Г.Эрдэнэбат: Бидний тархийг ингэж угаадаг

0

Хуульч Г.Эрдэнэбатын “Логик төөрөгдөл бидний амьдралд, улс төрд” сэдвээр ярихыг сонслоо. Түүний илтгэлийг тоймлон хүргэе.

-Миний санаа зовдог зүйл тархи угаалт. Бид өдөр тутмын амьдралдаа бие биенээ мангартуулж, төөрөгдүүлж байдаг. Энэ төөрөгдөл сэтгэцийн зүй тогтолд тулгуурласан шинжтэй ч байна. Логикийн алдаан дээр ч тулгуурлана. Эсвэл зүгээр л бидний бодохоос залхуурдаг байдал дээр, хүссэнээрээ байлгах гэдэг сонирхол дээр маань дөрөөлж байдаг.

Ер нь хүн байгалиасаа өөрийгөө хамгаалах зөнтэй. Охин маань таван настай. Дүү нь дөрөвтэй.  Тэрсхэн болохоор юмаа байнга булаацалдана. Эгч бол дүүг “будаа” болгоно, зодно. Дүүгийн тархи хөдөлнө. Нэг өдөр нөхөртэй нэлээд хатуухан ярихаар дуудлаа. “Нааш ир чи. Чи одоо яагаад муу дүүгээ зодоод байдаг юм бэ. Тархи толгой нь хөдөлчихлөө” гэсэн чинь “Харин тийм ээ, миний юмыг аваад бүр уур хүргээд, би тэсэхээ болиод  тайвшрах гээд зураг зурлаа ш дээ, аав. Тэгээд эрвээхэй зураад, ягаанаар будчихсан” гэнэ. Би зургийг нь харлаа. “Эрвээхэй бол эрээн байдаг л даа. Гэхдээ чиний энэ ягаан арай л биш ээ, байгалийн өнгө биш” гэсэн чинь .Тэгвэл ийм гээд зургаа яриад, яриа дууслаа.  Гэнэт би юу ярьж эхэлсэнээ санаад “Хүүш, нөгөө дүү зодсон асуудлаа яръя” гэсэн чинь “Аав тэр тухай яриад дуусчихсан биз дээ, март март” гэж байна.

Ер нь хүн төрлөхтөн бие биенээ ингэж аргалдаг юм байна гэдгийг нэлээд дээр тодорхойлчихсон юм л даа.

Энийг шинжлэх ухаанд логикийн төөрөгдөл гэдэг юм. “Улаан загасны арга” гэж нэрлэдэг. Би бол хүүхдээ дасгалжуулаагүй. Ээж нь яасан юм гэхээс. Ер нь хүн зөнгөөрөө ийм зальтай байхгүй юу. Би одоо “Улаан загас”-ны аргаар энэ нөхрийг аргалъя даа гэж охин маань бодоогүй шүү дээ. Гэхдээ хүн цаанаасаа ийм өгөгдөлтэй байдаг.

Би сая амьдралын жижигхэн тохиолдол ярьж байгаа юм.

Бид ийм тархи угаалтан дунд явж байдаг. Эртүүд нэг сэтгүүлч асуулаа. Хөдөө аж ахуйн яамны залуугаас  “Энэ салбарт вакцины мафи үүсчихсэн юм биш үү. Та нар вакциныг тендергүй хуйвалдаж олгосоор байгаад,  шүлхий  гарвал вакцин тасарчихсан гэж мэдээлэл авлаа л даа. Үнэхээр шүлхийгийн вакцин тасарчихсан юм уу” гээд л асуулаа. Хөдөө аж ахуйн яамны газрын дарга хариулах хэрэгтэй боллоо. “Үнэхээр вакцины асуудал маш чухал. Бид мал сүргээ эрүүл байлгахын  тулд вакцины нөөцтэй байх ёстой. Тендерийг хугацаанд нь зарлана. За үүнээс гадна  өвс тэжээлийн асуудал тулгамдаж байна. Өвөлд бэлтгээд бид Хөвсгөл, Завхан аймагт….” гээд явсан нөгөө сэтгүүлч “Уучлаарай Хөвсгөлд хэдэн тонн гэнээ… ” гээд явчих жишээтэй. Ахиж вакцины асуудал яригдаагүй.

 2000-3000 жилийн өмнө философичид  “Хүмүүс үндсэн сэдвээсээ хазайж, урдаа байгаа асуудлыг шийдэж чадахгүй, төөрөлддөг юм байна. Хүмүүс бие биенээ төөрөгдөлд оруулдаг арга залийг мэдэж байх ёстой” гэж  ярьж байсан. Тэр арга залиас сэргийлэх талаар бие биедээ захиж ярьсаар ирсэн.

Гэтэл хоёр мянган жилийн өмнө бие биедээ хэрэглэж байсан аргыг өнөөдөр ч хэрэглэсээр л байгаа. Том зургаар нь харвал бид өдөр болгон аймаар бухимдмаар сэдэв сонсож, уурлаж амжаагүй байтал дараагийн сонирхолтой сэдэв сонсоод жаргаж, түүний дараагийн сэдэвт бухимдаж яг гараад жагсах гэж байтал өөр сэдэв ундраад гарч ирдэг. Бид ингэж л амьдарч ирсэн.

Авлигын ноцтой хэргийн тухай мэдээлэл гарлаа. Гурав хоногийн дотор бушуухан шиг 60 сарнайн асуудал гаргаад мартуулдаг.   Ингээд нэг сэдвээс дараагийн сэдэвт шилжиж явна.

Хүүхдийн жижигхэн заль яах вэ, хөөрхөн  байна л даа.

Гэхдээ бид яг ийм жижигхэн заль мэхэнд нийгмээрээ төөрч явдаг. Зөвхөн Монголд ч бус дэлхий даяар бие биедээ хэрэглэдэг аргууд.

Бид дандаа ийм гол сэдэв бус гуйвуулсан сэдэв дээр “зодолдоод”, өдий хүрч байна.

Өнгөрсөн жил бид юун дунд амьдрав гээд хайгаад үзвэл сэтгэл түгшээсэн нийгмийн асуудал, дараа нь сонирхолтой гэр бүлийн хэрүүл, маш аюултай авлигын ноцтой гэмт хэргийн тухай, эдийн засгийн хямралтай асуудал, түүний дараа 60 саяын сарнай ч гэдэг юм уу гарч ирсэн байх жишээтэй.

Бид ингэж л амьдарч байна.

Бид бие биенээ ингэж аргалдаг. Өнөөдөр аливаа чухал сэдвийг дампууруулж хаядаг,  монголчуудын хамгийн гаршсан арга бол хүнийг нь доромжлох. “Чи одоо хэн бэ?”,  “Энэ сэдвийг ярьдаг хэн бэ?”, “Очиж очиж чи ч юув дээ” гэдэг. Хэн нэг хүн чухал асуудал яривал тэрний ямар муу, муухай хүн болох талаар яриад сэдэв байхгүй болгодог.

Эмэгтэйчүүдийн  улс төр дэх оролцооны асуудлаар олны танил нэг эмэгтэй асуудал дэвшүүлж байна аа.   Гэтэл “Дөрвөн өөр эцгийн дөрвөн хүүхэдтэй хүүхэн. Тэр одоо гэртээ хүүхдээ хараад л байж байна биз дээ. Юун том том юм яриад яваа юм” гээд болоо.

Монголын нийгэмд ярьсан асуудал нь сонин биш. Харин нөгөө эмэгтэй “Би дөрвөн өөр эцгийн дөрвөн хүүхэдтэй биш. Нэг эцгийн дөрвөн хүүхэдтэй” гэдгээ нотлох гээд “алаан” болоод дуусч байгаа юм.

Бид  ч дэвшүүлсэн асуудлыг нь мартчихсан, “Дөрвөн эцгийн хүүхэдтэй юм уу” гээд нийгэм тэр чигээрээ энэ сэдвээр яриад дууссан.

Хэн нэг хүний яриаг үнэгүйдүүлье. Хөндсөн сэдвийг нь  болиулъя гэвэл  ярьсан хүнийг нь доромжилчихдог.  “Манай Болдоо л хэлсэн болохоос биш уул нь үнэн л дээ”. “Болдоо ч нээрэн сайхан гар шүү” гээд гүйцээ.

“Улаан загас”-ны  хөгжсөн хэлбэрийг бас ашигладаг.

Үүнийг “Мануухай”-ны арга гэдэг.

Хэлсэн үгэн дээр нь жаахан засвар хийгээд хэлээгүй юмыг нь хэлсэн болгоод бүүр байхгүй болгодог. Угаасаа аягүй тэнэг юм ярина. Тэгэнгүүт нь түүнийг нь бүр сайхан мушгиад  бүүр тэнэг болгоно. Энэ бол манай сошиалынхны сонгодог арга.

Ер нь хүн  олонтойгоо байх дуртай. Сүрэг дотроо байвал амьд үлдэнэ. Олон дундаа байвал осолгүй учраас хүн нийтийг дагадаг. Үүнийг нь ашиглаад “Бүгдээрээ ингэж бодож байна. Чи яах вэ” гэж асуухаар хүн бүгдтэй адилхан бодолтой байхыг хүсдэг.

