Монгол, Орос, Хятадын Аюулгүйн зөвлөлийн өндөр албан тушаалтнуудын гурван талт уулзалт болжээ
Монгол Улс, ОХУ болон БНХАУ-ын Аюулгүй зөвлөлийн өндөр албан тушаалтнууд мягмар гаригт Москва хотноо гурван талт уулзалт хийлээ.
Уулзалтад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар оролцсон байна.
Хятадын Коммунист намын “China Daily” сонин гурван талт уулзалтаар талууд Зүүн хойд Азийн тогтвортой байдал, бүс нутгийн хөгжил, хөрш орнуудын хөгжлийн стратегийн уялдаа холбоог нэмэгдүүлэх, аюулгүй байдал зэрэг сэдвээр санал солилцож, нийтлэг ойлголтод хүрсэн. Мөн уулзалтаар талууд гурван талт хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамтдаа сахин хамгаалахын төлөө нягт хамтран ажиллахаар санал нэгдсэн. Цаашид аюулгүй байдлын асуудлаар гурван талт уулзалтыг тогтмол зохион байгуулахаар тохирсон гэж мэдээлсэн юм.
Хятад-Орос-Монгол бол найрсаг хөрш, түншүүд бөгөөд гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь манай гурван улсын нийтлэг ашиг сонирхол төдийгүй бүс нутгийн хөгжлийн асуудлаар зөвшилцөлд хүрэх тулгуур юм.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И уулзалтын үеэр хөрш гурван улс харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, өөрсдийн давуу талаар нэгнийхээ сул талыг нөхөх замаар хамтын ажиллагааг бүрэн дүрэн ашиглах ёстойг онцолсон байна. Тэрээр Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг түргэсгэхийг уриалсан юм.
Мөн Ван И БНХАУ Монгол Улстай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны хамтын хөгжил, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө “хатуу баталгаа” өгөхөд бэлэн байгааг илэрхийлсэн байна.
Гурван улс гаднын орнуудын хөндлөнгийн оролцоог эсэргүүцэж, өнгөт хувьсгалаас зайлсхийх ёстой. Олон талт үзлийг баримталж, олон улсын шударга, шинэ дэг журмыг байгуулах хэрэгтэй.
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев
Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр уулзалтын үеэр ОХУ болон БНХАУ-тай найрсаг хөршийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын дипломат харилцааны үндсэн чиглэл гэдгийг онцолсон байна. Мөн тэрээр Монгол Улс үзэл суртлын үндсэн дээр нэг талыг баримтлахыг эсэргүүцэж байгааг цохон тэмдэглэжээ.
Уулзалтаар талууд ирэх сард Бээжин хотноо болох гурав дахь удаагийн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцохоо илэрхийлж, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилга, ОХУ-ын Евразийн эдийн засгийн холбоо болон Монгол Улсын “Тал нутгийн зам” алсын харааг нэгтгэх боломжийг эрэлхийлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцохоор тохирсон байна.