Тэгш боломжийг бий болгох алхмыг өөрсдөө эхлүүлье
Нийгэмд, цахим орчинд өдөр бүр хүүхдийн эрх зөрчигдсөөр. Эрх зөрчигдөх тоолонд бие махбодь, сэтгэл санаа, үл хайхрах хүчирхийлэлд өртсөөр.
Тэдэнд анхан шатны уух, идэх, өмсөх, эрүүл энх өсөж торних, сурч боловсрох улмаар хайрлуулах, өөрсдийгөө сонсгох, хүлээн зөвшөөрүүлэх гээд олон хэрэгцээ бий. Бид энэ удаад хүүхдийн тухай бас нэгэн мартаж болохгүй сэдэв болох боловсрол, тэр дундаа тэгш боловсрол, тэгш боломжийн асуудлыг хөндөж байна.
Сурагчдыг асуултаар өдөөж, сурч боловсроход ямар асуудал тулгарч байгааг нь мэдэхийг хичээв. Ингэхдээ байршил, сургууль, бүтэн овог нэр, зураг нийтлэхгүй гэдэг дээр тохиролцсон юм.
14 настай хүү: Сайн дронтой байгаль хамгаалагч болно
Түүний мөрөөдөл байгаль хамгаалагч болох. Бас дрон, цэнэг нь амархан дуусдаггүй сайн утастай болоод нутгаа хамгаалж эндээ амьдарна гэлээ. Тэр англи хэл сурчихвал хамгийн сайн утас, хамгийн сайн дроны тухай мэдэж авах боломжтой гэж боддог. Зун хотод очсон. Тэндхийн хүүхдүүдийн мэдлэг аймаар. Надаас жаахан хүүхдүүд хүртэл технологийн талаар илүү мэдлэгтэй. Заримдаа өөрөө мэдэхгүй болохоор ярихаас ичиж байсан. Би хичээлээ сайн хийдэг ч тэр талын мэдлэгтэй болох боломж манай энд байхгүй гэж ярилаа.
15 настай, эмэгтэй: Хангалттай дататай бол хүссэн мэдээллээ авна
Б.М 15 настай, эмэгтэй. Баруун аймгийн алслагдсан сумын ахлах ангийн сурагч. Шүдний эмч болох мөрөөдөлтэй. Сонгон суралцах хичээлүүдээ сонгочихсон. Түүнтэй мөрөөдлийг нь бас суралцаж хөгжихөд юу хэрэгтэй байдаг талаар хөөрөлдөхөд “Интернэттэй л бол илүү гоё. Хангалттай дататай бол интернэтээс хүссэн мэдээллээ авна. Мэргэжлийнхээ чиглэлээр гүнзгийрүүлж судална. Бас цахим номнууд байдаг гэсэн. Би дата хэрэг болохоор аав, ээжээсээ мөнгө авч, утсаа цэнэглэдэг. Хязгааргүй хэрэглэх боломжгүй учраас хүчинтэй хугацаанд нь хэрэглээгээ зохицуулдаг.” гэв.
16 настай эмэгтэй: Англи хэлний багшгүй болохоор гүнзгийрүүлж сурах боломжгүй
Нийслэлийн захын хорооллын ЕБС-ийн 16 настай сурагч “Гадаадын хүүхдүүдийг харахаар урлаг, спортын төрлийг төгс эзэмшсэн байдаг. Хүүхдүүдийн өөрсдийн сонирхол, тэвчээрээс гадна хэрэглэгдэхүүн, багшийн заах арга барил арай өөр байдаг болов уу гэж би боддог. Бас тэгж төгс хөгжихийг хүсдэг. Бас манай сургуульд гадаад хэлний багш байхгүй болохоор гүнзгийрүүлж суралцах боломжгүй байна. Мэдээллийн технологийн танхимын компьютер хүрэлцээ муутай. Номын санд англи хэлний ном бараг байхгүй. Суръя гэсэн хүсэл их байгаа ч суралцах боломж нь хязгаарлагдмал тул мөрөөдөхөөс цаашгүй. Харамсалтай нь зарим хүүхдүүд боломжийг ашиглахгүй цагийг өөр зүйлд зарцуулдаг.
Хүүхдүүд хэнийд, хаана төрж, өсч байгаагаасаа хамаарч боловсрох, хөгжих, мэдэх эрхийн ялгаа их байна. Үүнийг боловсролын тэгш бус байдал гэж үздэг.
-Боловсролын тэгш бус байдал өндөртэй орнуудад хүчирхийлэл гарах магадлал хоёр дахин их-
Боловсролын тэгш бус байдал өндөртэй орнуудад хүчирхийллийн мөргөлдөөн гарах магадлал хоёр дахин нэмэгдэж байна гэсэн дүгнэлт судалгааг ЮНИСЕФ танилцуулж байсан. Харин манай улсад боловсролын тэгш бус байдлын талаарх томоохон судалгаа байдаггүй. Энэ асуудлаар эрдэмтэн багш нар өөр өөрсдийн чиглэлээр хийсэн шинжилгээний үр дүнгээ танилцуулах нь хаа нэгээхэн. Мөн ерөнхий боловсролын үр дүн нь хүүхдүүдийн эцэг эхийн нийгмийн байдлаас хамаарч байна гэх агуулгаар хөндсөөр өдийг хүрсэн. Боловсролын тэгш бус байдлын ялгааг нийгмийн бүтцийн нөхөн үйлдвэрлэл шударга бус, нээлттэй нийгмийн суурь зарчим алдагдсан, тэгш бус байдлыг бууруулах төрийн бодлого оновчгүй гэх мэтээр оношилсоор ирлээ. Тогтолцоог, үйл явцыг шүүмжлэх хэзээд амархан. Харин тэгвэл одоо боловсролын тэгш бус байдлын асуудал дээр та, би, бид өөрсдөө юу хийж чадах вэ гэдэгт анхаарах цаг нэгэнт иржээ.
-Тэгш гараанаас эхлэх боломжийг өөрсдөөсөө хайя-
Тэгэхээр үр хүүхэд, ирээдүйнхээ төлөө боловсролын тэгш бус байдлыг тэгш боломж, нэг гараанаас эхлүүлэхийн тулд дуу хоолой, оролцоогоо нэгтгэе. Сумын төвийн сургуулиас дэлхийн боловсролд хөл тавьж буй тохиолдлыг нэмье. Боловсрол эзэмших гэж хичээж байгаа ч боломж нь хомс байгаа газар хүрч үйлчилье. Butterfly effect буюу байгууллагууд боловсролын тэгш бус байдлыг бууруулахад өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр санаачилга гарган нэгдэе. Нийгмийн тэгш бус асуудлын үндэс нь боловсролын тэгш бус байдлаас үүдэлтэй. Ялгаатай гараанаас эхэлсэн учир тэгш бусын асуудал үүсэх нь гарцаагүй. Тэгвэл тэгш гараанаас эхлэх боломжийг хэн хүнгүй өөрт байгаа боломжоороо цэнэглэвэл ирээдүйдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм.
Тэгш бус байдлыг тэгш боломж болгохын тулд, ирээдүйгээ нэг гараанаас эхлүүлэхийн өөрсдөөсөө эхэлье.