Манай ажлын газрынхан нэгнийхээ төрсөн өдрөөр мөнгө цуглуулж байна аа. Байгууллага бүрт мөнгө цуглуулдаг нэг эмэгтэй байдаг даа. Тэр хүүхэн маань ирээд “Эрка ах аа, мөнгөө нийлүүлж байна“ гэхээр нь “Хүмүүс хэдийг өгч байна” гэсэн чинь “50 мянгыг л өгч байна” гэлээ. За яах вэ гээд өгчихлөө. Гэтэл цаашаа явснаа “Эрка ах 50-ийг өглөө” гэж зарлаж байна шүү. Эхнийх нь би байж.

Үүнийг “Бие биенээ дагах үзэгдэл” гэдэг.

Энэ байдлыг улстөрчид ашигладаг. Бүгд тэгж бодож байна. Ард түмэн дургүй байна. Олон нийт эгдүүцэж байна. Ард түмний хайртай хүү.

Сонгуулийн өмнө гоё судалгааны дүн явж байдаг. Улстөрчдийн рейтингийг судалсан чинь тэрнийх тэд байлаа. Тэгж судалдаг гэж бодож байна уу. Зүгээр л олонхи нь энэ хүний талд байна шүү гэдгийг чамд хэлж байгаа юм.

Хүмүүс бие биенээ дагаж барааддагийг бүүр олон жилийн өмнөөс ашиглаж байсан.

Бид коммунист улсад байсан болохоор ийм дүр зургийг сайн санаж байж магадгүй. 1914 онд Оросын зураач зурсан. “Чи арай ганцаараа үлдчихсэн юм биш биз? Иргэний дайнд бүгд явж байхад чи арай сайн дурынханд бүртгүүлээгүй юм биш биз дээ гэсэн асуулттай зураг.

Дараа нь энэ санааг англи, америкчууд дуурайгаад, дэлхийн дайны үеэр ч ашигласан. Бид маш олон удаа яг энэ аргад ашиглагдсан. Ард түмний хайртай хүү, дуртай баатар гарч ирээд, түүнийг бүгд хайрлаж байгаа тухай яриад эхлэхээр яг үнэндээ юу явж байдаг гэхээр  чамаар тэр хүнийг хүндлүүлэх гэж байгаа юм.

Нэг удаа манай найз загнаж байна аа. “Чи одоо болиоч дээ. Ханиад хүрчихээд гэрийнхэндээ халдаагаад, танайхан дундаас охин дүү чинь сул биетэй. Тэр одоо  аймаар хүнд тусаад хичээлдээ явж чадахгүй. Хэд хоног гэртээ хэвтээд сургуулиасаа хасагдана. Чи л наад хүүхдээ насаараа чирч явах нь байна шүү дээ. Ханиадаа хурдан эмчлүүл”.

Инээдтэй сонсогдож магадгүй. Гэхдээ бид яг ийм сүртэй яриаг байнга сонсдог.

Амьдрал үхлийн зааг дээр. Ингээд тэгээд дараа нь бүүр аймаар юм болоод. Хүн угаасаа болзошгүй аюулаас эмээдэг. Монгол Улсын хамаг баялаг гадагшаа урсаад, цөмөөрөө турж үхэхийн ирмэг дээр байлаа шүү дээ, саяхан. Ингэж тархи угаадаг. Үүнтэй төстэй бас нэг төөрөгдлийн хэлбэр байдаг. Би үүнийг монгол хэл дээр “Ацан шалаа” гэж орчуулсан. Хэрэв та хэвлэлээс нийтлэл уншвал дандаа л Монгол Улс орших эс оршихын заагт ирсэн тухай өгүүлнэ.Тэр нь үнэн хэрэгтээ нэг үйлдвэрт шинэ дамжлага нээх эсэх тухай л асуудал байдаг.

Төрийн худалдан авалт хийхэд хоёр компанийн нэгийг шалгаруулах болоход тэр нь Монгол Улс  оршин тогтнох эсэх  асуудал болж хувирна.

Тодорхойгүй зүйлээс айх айдас бүгдэд байдаг учраас үүгээр нь далимдуулаад бидний тархийг угааж байдаг.

Хувийн асуудал шийдэхэд логик төөрөгдөлд орох асуудал гардаггүй.

Яагаад гэвэл түүнд олон хүний оролцоо байхгүй. Чамд нөлөөлөх сонирхол бага.

Чи энэ сургуулийг сонгохгүй бол тэгээд л үхнэ гэж ярих асуудал байхгүй. Гэтэл нийгмийн асуудал шийдэх болоод ирэхээр өөр болж хувирна. Нэг нөхөр засгийн эрхийг баримаар байдаг. Өөр нэг этгээд булаацалдаад байдаг. Яг энэ үед намайг дэмжих хүмүүс олонх болох ёстой. Ийм л үед төөрөгдлийг ашиглаж, нийгмийг дагуулахыг хичээдэг.

Ийм үед бид зорилготой тархи угаалтад өртдөг.

Соёлжиж иргэншсэн, аливаа юмыг ухаж боддог нийгэмд хүмүүс нь хөнгөхөн хэлбэрийн тархи угаалтад орохоо больдог. Бидэнд хэрэглэж байгаа шиг арай ч ийм ядарсан аргаар бусад улсын сонгогчид сонголт хийдэггүй.

Харин манайхан амархан “тонгоруулчихаад” байгаа юм.

Бусад улсын хэвлэл үүний төлөө ажилладаг. Хүн юм ярихаар энэ үнэн ярилаа. Худлаа ярилаа. Төөрөгдүүлэх арга ашиглалаа гээд ярьж байхад манай хэвлэлийнхэн нөгөө тархи угаалтыг нь цацчихсан сууж байдаг. Худалдагдсан хэвлэлүүд биднийг логик төөрөгдөлд оруулах зүйлийг улам баяжуулаад цацаад байгаа юм.

Өөрийнхөө санаа бодлыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хүндтэй хүнийг ашиглах, дурдах арга бий. Б.Чимэд багш ингэж хэлсэн гэдэг. Б.Чимэд багш ингэж  хэлсэн ч юм уу үгүй ч юм уу.
Нэг хэсэг хамаг ухаантай үгийг Д.Сүхбаатар хэлсэн байдаг.

Ерээд он гарахад хамаг ухаантай үгийг Чингис хаан хэлсэн байдаг болсон.

Хүндэтгэл хүлээсэн хүнд дулдуйдаж үзэл бодлоо тулгадаг арга ч байна.

Хүмүүсийн бодох дургүй, залхуу байдлыг ашиглаад, маниусын тархийг ганган угаадаг. Монгол банкны ерөнхийлөгчөөр Лхагвасүрэн гэж хачин юмыг томилсон чинь долларын ханш суга өсчихлөө л гэдэг.   Дэлхий нийтээрээ өсч, буугаад байгаа долларын ханшийг Лхагвасүрэн гэж хүн ямар ид шидтэй болохоороо шийддэг юм бэ. Тэр Засгийн газар гарч ирээд эдийн засаг сайжирчихлаа, энэ албан тушаал дээр очоод, бүх юм сайхан боллоо. Эсвэл бүх юм баларлаа гэж ярьдаг. Үгүй ш дээ хөөрхий амьтан. Тэр долларын ханш өсч байх үед энэ ажлыг хийж таарсан л хүн.

Үүнтэй адилхан бас нэг зовлонтой төөрөгдлийг бид байнга туулж байдаг.

Хүн тийм байгаасай гэсэн хүслээр л ханддаг.

“Би тэр хүнийг дэмжихгүй, сонин үстэй” гэдэг. Яагаад тэр хүний үс тухайн хүнтэй үзэл бодол нийлэх, эс нийлэх шалтгаан болчихов.

Ихэнхи тохиолдолд хүмүүс хүсч байгаа зүйлээ үнэн байлгахыг хичээдэг. Итгэхийг хүсч байгаа баримтуудаа л цуглуулна. Дургүй хүнийг маань муу хэлсэн хүн болгоныг түүж уншсаар байгаад “Хүмүүс бүгдээрээ дургүй байна шүү дээ” гэж ярьдаг. Яг л ийм л юм болсон байж таарна, тэгж л таараа гэдэг. Үүн дээр нь улстөрчид “дөрөөлдөг”.

2008 онд улс төрийн сонгууль боллоо. АН-ынхан  аягүй мундаг хөтөлбөр дэвшүүллээ. Яг үнэнийг хэлэхэд олон түмний саналыг худалдаж авч байгаа юм л даа.

Тэрийгээ “Эрдэнийн хувь” гэж нэрлэсэн. Байгалийн баялагаас  хүн болгонд хувь хүртээж,  нэг сая төгрөг өгөх бололцоотой. Эсрэг намын ерөнхий менежер С.Баяр наадах чинь ямар ч бололцоогүй гээд тооцоо судалгаа яриад байсан. Хүмүүс сая төгрөг авчихмаар байгаа байхгүй юу. “Энэ бараг үнэн байх аа” гээд болдоггүй. Хүмүүс эрүүл ухаанаар хандахаасаа илүү ийм байгаасай гэсэн хүсэлдээ захирагдаж байгаа С.Баяр ойлгоод, яг сонгуулийн сурталчилгаа дуусахаас гурав хоногийн өмнө “Бид сая 500 мянгыг өгнө” гэж зарласан. Тэгээд Ардын нам ялчихсан шүү дээ.

Хүн хүсч байгаа зүйлдээ л итгэдэг.   Бодит байдал юу вэ. Асуудалд яаж хандах ёстой вэ гэдгийг бодохгүй бол бид яг ингээд тархиа угаалгана.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *