсгээд л бөөгнөрдөг, түгжирдэг, уддаг. Энэ хүндрэлийг бүрмөсөн арилгахын тулд Жинжөү боомтыг ашиглах, үүний тулд зүүн босоо тэнхлэгийн төмөр замаа барьж далайн боомттой холбогдсон хоёр дахь гарцтай болохыг чухалчилж байна. Жинжөү боомт манай улсаас хамгийн ойр буюу ердөө 866 км. Нийт 3397 мянган метр квадрат агуулах талбайтай, дэлхийн 100 гаруй улс орон, Ази, Америк, Европ, Африк тивийн бүс нутгуудтай навигацийн харилцаатай. Тэгэхээр бид энэ боомтыг ашигласнаар чингэлгийн бөөгнөрөл арилж цаашдаа тээврийн үнэ буурч, манай, улсын импортын ачаа маш хурдан ирдэг болно гээг нь тодорхой харагдаж байгаа биз дээ. Тиймээс бид эн түрүүнд Чойбалсан-Хөөт-Бичигт, Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр замын төслүүдээ хурдан хэрэгжүүлэх, Бичигт хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа тээврийн терминалуудыг барьж байгуулах, Бичигт хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг нэн хурдтай хийж хэрэгжүүлэх бодит шаардлага байна. Үүний тулд хөрөнгө оруулагчидтай нээлттэй, ил тод ажиллах зарчим баримталж байна.
-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл яг хэзээ дуусах вэ. Хэзээ цахилгаан үйлдвэрлэж эхлэх вэ. Одоо тулгамдаад байгаа асуудал юу байна вэ?
-Бараг 60 жил яригдсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл гараанаас хөдөлсөн. Энэ оны зургаадугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнд гацаатай байсан асуудлууд эцэслэн шийдэгдсэн. Сая Ерөнхий сайд Ховд аймагт ажиллахдаа энэ оны сүүлээр юм уу, ирэх оны эх гэхэд гэрээ контрактын зарим нэг асуудал бүрэн эцэслэж бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэдгийг дуулгасан. Нэг бүтээн байгуулалтын ажил эхэлчихвэл 5-6 жилийн дотор баригдаад ашиглалтад орчих юм билээ. Өдрөөс өдөрт эрчим хүчний, тэр дундаа УЦС-ын техник технологи хөгжиж шинэчлэгдэж буй учраас түүнээс ч бага хугацаанд ажил хэрэг болох боломж бий. Ямар ч байсан энэ УЦС ашиглалтад орсноор импортын эрчим хүчний төлбөрт хойд урд хөршид өгч байгаа валютын урсгал татарч, эрчим хүчний тусгаар тогтнол баруун бүсэд батажна. Ирэх жилүүдэд Эрдэнэбүрэнгийн 90МВт-ын УЦС, 35 МВт-ын нарны дөрвөн эх үүсвэр ашиглалтад орвол баруун бүсийн эрчим хүчний эх үүсвэр 125 МВт болж нэмэгдэнэ. Ингэснээр бид БНХАУ-ын импортын эрчим хүчнээс даруй 10 дахин хямд эрчим хүчийг өөрсдөө үйлдвэрлэх боломжтой болно. Чухам үүнийг л эрчим хүчний тусгаар тогтнол Эрдэнэбүрэнгээс эхэлнэ гэж хэлээд байгаа юм аа.
