Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгчтэй уулзав

0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна.

Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелтай уулзлаа.

Талууд уламжлалт, найрсаг харилцааг улам бүр хөгжүүлж, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч зэрлэг тахийг уугуул нутагт нь нутагшуулах хөтөлбөрийг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, энэ нь хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохыг онцлов.

Чехийн тал 1992 онд Прага хотын амьтны хүрээлэнгээс анхны 16 тахийг Төв аймгийн Хустайн нуруунд авчирч, түүнээс хойш хэд хэдэн удаагийн төсөл хэрэгжүүлээд байна.

Ерөнхийлөгч Петр Павел хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг батлан хамгаалах, аюулгүй байдал, соёл зэрэг салбарт өргөжүүлэх боломж байгааг хэлээд, ирэх онд эх орондоо айлчилж, энэ хүрээнд Монголын эзэнт гүрний тухай нийтэд толилуулах үзэсгэлэнгийн нээлтэд оролцохыг урилаа.

Бүгд Найрамдах Чех Улсад 12 мянга гаруй монгол иргэн амьдардаг бөгөөд Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр энэ оны гуравдугаар сараас хэрэгжиж байна.

Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрт талууд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Прага хотноо гарын үсэг зурсан. Энэ дагуу Монгол Улсын иргэн эх орондоо болон Бүгд Найрамдах Чех Улсад шимтгэл төлж ажилласан хугацаагаа нэгтгэн тооцож тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улс эсхүл Бүгд Найрамдах Чех Улсад тэтгэвэр тогтоолгох нь хоёр улсын холбогдох хууль тогтоомжоор нээлттэй болсон юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *