Нэг дороос | ХЗБХ: ҮХЦ-ийн дүгнэлтийг 100 хувийн саналаар хүлээн авсангүй
Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2023.10.03/ хэлэлцэж байна.
ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаанаар,
- Үндсэн хуулийн цэцийн гишүүн
- Улсын ерөнхий прокурор
- Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохын өмнө УИХ-дээр сонсгол зохион байгуулах нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна.
Харин
- ШЕЗ,
- ШСХ-ны шүүгч бус гишүүн,
- АТГ-ын дарга, дэд даргыг томилохдоо нэр дэвшигчийн сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн билээ.
УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Г.Ганболд товч танилцуулга хийх үеэрээ Дунд суудлын хуралдаан оролцоогүй шалтгаанаа дараах байдлаар тайлбарлалаа: УИХ -ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр жилийн өмнө томилогдсон. Цэц хуралдаан зарлахадаа урьд өдөр нь л мэдэгддэг юм билээ. Есдүгээр сарын 26 нд хурал зарлахдаа урьд өдөр нь буюу 25-нд хэлсэн. Туслахаар дамжуулсан. Гэвч би есдүгээр сарын 26-нд олон улсын хуралд оролцохоор төлөвлөж, онгоцны билет захиалчихсан байсан. Оролцох боломжгүй гэдгээ бичгээр мэдэгдсэн. Гэтэл Цэц дунд суудлын хуралдаанаа хийсэн” гэлээ.
УИХ-ын гишүүн А.Адьшаа: Монгол Улсын төрийн тогтолцооны бие даасан байдал тогтолцоо интитуц, Үндсэн хуульд заасан сорилт биелэх үү гэдэг дээр ирээд байна. Би ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байгаа. УИХ, Шүүхийн тухай хуулийг баталсан. Шүүх эрх мэдэл шүүх бие даасан, хараат бус байх зарчим энэ хуулиар алдагдсан гэж удаа дараа ярьж байгаа. ШЕЗ, ШСХ-ны хараат бус гишүүдийг томилох асуудлын эрх мэдлийг УИХ өөртөө авч ирсэн.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Нэгдүгээрт процессын асуудал. ҮХЦ УИХ-д хангалттай хугацаа өгсөн байна шүү дээ. Жил болсон байна хурлаа хийлгүй. УИХ-ын төлөөлөгч хуралд ямар нэгэн шалтгаанаар оролцоогүй бол цэцэ хурлаа хийж л таарна шүү дээ.
Хоёрдугаарт, гишүүдээ төрийн эрх барьж байгаа институт хоорондын асуудал. Бүх танилцуулгаар нээлттэй сонсгол хийхийг буруутгаагүй байна шүү дээ. Дотор нь ялгачихсан байгаа байхгүй юу. ШЕЗ-ийн гишүүн болохоос өмнө байцаах нь хууль зөрчихгүй гэжээ. Яагаад гэдэг үндэслэлээ тайлбарлачихсан байна. Тэгэхээр шүүхийн хараат бус байдалд халдаагүй гэдэг нь ойлгомжтой. ШЕЗ-ийн гишүүн болсоных нь дараа бид авч ирээд байцаагаад байх юм бол шүүхийн хараат бус байдалд халдаж байна гэсэн үг. АТГ-ын даргыг томилохдоо нэр дэвшигчийн сонсгол хийж болно, яагаад гэвэл томилох бүрэн эрх нь та нарт нээлттэй.
ҮХЦ-ийн гишүүн дээр ньюанстай хандаж байна. Ерөнхийлөгч тэндээ нээлттэй сонсголоо хийчих. Тэнд сонгож шалгаруулсан хүнийг УИХ дээр дахиад шүүгээд байх нь утгагүй. Хэдүүлээ Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн хүнийг томилох, томилохгүйгээ хэлээд явъя. Энэ чиглэлээр бид хуулиндаа засвар хийгээд явах юм бол институт хоорондын балансыг барих тал дээр илүү зөв зохистой гаргалгаа бий.
Шүүгч дээр бас ньюанстай юм ҮХЦ хэлсэн. Шүүгчийг УИХ дээр танилцуулснаар байхгүй юу. Энэ дээр дахиад Үндсэн хуулийн асуудал гарч ирээд байгаа. Зөвшилцөнө, танилцана, томилно гэж юу гэсэн үг юм бэ гэдэг эрх зүйн агуулгын маргаан гараад байна. Тамгын газрынхан үүн дээр ялгаануудыг нь гаргаж байна уу үгүй юу. УИХ төрийн эрх барих дээд байгууллага гэдэг Үндсэн хуулийн заалтын том агуулга нь юу юм гэдэг агуулгын маргаан болж байна.
Хэдүүлээ жаахан нухацтай хандмаар байна. Эрх зүйн агуулгыг нь тайлбарлахгүйгээр, ач холбогдолыг нь тайлбарласан байна. Энэ талаар УИХ-ын Тамгын газрынхан тайлбар өгөөч” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Цэцийн дунд суудлын хуралдаан бүрэн эрх зөрчсөн гэж үзэхгүй байна. Иргэдийн мэдэх эрх нээлттэй ил тод байдлын зарчмаасаа ухрах ёсгүй.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. УИХ ард түмний төлөөллийн дээд байгууллага. Үндсэн хуулийн цэц томилгоонуудыг хаалттай болгох нь зүйтэй гэдэг дүгнэлтийг ойлгохгүй байна. Нээлттэй ардчилсан байх бодлогодоо үнэнч байгаа учраас цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй. Цэцийн гишүүнийг томилгооны сонсголд оруулах асуудалтай холбоотой хуулийн 12 зүйл заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд байсан юм.
Энэхүү дүгнэлтийг УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хурлаар хэлэлцээд 100 хувийн саналаар хүлээн авсангүй.