-Та Ховдоос сонгогдсон УИХ-ын гишүүн. Тэр утгаараа ховдчуудын цаашдын хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-Маш гэрэлтэйгээр харж байна. Манай аймаг сүүлийн 13 жилд 1300 шахам км хатуу хучилттай авто замтай болсон. Хойд урд хөрштэй хатуу хучилттай авто замаар холбогдлоо. Монгол Улсын Ерөнхий сайд бүх сумаа хатуу хучилттай авто замаар холбосон анхны аймаг Ховд байх болно гэдгийг онцоллоо. Ирэх жил гэхэд Эрдэнэбүрэн, Ховд, Чандмань сумд хатуу хучилттай авто замтай болж Дөргөн, Цэцэг сумыг замтай болгох ажил эхэлнэ. Ховд-Улаангомыг хатуу хучилттай авто замаар холбох бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Байтаг боомтын замын ажил хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэнэ. Энэ бүрхний үр дүнд Ховд аймаг урдуураа ч хоёр боомттой, хойгуураа ч хоёр боомттой хатуу хучилттай замаар холбогдоно. Улаанбаатартай урдуураа хатуу хучилттай авто замаар холбогдсон бол хойгуураа ч бас холбогдоно. Гэр хорооллын 5700 айл өрхөө бүгдийг нь цэвэр бохирын шугамд холбож, хашаандаа сайхан амьдрах боломжийг бодитоор бүрдүүлнэ. Одоогоор 400 шахам айлыг инженерийн шугамд холбож, 3000 айл өрхийн гудамжинд цэвэр бохирын шугамыг нь оруулаад байна. Ингэхээр анхны бүх сум нь замтай, бас анхны аймгийн төв нь агаар хөрсний бохирдолгүй ая тухтай аймаг болох боломж ойрхон байна. Мөн улсын хэмжээнд хоёрхон газарт малын гаралтай түүхий эд боловсруулах ҮТП байгуулагдаж байгаагийн нэг нь манай Ховд. Ховд агро парк төслийн хүрээнд хүлэмжийн аж ахуй, тэжээлийн аж ахуй, эрдэнэшишийн тариалалтад онцгой анхаарч байна. 3000 га-д усалгаатай газар тариалан хөгжүүлж ойрын үед энэ хэмжээг 10 дахин өсгөх бодлого баримталж байна. Арван аймаг одоо л дулааны цахилгаан станцтай болох тухай яригдаж байхад бид аль хэдийнээ хос Дулааны цахилгаан станцтай болж одоо дулааны цахилгаан станцаа улам өргөтгөх тухай ярьж байна. Өнгөрсөн хугацаанд баруун бүсийн бахархал болсон Ховд эко цементийн үйлдвэр ашиглалтад орж баруун аймгууд хотын үнээр Ховдоос цементээ авах боломж бүрдлээ. Энэ бүхэн цогцоороо ШИНЭ ХОВД-ын СЭРГЭЛТ болж баруун бүсэд хөгжлийн нэгэн татах хүчийг бий болгож байгаа юм.
-Халзан Бүрэгтэй орд яагаад олны хэл ам болоод байдаг юм бэ. Ном журмаар нь ашиглаад үйл ажиллагааг нь жигдрүүлэх боломжгүй юм уу. Угтаа ажлын байр нэмэгдэх, эдийн засгийн өсөлт бий болох гээд эерэг зүйлүүд олон байгаа байх даа?
-2019 онд миний ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар нь ажиллаж баталсан ҮХНӨ-өөр “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэсэн заалт орсон. Иргэдийн энэ мэдэх эрхийг хангаж байж л дараачийн асуудал яригдах ёстой. Байгаль орчинд, Хар-Ус нуурын ай савд, хүний эрүүл мэндэд хортой эсэхийг нь эхэлж тогтоогоогүй байж дан ганц эдийн засгийн агуулгаар нь, ашиг орлого мөнгөний нүдээр харж таарахгүй. Тийм болохоор аливаа байгалийн баялгийг ашиглахдаа тухайн нутгийн иргэдээс, тухайлбал Мянгад сумын иргэдээс саналыг нь авч шийдэх ёстой. Энэ асуудал яг жилийн өмнө яригдаж байхад ч би ийм л байр суурьтай байсан. Өнгөрсөн зун Алтан Хөхийн тахилгаар иргэд байр суурийг маань асуухад ч яг л энэ үгээ хэлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Халзан бүрэгтэйн ордыг ашиглах эсэхийг иргэдийн саналаар шийднэ гэдгээ ч сая ховдчуудтай уулзахдаа тов тодорхой хэлчихлээ шүү дээ. Би ч бас ийм л байр суурьтай байсаар ирсэн, одоо ч, хойшид ч энэ байр суурь дээрээ бат зогсоно.
-Намрын чуулганаар УИХ-ын гишүүнийхээ хувьд ямар хуулийн төсөл боловсруулан ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?
-Намрын чуулганаар УИХ-ын гишүүний хувьд гэхээс илүүтэй Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайдын хувьд Авто тээврийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн барихыг зорьж байна. Өнгөрсөн хаврын чуулганаар бид Иргэний нисэхийн тухай, Төмөр замын тээврийн тухай гээд салбарын гол тулгуур хуулиудаа батлуулж, эрх зүйн орчныг нь гайгүй сайн бүрдүүлээд авсан. Одоо автотээврийн салбарын эрх зүйн орчноо илүү тодорхой, ойлгомжтой болгож хуулиар чөдөр тушаа болсон, олон жил шийдлээ хүлээж өдийг хүрсэн асуудлуудыг цэгцлэх бодолтой байна даа.