С.Болд: Урт хугацаанд өндөр инфляцтай байх нь ядуурлыг нэмэгдүүлнэ
Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч С.Болдтой ярилцлаа.
-Ирэх жил манай улсын эдийн засаг өсөлттэй гарна гэлээ. Тэгвэл ирэх жил УИХ-ын ээлжит сонгууль болно. АХБ-аас Монгол Улсын Засгийн газарт ямар бодлогын зөвлөмж өгч байгаа вэ?
-2024 оны эдийн засгийн өсөлтийг бий болгож байгаа зүйлс нь гадаад орчинтой холбоотой. Хятадын эдийн засаг энэ жил 4.9 хувь, ирэх жил мөн л энэ түвшинд өснө гэж үзэж байгаа. Мөн дэлхий нийтэд мөнгөний хатуу бодлого 2024 оноос зөөлрөх орон зай үүснэ. Энэ бол дэлхийн эдийн засагт гадаад болон дотоод эрэлтийг нэмэгдүүлэх боломж бий болно гэсэн үг. Түүнчлэн БНХАУ-ын манай улсаас авдаг бүтээгдэхүүн, түүхий эдийн эрэлт хэвийн хэмжээд байх болов уу гэсэн хүлээлт байна. Мөн энэ жил Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт дуусаад ирэх жилээс олборлолт мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Энэ бүхнийг тооцоолж ирэх жилийн эдийн засгийн өсөлт 5.9 хувь гэж үзэж байгаа юм.
Ирэх жил сонгуулийн жил. Сонгуулийн өмнө урьдчилан таамаглахын аргагүй бодлогын өөрчлөлт явагддаг. Түүнээс нь хамаарч сонгуулийн дараа тодорхой эрсдэлүүд ч бий болдог. Энэ бүхнийг яг одоо тооцох боломж алга. Мөн 2024 оны нэгдсэн төсвийн төсөл одоогоор ил болоогүй байна. Тэгэхээр үүнийг 2024 оны дөрөвдүгээр сард гаргах эдийн засгийн төсөөлөлдөө тусгана.
-Ипотекийн зээлийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэх процесс жил гаруй үргэлжилсэн ч үр дүнд хүрч чадсангүй. Энэ зээл бараг зогсчихлоо. АХБ-аас ипотекийн зээлд Засгийн газарт ямар зөвлөмж өгдөг вэ?
-Яг энэ тал дээр зөвлөсөн зүйл байхгүй. Ер нь бол ипотекийн хөтөлбөрийг дутуу алсан могой шиг болгоод хаячихсан. Эрэлт нь байгаад байдаг санхүүжилт нь гацаатай. Би банкны шалгуур хангаж байгаа ч зээл авч чадахгүй болчихсон. Орлого өндөр байна, эдийн засаг өсөөд байна гэж яриад л байна. Гэтэл ипотек гэх мэт маш их эрэлттэй хөтөлбөрүүд нь явдаггүй, инфляц нь буурдаггүй. Уг нь эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг ипотекээр дамжуулж хүргэх ёстой. Өөрөөр хэлбэл, би ипотекийн зээлд орохын тулд нэг жил хүлээмээргүй байна шүү дээ. Шалгуураа хангаж байгаа бол дурын банкин дээрээ очоод зээлээ авмаар байна шүү дээ. Тэгж байж би машин худалдаж авахгүй, орон сууцандаа мөнгөө хуримтлуулаад явна. Ингэж байж эдийн засгийн өсөлт өрхдөө хүрнэ. Дээрээс нь миний ажил хадгалагдаж, орлого нэмэгдэх ёстой. Нэрлэсэн орлого нь нэмэгдээд байдаг бодит орлого нь өндөр инфляцын улмаас буураад байж болохгүй шүү дээ. Тиймээс инфляцыг бууруул гээд байгаа нь тэр. Миний худалдан авах чадвар байнга л өсч байх ёстой.
-Ипотекийн хөтөлбөрийг цаашдаа Засгийн газар хариуцаж явна. Тусгай нэгж байгуулах гэх мэт асуудал яригдаж байгаа. Ер нь цаашдаа энэ хөтөлбөрийг яаж авч явбал иргэдэд хүртээмжтэй болох вэ?
-Өчнөөн ажлын хэсэг, нэгж энэ тэр байгуулж ажиллаж үзсэн. Миний бодлоор их юм хүлээгээд хэрэггүй болов уу. Яагаад гэхээр санхүүгийн схемийг нь буруу оношлоод буруу өөрчилснөөс болж өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл, ипотекээс болоод инфляц өсөөд байна гэсэн буруу дүгнэлт хийчихсэн. Гэтэл ипотек нь инфляцыг харин ч дунд, урт хугацаандаа бууруулдаг бодлого байсан. Яагаад гэхээр Болд өнөөдөр орлогынхоо 45 хувийг орон сууцандаа төлж байгаа. Би энэ мөнгөөр аялж зугаалаад, авто машин худалдаж аваад байхгүй. 20 жил ингэж явна. Миний бодлоор хэсэг хугацаанд Монголбакин дээрээ байлгах нь зөв байх. Ядаж Засгийн газар шийдлээ олтол. Монголбанк анх энэ хөтөлбөрийг санаачилж хийсэн, одоо ч явуулж байгаа. Гэхдээ буруу дүгнэлтээс болоод буруу өөрчилсөн зүйлээ эргэж харах ёстой. Өмнө нь олгосон зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлтөөр санхүүжүүлнэ гээд шийдчихсэн. Зээл авах хүсэлтэй 10 иргэнд нэг нь л зээл олгож байна. Үлдсэн ес нь байраа авч чадахгүй шүү дээ.
-Ипотекийн корпорацын гаргаж байгаа үнэт цаас эрсдэлтэй байна гэж үзэх үү?
-Сүүлийн үед юу болсныг мэдэхгүй байна. МИК-ийн үнэт цаас тусгай зориулалтай компаниуд үүсгэсэн. Эхний шатны зээлүүд маш чанартай гарч байсан. Энэ зээлийн багцуудыг судалж үнэлээд, түүний эсрэг гаргаж байгаа үнэт цаасууд маш чанартай. Түүнээс цааш гаргаж байгаа нь зээлийн эрсдэл ямар вэ гэдгээс хамаарна. Инфляц буурахгүй, орлого нь олигтой өсөхгүй, нөгөө талаас ажлаа алдчих гээд иргэд маш хүнд байна. Ер нь ард түмэн чардайж байна шүү дээ. Яах вэ, ажилтай хүн нэг хэрэг. Ажилгүй байгаа хүмүүс яах вэ. Ийм өндөр инфляцыг урт хугацаанд үргэлжлүүлэх нь ядуурал руу хөтөлнө. Дундаж амьдралтай би дунджаас доогуур орчихдог. Дунджаас доогуур нь эмзэг рүү, эмзэг нь ядуу, ядуу нь үгээгүй рүү орчихдог. Доошоо шилжилт гэсэн үг. Гэтэл Хятад сүүлийн 20, 30 жилд дандаа дээшээ шилжилттэй байсан. Доороосоо гуравт байснууд нь одоо 5, 6 руу орчихсон байна.
-Хятадын эдийн засгийн уналт манай эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
-Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац бага зэрэг саарч байгаа л үзэгдэл юм. Энэ жил Хятадын эдийн засгийг 5 хувиар өснө гэж тооцож байсан. Гэхдээ Хятадын үл хөдлөхийн салбарт үүссэн нөхцөл байдал бусад салбарууддаа ямар дам, сөрөг нөлөө үзүүлэх вий, хөрөнгө оруулалтууд нь агших вий гэсэн болгоомжлол байна. Энэ бүхнийг бодлогын хариу үйлдлээр зөөлрүүлнэ. 2008, 2009 онд Хятадын эдийн засагт ийм зүйл тохиолдоод төрөөс нь төсөв мөнгөний бодлогоор дамжуулан маш яаралтай, жинтэй бодлогын хариу арга хэмжээ авч байсан. Энэ жил ч гэсэн хариу арга хэмжээ авах магадлал өндөр гэж үзэж байгаа. АХБ-ны шинэчилсэн тайланд Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал дээр тусгай бүлэг гаргасан. Хятадыг хариуцсан эдийн засагчид судалгаануудаа үргэлжлүүлнэ.
Монголын эдийн засагт үзүүлж болох сувгийн тухайд барилгын салбарт арматур түүнийг дагаад гангийн үйлдвэр, үүний цаана коксжих нүүрс байгаа. Тэгэхээр экспортын эрэлт багасах, үнэ одоогийн түвшнээсээ буурах, манайхаас авсан бүтээгдэхүүний хэмжээнд хязгаар тогтоочих болов уу гэсэн болгоомжлол байна. Тиймээс энэ болгоомжлолууд дээр үндэслээд эрсдэлтэй төлөвлөгөө боловсруулаад, үүн дээр суурилсан хариу арга хэмжээний бэлтгэлтэй байх нь чухал байна.
-Ярилцсанд баярлалаа.