Засгийн газар Арбитрт дуудагдаж, 310 тэрбумыг ард түмэн төлөхөд бэлэн үү

0

УИХ-ын намрын чуулган удахгүй нээлтээ хийнэ. Юун түрүүнд “Нүүрсний хулгай” гэх хэргийн сонсгол, 2024 оны буюу сонгуулийн өмнөх жилийн Улсын нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэх хүлээлттэй байгаа. Дан дангаараа ч том сэдэв. Гэвч энэ дунд анхааруулахгүй өнгөрч боломгүй нэг юм үлдчихээд байна. Энэ бол ураны хайгуулд 310 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан Монгол-Чехийн хамтарсан “Гурвансайхан” компанийн Чехийн хөрөнгө оруулагчид өнөө маргаашгүй олон улсын Арбитрын шүүхэд хандахад бэлэн болчихоод байгаа явдал юм.

Нүүрс, төсөв яах вэ, манай дотоод асуудал. Учраа олж л таарна. Харин Арбитрын шүүхэд очоод ялагдсан Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс”-ын 100 сая ам.долларын төлбөрт унасан түүх давтагдахад ойрхон байна гэдэг бол бодит аюул. АМГТГ-ын техникийн алдаанаас үүдэлтэйгээр ТББ байгууллага маргаан өрнүүлж, шүүхээр явсаар чех хөрөнгө оруулагчдыг зугтахад хүргэжээ. Хэдийгээр Засгийн газар биш шүүхийн шийдвэртэй холбоотой асуудал боловч Арбитр дээр очвол Монгол Улсын Засгийн газар хариуцагчаар татагдана. Гэтэл өнгөрсөн хэдэн жил хүчин чармайлт гаргаж гадаадын хөрөнгө оруулалтыг дуудсан тэд яаж нүүрээ түлэх бол. Цаашлаад улс орны хөгжлийн асуудал хэдэн жилээр ухрах гэдэг бол тусдаа сэдэв.

Өнгөрсөн долдугаар сард Чехийн “Ураниум индастри” компанийн ТУЗ-ийн гишүүн Г.Номуун хэвлэлийн хурал хийсэн. Тэр үеэрээ  “Энэ салбартаа дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох БНКазакстан улсын “Казатомпром” компанитай хамтран энэ төсөлд оролцож, хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, улмаар үйлдвэрлэл, олборлолтын шатанд хүрч ирээд байсан. Гэтэл “Их бага баян шарга” нэртэй байгууллагаас манай компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгосноос хойш 5 жилийн дараа шүүхэд хандсан бөгөөд Монгол Улсын шүүхээс төрийн байгууллагын лиценз бичилтийн техникийн шинжтэй алдааны улмаас лицензийг хүчингүй болгох шийдвэрийг гаргаж, БНЧех Улсын хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлж, үгүй хийгээд байна.  Шүүх байгууллагын зүгээс хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангасан, хууль ёсны тусгай зөвшөөрөл гэж итгүүлж бидэнд төрөөс олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо, хариуцагч төрийн байгууллагын төлөөллийг төдийгүй олон сая долларын хөрөнгөө оруулсан, тусгай зөвшөөрлөө хууль ёсоор эзэмшиж байгаа манай компанийн төлөөллийг ч шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэлэлцэж, тэр ч бүү хэл чухал ач холбогдолтой нотлох баримтуудыг авч хэлэлцэхгүй, зарим баримтыг цагаан дээр хараар бичсэнээс нь бүр эсрэгээр үнэлж, дүгнэсэн явдлыг бид үнэхээр яаж ч хичээгээд ойлгож чадахгүй байна.

Хэрэв өнөөдрийн энэ нөхцөл байдлыг Монгол Улсын төрийн байгууллагууд залруулах, хууль ёсны гэж итгүүлж олгосон зөвшөөрлийнхөө хүчин төгөлдөр байдлыг дахин хангуулах талаар шаардлагатай арга хэмжээ авахгүйд хүрвэл өөрсдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд олон улсын арбитрын шүүхэд хандаж, өнгөрсөн бүхий л хугацаанд оруулсан хөрөнгө оруулалт, ирээдүйд олохоор төлөвлөсөн алдагдсан боломж, хохирлоо нэхэмжлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрнэ” гэж байлаа.

Үүнээс хойш даруй хоёр сарын хугацаа өнгөрсөн байна. Чехын талынхан хүлээцтэй байгаа шалтгаан нь мэдээж олж тогтоосон орддоо үйл ажиллагаа явуулахыг хүсэж байгаагийн илэрхийлэл биз. Ер нь тэгээд хэн нөөцөө тогтоочихоод гарахыг хүсэх билээ. Тийм ч учраас Монголын Засгийн газартай учраа олох боломж гарахыг хүлээж байгаа хэрэг. Гэвч Монголын төр өнөөг хүртэл уулзалтын ширээ санал болгох нь бүү хэл, мартсан мэт аашилсаар байна. Энэ мэтээрээ тун удахгүй Арбитр дээр учраа олохдоо тулах нь. Хэрэв Монгол Улс өрөнд орвол шүүгч ч бус, ТББ биш гагцхүү татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж таарна. Мөн дээр дурдсанчлан хөрөнгө оруулагчдыг уриалан дуудаж, эрхийг нь хамгаална хэмээн зарласан өнгөрсөн хэдэн жилийн хөдөлмөр сөнөнө. Ялангуяа өнөөгийнх шиг ийм эмзэг цаг үед гуравдагч буюу Европын орны хөрөнгө оруулалт дайжиж одно гэдэг чинь махны ченж хятадыг хөөддөгтэй ижил юм ч биш дээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *