Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан нарын хооронд үүссэн “том зодоон”-ыг намжааж Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг албан тушаалаас нь буулгалаа
МАН-ын бүлгийн өчигдөр /2023.10.02/ өдрийн хуралдааны дараа Хотын дарга асан Д.Сумъяабазар “Ногоон автобусуудыг авчрах нь Ж.Сүхбаатар сайдын хариуцсан ажил. Би огт оролцоогүй. Хуулиараа оролцох эрх ч байхгүй. Шалгуулаад буруутай гэдэг нь тогтоогдвол хариуцлага хүлээхэд бэлэн” гэж биеэ өмөөрч байв.
Ингэж хэлээд тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өрөө рүү орсон. Гэтэл Ерөнхий сайдтай уулзаж гарч ирснийхээ дараа хоёр цагийн өмнө хэлснийхээ шал эсрэг үйлдэл гаргаж Хотын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь анхаарал татаж байгаа юм.
– НИЙСЛЭЛИЙН МАН-ЫГ Д.СУМЪЯАБАЗАРТ ҮЛДЭЭЖ, ХОТЫН ДАРГААС НЬ ОГЦРУУЛАХААР ТОХИРОВ-
Нөгөө талд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Д.Сумъяабазар нарын хооронд юу яригдав гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Тэгвэл Ерөнхий сайдын хувьд нийслэлийн МАН дээрх Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нарын нөгөө талд Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар нарын нийлсэн том зодооны галыг өчигдрийн уулзалтаар намжааж буй нь ойлгомжтой болж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланийн хамааралтай “Админерал” компанийн тухай мэдээллийг yahoo.com дээр төлбөр төлж нийтлүүлсэн, эргүүлээд “ногоон автобус”-ын асуудлыг сэвсэн зэрэг нь дээрх зодооны нэг хэсэг аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны УИХ-ын сонгуульд Д.Сумъяабазар гэдэг Хотын даргатай орохгүй гэдгээ аль хэдийн шийдсэн байсан гэх. Учир нь өнгөрсөн зуны үер, түгжрэл гээд Хотын даргатай холбоотой бүх ажил МАН-ыг сонгуулиар баллаж мэдэхийг тэр мэдэж байгаа. Тиймээс арванхоёрдугаар сар гаргаад Д.Сумъяабазарыг Хотын даргаас огцруулахаар бэлтгэж байж.
Арванхоёрдугаар сарыг хүлээлгүйгээр өчигдөр /2023.10/02/ Ж.Сүхбаатар сайдтай хамт огцруулахад ч бэлэн байсан бөгөөд нийслэлийн нам дээр фракциудын зодооныг дэвэргэхгүйн тулд түр хүлээхээр байсан ч асуудлыг ийнхүү гэнэт эргүүлсэн байна. Ерөнхий сайдын хувьд Д.Сумъяабазарт Нийслэлийн МАН-ын хороог нь үлдээгээд Хотын даргын ажлаа өг гэдэг тохироог өчигдрийн уулзалтаар хийж. Одоо процесс яаж үргэлжлэх вэ. Д.Сумъяабазар Хотыг өөрийнхөө хүнээр удирдуулна, хөшигний ард өөрөө байна гэх мэдээлэл байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.2.4-т заасанчлан “Засаг дарга өөрөө өргөдлөө өгсөн” тохиолдолд Ерөнхий сайд өөрийн санаачилгаар огцруулах шийдвэрийг гаргана гэж заасан байдаг. Харин дараагийн хотын даргыг 15 хоногийн дотор НИТХ дахь МАН-ын бүлгээс нэр дэвшүүлэх юм. Шинэ хотын дарга томилогдтол Нийслэлийн Засаг даргын орлогч түр орлон гүйцэтгэдэг.
-“ТЭНҮҮН-ОГОО” ХХК-ИЙН СҮҮЛИЙН 12 ЖИЛИЙН АЖЛЫГ ШАЛГАНА. ТУС КОМПАНИЙГ САНХҮҮЖҮҮЛДЭГ БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГИШҮҮДИЙГ МӨН ШАЛГАНА-
Хүн нь явсан ч асуудал нь үлдэнэ гэдгээр ногоон автобусны тендерийг цуцлах, буцаах, төлбөрийг олж авах, дараагийн парк шинэчлэлтийг эхлүүлэх гээд бүх ажил одоохондоо эзэнгүй үлдэж байна. Үнэн нь “Тэнүүн-Огоо” ХХК-ийнхан хуулийн байгууллагад үргэлжлүүлэн шалгагдах нь. “Ногоон автобус”-тай холбоотойгоор “Тэнүүн-Огоо” компанийн А.Ганхуяг болон тус компанийн захирал асан Ж.Эрдэнэбат, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарын дөрвөн хүнийг хуулийн байгууллагын хамтарсан Ажлын хэсгээс түр саатуулсан.
Тус компанийн ард УИХ-ын дарга асан З.Энхболд болон сайд асан Х.Бадамжунай мөн УИХ-ын хоёр гишүүн байгаа бөгөөд бүгдийг нь шалгахаар хуулийнхан ажиллаж эхэлсэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Тэнүүн-Огоо” ХХК-ийн сүүлийн 12 жилийн үйл ажиллагаа руу орох аж.