Д.Сумъяабазар: “Акуа гарден”-ий газрыг хүчингүй болгосон, одоо барилгын ажлыг зогсоох эрх нь БХБЯ-д байгаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлогын цогц судалгаа, богино болон урт хугацаанд бохирдлыг бууруулах шийдэл, арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр сэтгүүлчид зарим асуултад хариулт авсан юм.
““Акуа гарден” хорооллын хоёр блок барилгыг албадан буулгах таны захирамж гарсан. Гэтэл барилгын ажил үргэлжилсээр байна. Яагаад зогсоохгүй байна вэ?” гэх асуултанд
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Барилгын тухай хуульд барилга байгууламжийг төвөгшлөөр нь ангилдаг. 16 давхраас дээш барилгыг онцгой, өндөр төвөгшилтэй барилга гэж ангилсан байдаг учраас барилгын ажлыг эхлүүлэх, түдгэлзүүлэх, зогсоох эрх нь зөвхөн Барилга, хот байгуулалтын яамны мэдэлд байдаг.
Зөрчлийн тухай хуулиараа яамны салбарын хяналтын газарт байгаа барилгын байцаагч нар нь хяналт тавьж, уг хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу зогсоох, албан даалгавар өгөөд, биелүүлээгүй бол шүүхэд хандах эрх нь бий. Тухайн газрыг хүчингүй болгосон шийдвэр гарсан. Газрын эрхийг цуцалсан учраас одоо Барилга, хот байгуулалтын яаманд зогсоох эрх нь бүрэн үүссэн. Бидний эрх зүйн чадамж л ийм байна.” хэмээн хариуллаа.