Баянзүрх дүүрэгт гарааш буулгасан 38 байршлыг иргэдийн хүсэлтэд тулгуурлан тохижуулжээ

0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Баянзүрх дүүргийн 600 гаруй төрийн алба хаагч, ажилтантай уулзаж, ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Гурван суурьт хөтөлбөрөө танилцуулав. 

Баянзүрх дүүргийн хувьд 127,339 өрх, 434,976 хүн амтай бөгөөд дүүргийн оршин суугчдын тоо жилд дунджаар 5.76 хувиар өсдөг байна. Тус дүүргийн хувьд хүний хөгжил, тэр дундаа боловсролын салбарт голчлон анхаарч байгаа аж. Тухайлбал, энэ онд 29 сургуулийн ариун цэврийн өрөөг шинэчлэн, сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангах үүднээс 11 байршилд камержуулалт бүхий тохижилт хийсэн байна. Мөн хороо бүрд эрүүл мэндийн явуулын тусламж, үйлчилгээг үзүүлэн,  архины хамааралтай 79 иргэнийг нийгэмшүүлж, хөдөлмөр эрхлэх боломжоор хангажээ. Үүнээс гадна хүүхэд хамгааллын байр байгуулж, гэрлэх ёслолын өргөөг тохижуулаад буй. Түүнчлэн төрийн алба хаагчдын нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж байгааг дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дурдав.

Дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр 300 га газарт Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил 20 хувь, Дарь эх цогцолборын бүтээн байгуулалт 45 хувьтай байгаа юм. Мөн Улиастайн гүүрний ойролцоо экстрим спортын талбай бүхий худалдаа, үйлчилгээ, аялал зугаалгын бүс бий болгох ажил 45 хувьтай үргэлжилж байна.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын гудамж, туслах авто замуудыг холбох 30.4 км авто зам тавьжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 77 байршилд 1635 гарааш буулгаж, 38 байршилд иргэдийн саналд үндэслэн тохижилт хийсэн. 2024 онд үлдсэн 39 байршлыг тохижуулахаар төлөвлөөд байна.  Мөн орон сууцны хороолол дундах 11,452 м хашаа, хайсыг чөлөөлсөн бол стандартын шаардлага хангасан 3х3 сагсан бөмбөгийн талбайг 17 хороонд байгуулжээ.  Ирэх онд уг ажлыг үргэлжлүүлж, дахин 13 хороонд байгуулах аж.

2020 онд дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн 13,263 шон байсан бол энэ оны есдүгээр сарын байдлаар 21,590 шонтой болж, гэрэлтүүлгийн хүрэлцээ 85 хувьд хүрсэн байна.

Дүүргийн удирдлагуудын зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах, Шархад дэд төвийн бүтээн байгуулалтад анхаарч, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэн, СӨХ-ны хууль, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх шаардлагатай байгааг Хотын даргад уламжиллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Баянзүрх дүүргийг бодлогын хэмжээнд бүх тал дээр нь дэмжин ажиллаж, эмнэлгийн хүртээмжийг сайжруулах тал дээр голчлон анхаарна гэдгээ илэрхийлж байв.

Мөн тэрбээр Гурван суурьт хөтөлбөр буюу Эрх зүйн хөтөлбөр 70, Эдийн засгийн хөтөлбөр 60, Эрүүл засаглал хөтөлбөр 40 гаруй хувьтай хэрэгжиж байгааг дурдан, Нийслэлийн Засаг даргын дэргэд Бодлогын судалгаа, шинжилгээний төв үйл ажиллагаа явуулж, гадаад, дотоодын эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнг үндэслэн шийдвэр гаргаж байгааг онцолж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *