Д. Сумъяабазар: Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хуулийн дагуу хийж байгаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлогын цогц судалгаа, богино болон урт хугацаанд бохирдлыг бууруулах шийдэл, арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр сэтгүүлчид зарим асуултад хариулт авсан юм.
-Өчигдөр болсон НИТХ-ын үеэр ХҮН намын бүлгийн төлөөлөгч нар автобуснуудыг 318 тэрбум төгрөгөөр төрийн нууцад оруулж байгаад авсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Улаанбаатар хотод ганц байгаа нийтийн тээвэр нь автобус. Нийтийн тээвэрт 10-аас дээш жил болсон автобусыг үйлчилгээнд явуулахыг хориглодог. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын бүртгэлийн санд 1328 автобус бүртгэлтэй байна. Нийтийн тээврийн үйлчилгээ, түүнд тавигдах шаардлага стандартад тээврийн хэрэгслийн насжилтыг 10 жил болгосноор 753 тээврийн хэрэгсэл үйлчилгээнээс хасагдах болсон. Гэтэл Тендерийн тухай хуулиар худалдан авалт хийвэл хамгийн багадаа 90 хононо. Маргаан үүсвэл түүнээс ч илүү хугацаа орно. Ийм жишээ олон бий. Нэг л жишээ дурдахад, 2021 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд 60 автобус нийлүүлэх ажлын тендерийг нээлттэй зарлаж, гүйцэтгэгчийг шалгаруулсан. Үүний дараа бусад оролцогчид шат шатны хууль, хяналтын байгууллагад гомдол, маргаан үүсгэж үүний дүнд автобус нийлүүлэх тендер нэг жил гаран үргэлжилсэн.
Гэтэл 753 автобусаа үйлчилгээнд явуулсаар байх нь иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд халтай. 318 тэрбум төгрөг бол нийслэл биш, улсын төсөвт суусан мөнгө. Эрх шилжин орж ирж, нийтийн тээврийн парк шинэчлэлийг яаралтай зохион байгуулах үүрэг өгсөн. Энэ дагуу хуулийн багийнхан ажиллаж, төрийн нууцад оруулбал хугацаа хожих юм байна гэдэг санал оруулснаар ийм шийдэл гаргасан. Бид хууль зөрчөөгүй, хуулийн дагуу ажиллаж, автобуснуудыг хурдан оруулж ирэх шийдлийг сонгосон. Үнийн хувьд “Daewoo” маркийн “Euro 5” дизель хөдөлгүүртэй их багтаамжийн автобус 336 сая төгрөг, “Skywell” маркийн цахилгаан их багтаамжийн автобус 625 сая төгрөг, “Hyundai County” маркийн дизель хөдөлгүүртэй дунд багтаамжийн автобус 228 сая төгрөгийн үнэтэйгээр нийлүүлэгдэж байгаа.
-“Акуа гарден” хорооллын хоёр блок барилгыг албадан буулгах таны захирамж гарсан. Гэтэл барилгын ажил үргэлжилсээр байна. Яагаад зогсоохгүй байна вэ?
-Барилгын тухай хуульд барилга байгууламжийг төвөгшлөөр нь ангилдаг. 16 давхраас дээш барилгыг онцгой, өндөр төвөгшилтэй барилга гэж ангилсан байдаг учраас барилгын ажлыг эхлүүлэх, түдгэлзүүлэх, зогсоох эрх нь зөвхөн Барилга, хот байгуулалтын яамны мэдэлд байдаг. Зөрчлийн тухай хуулиараа яамны салбарын хяналтын газарт байгаа барилгын байцаагч нар нь хяналт тавьж, уг хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу зогсоох, албан даалгавар өгөөд, биелүүлээгүй бол шүүхэд хандах эрх нь бий. Тухайн газрыг хүчингүй болгосон шийдвэр гарсан. Газрын эрхийг цуцалсан учраас одоо Барилга, хот байгуулалтын яаманд зогсоох эрх нь бүрэн үүссэн. Бидний эрх зүйн чадамж л ийм байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС